Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Г.Оюунцэцэг: Мобиком корпорацийг анх байгуулагдсан цагаас Засгийн...
Г.Оюунцэцэг: Мобиком корпорацийг анх байгуулагдсан цагаас Засгийн Газар бодлого, зохицуулалтаар дэмжиж ирсэн
2015-02-17

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо хэлэлцээ хийж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан билээ.

Энэ үеэр Сүмитомо корпорацийн зүгээс Ерөнхий сайдад “гомдол гаргасан” тухай мэдээлэл гарсан талаар хэвлэлүүдээр мэдээлсэн. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга Г.Оюунцэцэгээс тодруулга авлаа. 

-Хэвлэлээр танай байгууллагатай холбоотой, тэр дундаа Мобиком Корпораци ХХК-тай холбогдох асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Японд хийсэн айлчлалын үеэр яригдсан тухай мэдээлсэн байна. Энэ асуудал ийм өндөр түвшинд яригдах болсон шалтгаан нь юу юм бол? 

-Юуны өмнө ийм өндөр түвшний уулзалтын үеэр яригдсан асуудалд тодорхой баримт нотолгоогүй, тодруулга авалгүйгээр уг нийтлэлийг гаргасан нь олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл болж байгаад харамсаж байна.

Мобиком корпораци ХХК-ийг анх байгуулагдсан үеэс эхлэн өнөөг хүртэл Монгол Улсын Засгийн Газрын зүгээс, тухайлбал бодлого боловсруулж, хэрэгжүүлэгч, зохицуулагч байгууллага нь бодлого, зохицуулалтаар дэмжин ажиллаж ирсэн болохыг дурдах нь зүйтэй.

Өнөөдрийн байдлаар тус компани болон түүний хараат, охин компаниуд тус салбарт нийт 5 ангиллын 16 төрлийн 26 тусгай зөвшөөрлийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа.

Мобиком корпораци ХХК-тай радио релейн шугамын зориулалттай радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг 2014 оны 12 дугаар сард,  Мобинет ХХК-тай Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт радио давтамж ашиглах, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг мөн оны 12 дугаар сарын 08-нд, тус тус сунгасан. 

2G буюу үүрэн холбооны үйлчилгээ болон түүнд зориулсан радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хувьд Мобиком Корпораци ХХК нь анх 1995 онд Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийж 20 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг авсан. Энэхүү радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 07 дугаар сарын 18-нд, харин үйлчилгээний тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус тус дуусах юм.

Гэрээнд заасны дагуу тус компани хугацаа дуусахаас 1 жилийн өмнө буюу 2014 оны 07 дугаар сарын 18-нд дээрх зөвшөөрлүүдийг сунгуулах хүсэлтээ тус хороонд  ирүүлсэн. Харин гэрээг сунгахтай холбоотойгоор тус компанитай тухайн үед Дэд бүтцийн яам байсан бол одоо Харилцаа холбооны зохицуулах хороо гэрээ байгуулах эрх шилжин ирж байгаа бөгөөд гэрээнд өнгөрсөн 20 жилийн хугацаанд салбарын эрх зүйн орчинд орсон зарим өөрчлөлтийг /2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Харилцаа холбооны тухай хууль шинэчилсэн найруулга, 1999 оны 6 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Радио долгионы тухай хууль/ тусгах шаардлага байсан.

Иймд тус компаниас ирүүлсэн тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтийг дүгнэх процесс хууль, журамд заасан хугацаандаа хийгдэж эрх зүйн орчинд орсон зарим өөрчлөлтийг харгалзан тусгай зөвшөөрөл эзэмшигчид  хохиролгүй байлгах талаас тус компанийн холбогдох албадаас тодруулга авах, мэдээллийг шинэчлүүлж авах зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.

Тодруулж хэлэхэд дээрх хоёр зөвшөөрлөөс бусад олгогдсон зөвшөөрлүүдийн хувьд ямар нэг асуудал байхгүй бөгөөд бидний зүгээс үйлчилгээ эрхлэгчидтэйгээ харилцан ойлголцож хууль, журмын дагуу ажиллаж байгаа гэж үзэж байна. Ер нь бол та энэ асуудлаар тухайн компаниас дэлгэрүүлж тайлбар авах нь зүйтэй. 

-Танайхаас зарласан Ай Пи ТВ-ийн тендерийн шалгаруулалттай холбоотой тайлбар хэлэхгүй юу? 

-“Өнөөдөр” сонинд бичихдээ “Монгол Масс медиа” ХХК тендерт шалгарсан гэсэн байсан. Энэ нь ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор хэлэх байна. 

Энэ компани эхний зарласан сонгон шалгаруулалтад оролцсон боловч энэ шалгаруулалтад шаардлага хангасан нэг ч оролцогч байгаагүй тул сонгон шалгаруулалтыг дахин зарласан. Дээрх компани нь сүүлийн зарласан шалгаруулалтад оролцоогүй. Уг тендерт Бодь интернэшнл ХХК, Монголын Цахилгаан Холбоо ХК компаниуд шалгарсан байгаа. Сонгон шалгаруулалтын талаар гарсан тус хорооны шийдвэрүүдийн мэдээллийг  манай байгууллагын веб хуудаснаас авч үзэж болно.

-Танай байгууллагын үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ гадны хөрөнгө оруулагчдыг татах гэсэн бодлоготой зөрчилдөж байна гэсэн хардлага бас байгаад байна. Энэ тал дээр та юу гэж хэлэх вэ?

-Нэг зүйлийг онцлон хэлэхэд Харилцаа холбооны зохицуулах хороо өнөөдрийн байдлаар Монгол улсад мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 2500 орчим гэрээний 1000 гаруй үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрөл, радио давтамж ашиглах эрхийн бичгийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Бид үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг сайжруулах, өрсөлдөөний орчныг дэмжих зорилгоор тодорхой нөхцөл шаардлагуудын хэрэгжилтийг хангуулж ажилладаг. 

Гадны хөрөнгө оруулалтын тухайд гэвэл манай улс дагаж мөрддөг тусгайлсан хуультай бөгөөд тэрхүү хуулийн дагуу зохицуулагдаж байгаа. Нэмж хэлэхэд манай байгууллагын хувьд тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа үйл ажиллагааг аль болох нээлттэй мэдээлж ажиллаж байгаа гэж үзэж байна.

Мэдээллийн ил тод байдал ба Мэдээлэл авах эрхийн тухай хууль гарсантай холбогдуулан сүүлийн 2012 оноос хойш цахим хуудастаа холбогдох цэсүүдийг үүсгэн мэдээллийг байнга шинэчилж байна. Байгууллагын цахим хуудас www.crc.gov.mn, өөрийн эрхлэн гаргадаг сэтгүүлээр дамжуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчид буюу үйлчилгээ эрхлэгчидтэй холбогдох тогтоол шийдвэрүүд, журам болон нөхцөл шаардлагын мэдээллийг тухай бүр шинэчлэн байршуулдаг.

Мөн сар, улирал бүр хийгддэг хяналт мониторинг болон төлөвлөгөөт хяналт шалгалтуудын тайлан мэдээллийг ч ил тод, дэлгэрэнгүй байдлаар хүргэдэг.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл шинээр хүсэх, сунгуулахтай холбоотой дотоод үйл ажиллагааны шат дараалал, заавар зөвлөмжийг ч тусгай зөвшөөрлийн ангилал бүрээр нь дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Цаашид дээрх үйл ажиллагаагаа цахимжуулах буюу онлайн хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөн нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин