Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
2015-02-09
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Харилцаа холбооны зохицуулах хороо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон Харилцаа холбооны тухай болон бусад хуулиудын хүрээнд хамтран ажилладаг бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар хамтран ажиллах санамж бичгийг 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн байгуулж гарын үсэг зурлаа.

Уг хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийг зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл  эзэмшигчийн үнэ тарифын өөрчлөлтийн асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл солилцох, хамтарсан сургалт семинар зохион байгуулах ажлуудыг хамтран зохион байгуулж ажиллаж тогтов.

Мөн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2015 онд хамтарсан байнгын ажиллагаатай ажлын хэсгийг зохион байгуулж дараах үндсэн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:  

  1. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгж, үйлчилгээ эрхлэгчийг тогтоож Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хянан зохицуулах зөвлөлд оруулж батлуулах, олон нийтэд мэдээлэх;
  2. Мэдээлэл, харилцаа холбооны салбарт хийх судалгаа шинжилгээ, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллах, судалгаа шинжилгээ хамтран хийж дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах;
  3. Давамгай болон зүй ёсны монополь байдал нь тогтоогдсон аж ахуйн нэгж болон бусад байгууллагын үйл ажиллагаанд Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Харилцаа холбооны тухай, Зар сурталчилгааны тухай  болон бусад хуулиудын хүрээнд хамтарсан хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах;
  4. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөөний бодлого зохицуулалтын талаар олон улсын туршлага судлах, хамтран ажиллах, сургалт семинарт оролцох;
  5. Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний зах зээлийн өрсөлдөөний нөхцөл байдлын талаар судалгаа хийх, авч хэрэгжүүлж буй зохицуулалтын арга хэмжээнүүд, шударга өрсөлдөөнийг нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах;
  6. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагааг сурталчлах, хамтран ажиллах.

Уг хамтран ажиллах санамж бичигт 2 байгууллагын удирдлагууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэх юм.