Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1 Харилцаа Холбооны Зохицуулах Хороо(цаашид Зохицуулах хороо гэнэ)-ны үндсэн зорилго, үйл ажиллагааны хүрээнд холбогдох хууль дүрэм, журам, нөхцөл шаардлагын хэрэгжүүлэлт, биелэлтийн талаар Зохицуулах Хорооны цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл (телевиз, радио, сонин, сэтгүүл, цахим хуудас)-ээр мэдээлэх, сурталчилах болон хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй хамтран ажиллах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Энэхүү журам нь Монгол Улсын Үндсэн Хууль, Харилцаа холбооны тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Зохицуулах хорооны дүрэм, Зохицуулах хорооны хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн байна.
1.3 Зохицуулах хороо нь олон нийттэй харилцах мэргэжилтэнтэй (цаашид ОНХМ гэх) байх бөгөөд олон нийттэй харилцах мэргэжилтний үндсэн зорилт нь Зохицуулах хорооны үндсэн үйл ажиллагаа болон хорооны тогтоол, шийдвэрийг олон нийтэд түгээх, сурталчилах хурал, семинар, хэвлэлийн бага хурал зохион байгуулах болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай идэвхтэй хамтын ажиллагаа тогтооход чиглэгдэнэ.
1.4 Төрийн нууц болон байгууллагын нууцад хамаарахаас бусад Зохицуулах Хорооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг нийтэд нээлттэй, шуурхай, бодитой, үнэн зөв хүргэх ажлыг ОНХМ албадуудтай хамтран эрхлэн гүйцэтгэнэ.
Хоёр. Зохицуулах Хорооны мэдээлэл болон түүнийг хэрэглэгчдийн ангилал
2.1 Зохицуулах Хорооноос түгээх мэдээллийг зохицуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, хорооноос батлагдан гарсан тогтоол, шийдвэрийн мэдээлэл, салбарын статистик үндсэн үзүүлэлтийн мэдээлэл гэж гурав ангилна.
2.2 Зохицуулах Хорооны зохицуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэлд зохицуулалтын шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, мөн дээрхтэй холбогдуулан авсан арга хэмжээний талаарх мэдээлэл, төлөвлөгөөт ажлын явц, хэрэгжилтийн тайлан, мэдээлэл, санхүүгийн тайлан, гадаад арга хэмжээний ажлын хэрэгжилт, цаг үеийн мэдээ мэдээлэл, олон нийтийн хэлэлцүүлэг, уулзалт ярилцлага, мэдэгдэл, хэвлэмэл мэдээлэл зэргийг хамруулж ойлгоно.
2.3 Зохицуулах Хорооны тогтоол шийдвэрийн мэдээлэлд Зохицуулах хорооны хурлаас гарсан албан ёсны шийдвэр, төлөвлөгөөт бус шалгалт, хэмжилтийн үр дүн, авсан арга хэмжээний талаар мэдээлэл, ажлын зар, тендерийн урилга, мэндчилгээ, албадын дарга, ахлах мэргэжилтнүүдийн ярилцлага, хэвлэлд өгсөн мэдээлэл, Зохицуулах Хорооны үйл ажиллагааны талаар хэвлэлд гарсан ташаа мэдээллийг залруулах залруулга, тайлбар зэрэг хамрагдана.
2.4 Салбарын статистик үндсэн үзүүлэлтийн мэдээлэлд байгууллагын үйл ажиллагаатай холбогдох салбарын үндсэн статистик мэдээллийг хагас жил тутам олон нийтэд мэдээлэх зэрэг багтана.
2.5Зохицуулах Хорооноос мэдээллийг хүргэх зорилтот бүлгийг Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд; УИХ, Засгийн Газар, тохируулагч агентлаг; Олон улсын болон дотоодын ажиглагчид гэсэн бүлэгт тус тус ангилна.
2.6 ОНХМ нь хэрэглэгчийн бүлэг тус бүрт тохирсон арга хэлбэрийг сонгон харилцана.
Гурав. Мэдээ, мэдээлэл боловсруулах, нийтлүүлэх, түгээх тухай
3.1 Зохицуулах Хорооны дарга, гишүүд, дэд дарга, албаны дарга болон ахлах мэргэжилтнүүд /цаашид эрх бүхий албан хаагчид гэх/ Зохицуулах Хорооны албан ёсны байр суурийг илэрхийлж ярилцлага, мэдээлэл өгөх, нийтлэл нийтлүүлэх эрхтэй. Шаардлагатай тохиолдолд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу мэргэжилтэн ярилцлага, мэдээлэл өгч, нийтлэл нийтлүүлж болно.
3.2 Зохицуулах Хорооны эрх бүхий албан хаагчид ХХЗХ-ны хөдөлмөрийн дотоод журмын 4.5.1 заалтыг зөрчихгүйгээр бодитой, ялгаварлалгүй, үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэнэ.
3.3 Сонин, сэтгүүл, телевиз, радио, вэб сайтуудыг сонгохдоо захиалагч, үзэгч, хэрэглэгчдийн тоо, хүртээмж байдал, түгээлтийн хэмжээ, олон нийтийн дундах нэр хүнд, мэдээллийн үнэн зөв байдлыг хэр хадгалдаг зэргийг нь харгалзан үзэж ОНХМ даргатай зөвлөлдөн боломжтой гэж үзвэл гэрээний зарчмаар зохицуулж сонгоно.
3.4 Зохицуулах хорооноос хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаг үеийн үйл явдалтай холбоотой мэдээлэл авах тохиодолд ач холбогдлын хувийн жингээс нь шалтгаалан эрх бүхий албан хаагчид болон шаардлагатай үед холбогдох албаны мэргэжилтэн ярилцлага, мэдээлэл өгөх ба ингэхдээ ОНХМ-р дамжуулан (цаг үеийн зайлшгүй шаардлагатай асуудал бол хорооны даргад урьдчилан мэдэгдэн зөвшөөрөл авч ) мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулна.
3.5 Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байршуулах төлбөртэй болон төлбөргүй зар сурталчилгаа, нийтлэл, мэдээлэл, мэдэгдэл, хорооноос батлагдан гарсан тогтоол, шийдвэр, салбарын статистик үндсэн үзүүлэлтийн мэдээлэл, тайлан, ярилцлага, орчуулга, урилга зэргийг тухайн хариуцсан мэргэжилтэн эрх бүхий албан хаагчид, гэрээ эрх зүйн мэргэжилтэн нарт тус тус танилцуулж “Хэвлэлд төлбөртэй мэдээ материал өгөх зөвшөөрөл”-ийн маягтад гарын үсэг зуруулан зөвшөөрөл авна. Зөвхөн зөвшөөрөгдсөн материалыг ОНХМ хэвлэлд нийтлүүлнэ. Мэдээлэл байршуулах зөвшөөрөл олгох маягтыг энэхүү журмын Хавсралт 1-ээр батална.
3.6 Олон нийтийн цахим хуудаст байршуулах төлбөртэй болон төлбөргүй зар сурталчилгаа, нийтлэл, мэдээлэл, мэдэгдэл, хорооноос батлагдан гарсан тогтоол, шийдвэр, салбарын статистик үндсэн үзүүлэлтийн мэдээлэл, тайлан, ярилцлага, орчуулга, урилга зэргийг тухайн хариуцсан мэргэжилтэн албаны даргад танилцуулж “Цахим хуудаст мэдээ материал өгөх зөвшөөрөл”-ийн маягтад гарын үсэг зуруулан зөвшөөрөл авна. Зөвхөн зөвшөөрөгдсөн материалыг ОНХМ цахим хуудаст байршуулна. Мэдээлэл байршуулах зөвшөөрөл олгох маягтыг энэхүү журмын Хавсралт 1-ээр батална.
Дөрөв. Зохицуулах Хорооноос мэдээлэл хүсэх, мэдээлэл өгөх тухай
4.1 Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдээс ирүүлсэн мэдээ, мэдээлэл, ярилцлага авах хүсэлтийг ОНХМ амаар болон бичгээр авч хорооны дарга, холбогдох албадын дарга нарт хүргүүлнэ. Хариуг ямар хэлбэрээр /амаар, бичгээр, ярилцлагаар болон хэвлэлийн бага хурал зэрэг/ өгөхийг дарга, дэд даргын шийдвэрийн дагуу албадын дарга нартай ярилцаж шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг ОНХМ хэвлэл мэдээллийн байгууллагад эргэн мэдэгдэнэ.
4.2 Зохицуулах хорооны нэр хүндэд халдсан болон хорооны үйл ажиллагаатай холбоотой буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсан онцгой тохиолдолд Зохицуулах хорооны албан ёсны байр суурийг илэрхийлж Хорооны дарга, эсхүл дэд дарга (шаардлагатай тохиолдолд холбогдох албаны дарга) мэдээлэл өгнө. Мэдээлэл, ярилцлага өгөх телевиз, радио, сонин, мэдээллийн цахим хуудсыг ОНХМ сонгож, тавигдах асуултыг урьдчилан тодруулна.
4.3 Зохицуулах хороонд гадаадын олон нийтийн мэдээллийн байгууллагаас Зохицуулах хорооны болон мэдээлэл, харилцаа холбооны салбарын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, ярилцлага авахаар хандсан тохиолдолд Хорооны даргад танилцуулж, өгсөн чиг үүргийн дагуу холбогдох албад, мэргэжилтнүүдтэй хамтран мэдээ, мэдээллийг боловсруулж, мэдээлэл өгөх ажлыг ОНХМ хариуцна.
Тав. Хэвлэлийн бага хурал зохион байгуулах тухай
5.1 Зохицуулах хорооны жилийн төлөвлөгөөтэй уялдуулан хэвлэлийн хурал хийж, мэдээлэл хүргэх тодорхой асуудлуудын төлөвлөгөө боловсруулан батлуулж мөрдөнө.
5.2 Хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухай бүр хэвлэлийн бага хурал зарлан зохион байгуулж, шийдвэрийг нийтэд танилцуулна.
5.3 Зохицуулах хорооны үйл ажиллагаа, шийдвэртэй холбоотой хэвлэлийн бага хуралд хорооны дарга болон хорооны хуралдааны нарийн бичгийн дарга, холбогдох албадын дарга нар оролцон мэдээлэл хийж, гаргасан шийдвэр тогтоолын үндэслэл, учир шалтгааныг тайлбарлаж, тодруулга тайлбар хийнэ. Ингэхдээ зөвхөн зохицуулах хорооны албан ёсны байр суурийг илэрхийлнэ.
5.4 Зохицуулах хороо нь өөрийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хамтран ажилладаг бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүдтэй хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулах ба тус хуралдаанд хорооны дарга, албадын дарга болон холбогдох мэргэжилтнүүд хорооны албан ёсны байр суурийг илэрхийлэн оролцоно.
5.5 Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд тараах материал, гарын авлага, хэвлэлийн мэдээ зэргийг холбогдох албанаас бэлтгэж өгөх бөгөөд хурлыг зарлах, зохион байгуулах үйл ажиллагааг ОНХМ гүйцэтгэнэ.
Зургаа. Олон нийттэй харилцах мэргэжилтний эрх, үүрэг
6.1 Хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг Зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллээр хангах, холбогдох салбарын байгууллага, төлөөлөгчдөөс ирүүлсэн мэдээллийг шаардлагатай гэж үзвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, сурталчилах, зарлах үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
6.2 ОНХМ нь Зохицуулах хорооны цахим хуудас, хэвлэл, сэтгүүлд шинэ мэдээлэл нийтлүүлэх (төлбөртэй болон төлбөргүй) ажлыг бусад албадтай хамтран гүйцэтгэнэ.
6.3 Зохицуулах хорооны үйл ажиллагаа болон удирдлагатай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн аливаа мэдээ, мэдээллийн талаар ОНХМ нь Зохицуулах хорооны дарга болон холбогдох албаны дарга нарт танилцуулж мэдээлнэ.
6.4 ОНХМ нь зохицуулах хорооноос зохион байгуулж байгаа хурал, семинар, зөвлөгөөнд оролцох болон даргын шуурхай зөвлөлийн хуралдаан болон хорооны хуралдаанд заавал сууна.
6.5 ОНХМ нь зохицуулах хорооноос олон нийтэд хандан гаргаж байгаа хэвлэмэл материалууд болох Зохицуулах хорооны сэтгүүл, оны ном, танилцуулга хуудас гаргах ажлыг бусад албатай хамтран гүйцэтгэнэ.
6.6 ОНХМ нь зохицуулах хорооноос гаргаж байгаа аливаа мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээхдээ Зохицуулах хорооны даргаас зөвшөөрөл авсны дагуу мэдээлнэ.
Долоо. Бусад.
7.1 Зохицуулах хороо нь үйл ажиллагаагаа сурталчилах, үндсэн үйл ажиллагаатай холбоотой арга хэмжээ зохион байгуулахаар бусад төрийн болон төрийн бус байгууллага, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага, олон нийтийн мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулан ажиллана.
7.2 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Зохицуулах хороо, түүний удирлагын нэр хүндэд ор үндэслэлгүйгээр удаа дараа ноцтой халдсан тохиолдолд асуудлыг холбогдох хууль хяналт, шүүхийн журмаар шийдвэрлэнэ.
7.3 Энэхүү журмыг тус хорооны нийт албан хаагчид дагаж мөрдөнө.
Зохицуулах хорооны ажилтан энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ