Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
2015-01-26
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит  2 дугаар хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 6 асуудлыг хэлэлцэж,  хорооны 4 тогтоолыг батлан 2 тэмдэглэлийг гаргаж тус тус шийдвэрлэсэн болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос зарласан ХХЗХ/Т5/Ku-DTH/2014 тоот "Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх болон радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт"-ын үр дүн, дүгнэлтийг хэлэлцэн хорооны хуралдааны 2015 оны 05 тоот тогтоолоор шийдвэрлэв. Тогтоолоор Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 14.3 дах заалт, хорооны 2014 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийг өрсөлдүүлэн шалгаруулж олгох журам” болон "Телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт"-ын үнэлгээний хорооны 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн нэр бүхий 1 хуулийн этгээдэд  холбогдох тусгай зөвшөөрлийг олгох, гэрээг байгуулан ажиллахыг холбогдох ажлын албанд үүрэг болгов. 

Тус хуралдаанаар шинээр боловсруулсан “Тусгай дугаарт мессежний үйлчилгээний зохицуулалт”-ын баримт бичгийг хэлэлцэн 2015 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар баталсан. Энэхүү зохицуулалтын баримт бичгийг баталснаар “Монгол улсын харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө”-нд заасан мессежний тусгай дугаарыг олгох, түүнийг ашиглан үүрэн холбооны хэрэглэгчдэд мессеж дамжуулах эсвэл мессеж хүлээн авахтай холбоотойгоор үүсч буй харилцааг зохицуулна. Баримт бичигт нэр томьёоны тодорхойлолт, тусгай дугаарын төрөл, хуваарилалт, мессежний тусгай дугаар ашиглах, эрх олгох харилцаа, зохицуулалтын үйлчилгээний хөлс, үнэ тариф, орлого хуваарилах зарчим, тусгай дугаарт мессежний үйлчилгээний нөхцөл шаардлага зэрэг тусгай дугаарт мессежний үйлчилгээний зохицуулалтын чиглэлээр баримтлах зарчим, бусад асуудлыг багтаасан болно.

“Харилцаа холбооны үйлчилгээний үнэ, тариф тогтоох зөвлөмж, аргачлал”-ыг хорооны хуралдааны 2015 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар шинэчлэн баталж шийдвэрлэв. Хорооны 2003 оны 27 дугаар тогтоолоор баталсан  “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”–ыг өнөөг хүртэл мөрдөж ирсэн бөгөөд энэ аргачлалаар харилцаа холбооны салбарын үйлчилгээ эрхлэгчид үнэ тариф тогтоохдоо өөрийн үйлчилгээний онцлог байдалд тохируулан жишиг болгон авч ашиглаж байсан.  Харин техник технологийн хөгжил дэвшил, мэдээлэл, цахилгаан холбооны үйлчилгээний нэгдэн нийлэх процесс нь үйлчилгээ эрхлэгчдэд уламжлалт үйлчилгээнээс гадна шинэ үйлчилгээг эрхлэх боломжийг олгож байгаа нь компаниудын хувьд үнэ тарифын шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож, өртөгт үндэслэн тариф тогтоохдоо олон улсад сүүлийн үед хэрэглэгдэж байгаа аргачлалаар өртгийг шинэчлэн тогтоох шаардлага зайлшгүй тавигдсан болно. Энэхүү шинэчлэн баталсан зөвлөмж, аргачлал нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд өөрийн үйлчилгээний үнэ, тарифыг урт хугацааны турш үр ашигтайгаар тогтооход дэмжлэг үзүүлэх зорилготой. Харилцаа холбооны салбарын давамгайлагч үйлчлэгч, шинээр үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргасан хуулийн этгээд нь үйлчилгээний тарифаа тогтоохдоо энэхүү зөвлөмж аргачлалыг ашиглах боломжтой юм. Мөн харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь өөрийн үндсэн үйл ажиллагааны ашигт ажиллагааны түвшинг хангах боломжтой, үнэ тарифын бодлогоо зөв тодорхойлох, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний өртгөө тооцоход энэ аргачлалыг ашиглана. Уг тогтоол гарсантай холбогдуулан тус хорооны 2003 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны үйлчилгээний тариф тогтоох аргачлал”-ыг хүчингүй болголоо.

Харицаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 08 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (ААҮАТЗТХ)-ийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг үндэслэн 3 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох; ААҮАТЗТХ-ийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг үндэслэн 22 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх; ААҮАТЗТХ-ийн 14.1, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 8.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг үндэслэн 26 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

Хуралдаанаар “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай танилцуулга болон “Орон даяар нэвтрүүлгээ хүргэх телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ын явцын танилцуулгыг тус тус хэлэлцээд, хорооны гишүүдээс өгсөн чиглэл, гаргасан саналуудыг тусган эцэслэн боловсруулж, хорооны хуралдаанд хэлэлцүүлэх үүргийг холбогдох албанд хуралдааны тэмдэглэлээр даалгалаа.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү)