Зөвшөөрлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болж 01 тоот дүгнэлтийг баталсан бөгөөд уг дүгнэлтийн 1.2-т заасны дагуу зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцаа зохицуулж байгаа захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасаж, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор холбогдох мэдээллийг ирүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд даалгасан.
Хууль зүй, дотоод хэргийн яам Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан захиргааны хэм хэмжээний актуудыг хянаж тус хорооны 10 захиргааны хэм хэмжээний актад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой харилцаа байна хэмээн дүгнэж, холбогдох арга хэмжээ авч хүчингүй болгох тухай албан бичгийг ирүүлсэн бөгөөд тус хорооны зүгээс баталсан бүх баримт бичгүүддээ үзлэг хийж 6 захиргааны хэм хэмжээний актыг бүхэлд нь, 8 захиргааны хэм хэмжээний актын 82 заалтыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь зөвшөөрлийн хүсэлтийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуульд хүсэлтийг 22 хоногт шийдвэрлэхээр заасныг тус хороо 9,2 хоногт, зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг 8,4 хоногт тус тус багтаан шийдвэрлэн ажиллаж байна.