Хуулийн дагуу өргөн нэвтрүүлгийн телевизүүд жилд 90 болон түүнээс их цагийг балчир насны буюу 3-аас дээш насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэгт зарцуулах ёстой. Гэтэл 2022 онд энэ үүргээ биелүүлсэн ердөө хоёр телевиз (TM, Edutainmet TV) байна.
Өргөн нэвтрүүлгийн нийт 18 телевиз үйл ажиллагаа явуулж байгаагаас долоо нь (C1, SBN, TenGer, Eagle News, Star TV, TV8, TV9) жилийн хугацаанд нэг ч минутыг дээр заасан насны хүүхдүүдэд зориулаагүй байна.
Мөн бага нас буюу 6-аас дээш, өсвөр нас буюу 12-оос дээш насны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг жилд 130 цаг байх ёстой. Гэтэл энэ заалтыг сахисан ердөө дөрвөн телевиз (NTV, SBN, Edutainment TV, TV8) байна. Харин Central TV, TenGer, Eagle news гэсэн гурван телевиз тухайн насны хүүхдүүдэд нэг ч минут зориулаагүйг мониторинг харуулжээ.
Хүүхдэд зориулах ёстой цагийг жилийн дунджаар тооцож үзвэл өдөрт ердөө 15 минутыг 3+ насны хүүхдүүдэд, 22 минутыг 6+ насны хүүхдүүдэд зориулахад жилийн 90 болон 130 цаг болж үүргээ биелүүлэх юм.
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хуульд
- радио давтамж ашиглан сүлжээ байгуулж, хэрэглэгч хүлээн авах төхөөрөмж ашиглан радио, телевизийн үйлчилгээг тодорхой хүрээнд үнэ төлбөргүй хүлээн авах боломжоор хангах үйлчилгээг
- өөрийн редакцад хөтөлбөр бэлтгэн харилцаа холбооны сүлжээнд холбогдож, олон нийтэд түгээх үйлчилгээг
- утастай, утасгүй, хиймэл дагуулын сүлжээгээр, интернэт протоколд суурилж радио, телевизийн олон сувгийг хэрэглэгчид гэрээний үндсэн дээр дамжуулан хүргэхийг хэмээн заасан.
Өөрөөр хэлбэл Өргөн нэвтрүүлгийн телевиз гэдэг нь олон талт хөтөлбөртэй, олон суваг дамжуулах үйлчилгээ болон радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээгээр заавал дамжих ёстой арилжааны телевизийн үйлчилгээ юм.
Харин бусад телевизийг арилжааны гэх бөгөөд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхлэх радио, телевизийн үйлчилгээг хэлнэ. Өргөн нэвтрүүлгийн телевизүүд бусад арилжааны телевизүүдээс давуу эрх эдэлдэг ч илүү хариуцлага хүлээдэг тогтолцоотой билээ.
Эх сурвалж: www.Gogo.mn-ны бэлтгэсэн нийтлэлээс...