Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ / Шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт
Шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх зохицуулалт
2024-10-08

ЗАХ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ 

Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2019 онд батлагдаж 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хууль батлагдан гарснаар өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн үндсийг хуульчлан тогтоосон.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хуулийн зорилт, 5 дугаар зүйлээр тодорхойлсон зарчим, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тоо тогтоох, тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох, тусгай зөвшөөрлийг сунгах, нэмэлт, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хууль тогтоомж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, холбогдох дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах замаар өргөн нэвтрүүлгийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо нь өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн шударга өрсөлдөх нөхцөл байдлыг бүрдүүлж, жил бүр үнэлэлт, дүгнэлт гаргаж ажиллах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Түүнчлэн “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хэт төвлөрөл үүсэхээс сэргийлэх журам”-ын 3.13-т “Зохицуулах хороо нь жил бүрийн статистик тайлан мэдээ, судалгаанд үндэслэн Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ба энэ талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлнэ” гэж заасан.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 2022 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон жилийн эцсийн статистик тайлан, мэдээ, эзэмшлийн талаарх мэдээлэл, судалгаанд үндэслэн хийсэн үнэлэлт, дүгнэлтийг нээлттэй мэдээлэл болгон танилцуулж байна.