Монгол Улс 1990-ээд оны эхээр өөрчлөлт, шинэчлэлтийн бодлого хэрэгжүүлж, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжих үйл ажиллагаа эхэлсэн, олон улсын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан харилцаа холбооны салбарын бодлого, зохицуулалтын үйл ажиллагааг зааглах, улмаар салбарыг зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, өрсөлдөөнийг нэвтрүүлэх, төрийн монополийг задлах зэрэг шаардлага гарч ирсэн билээ.
Иймээс харилцаа холбооны зохицуулах байгууллагын эх суурийг тавьж, 1995 оны 10 дугаар сард Дэд бүтцийн Сайдын тушаалаар Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөл (ХХЗЗ) нэртэйгээр байгуулагдаж, 1995 онд батлагдсан “Харилцаа холбооны тухай хууль”-д заасан чиг үүрэг, эрхийг хэрэгжүүлж байсан. ХХЗЗ-ийн анхны даргаар Г.Лантуу, орон тооны бус зөвлөлийн 9 гишүүнтэй байжээ. Тус зөвлөл нь 1995-2001 онд хууль, холбогдох дүрэм журамд заасан тодорхой асуудлаар мэргэжлийн зөвлөмж дүгнэлт гаргах, аргачлал дүрэм журам батлах, Дэд бүтцийн сайдад зөвлөх чиг үүрэгтэй ажиллаж байсан болно.
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийг 2001 оны 11 дүгээр сард УИХ-аар шинэчилэн баталсан бөгөөд тус хуулийн Хоёрдугаар бүлгийн 8 дугаар, 9 дүгээр зүйлд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны бүрэн эрх, чиг үүргийг зааж өгсөн болно. Ийнхүү Монгол Улсад бие даасан Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) байгуулах эрх зүйн орчин бүрджээ. Тус хорооны анхны даргаар Ч.Энхмэнд томилогдон ажиллаж байжээ.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2002 онд шинэчилэн байгуулагдснаас хойш хуульд заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрх, бие даасан байдлаа хэрэгжүүлэхдээ мэдээллийн технологи, интернэт, харилцаа холбоо, радио телевиз, шуудангийн салбарт төрөөс баримтлах бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хүрээнд шинэ дэвшилтэт техник технологийг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт нэвтрүүлэх, эрх зүй, эдийн засгийн оновчтой зохицуулалтаар хангах, иргэдэд хүргэх төрийн болон мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэглээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, хүртээмжийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.
ХХЗХ нь Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль”, “Шуудангийн тухай хууль”-д заасан дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Үүнд:
- Харилцаа холбооны талаар төрөөс баримталж буй бодлогын талаар санал боловсруулах, эрх бүхий байгууллагыг мэдээллээр хангах
- Харилцаа холбооны талаар баримталж буй бодлогын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих, гэрээ байгуулах
- Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах
- Сүлжээ хооронд харилцан холболт хийх гэрээний ерөнхий нөхцөл, орлого хуваарилах журмыг батлах
- Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлалыг батлах, зах зээлд давамгайлж буй үйлчилгээний тарифыг хянах
- Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн хэрэгжилтийг хангуулах
- Харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих
- Сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Радио давтамжийн зурвасыг хуваарилах, хяналт тавих
- Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хувь хэмжээг тогтоох
- Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх.
- Хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.