Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/186 тоот тушаалаар Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн төгсгөлийн тоног төхөөрөмжүүдийг баталгаажуулах чиг үүрэг бүхий “Баталгаажуулалтын үнэлгээний хороо”-г байгуулж, ажиллах удирдамжийг нь батлан гаргалаа. Уг баталгаажуулалтын үнэлгээний хороо нь Харилцаа холбооны зохицуулах хорооны дэргэд орон тооны бус байдлаар ажиллаж тус хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн төгсгөлийн тоног төхөөрөмжийн загварт сорилт, туршилт, баримт бичигт дүн шинжилгээ, тохирлын үнэлгээний хийсэн дүгнэлтийг хэлэлцэж хөндлөнгийн шийдвэр гаргах зорилготой.
Энэхүү баталгаажуулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон баталгаажуулалтын орон тооны бус шинжээч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдаж, үйл ажиллагаандаа MNS:ISO 17065 стандартыг мөрдлөг болгон ажиллах юм.
Баталгаажуулалтын үнэлгээний хорооны хурлыг сар бүрийн 2 дахь болон 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригт зохион байгуулж, ирсэн хүсэлтүүдэд хийгдсэн дүн шинжилгээ, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Баталгаажуулалтын үнэлгээний хороо хуралдав
Баталгаажуулалтын үнэлгээний хороо нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- ШУТИС МХТСургуулийн MSS01 загварын DVB-T2 тюнертэй тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж нь “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандарт шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгохоор шийдвэр гаргалаа.
- Вагнер Ази технологи ХХК-ийн PL631 загварын алсын зайн хяналтын төхөөрөмж (Caterpillar PL631) нь аюулгүй ажиллагааны EN60950-1:2006+A11:2009 Европын стандарт, цахилгаан соронзон орон, радио спектрийн EN 301 489-1V1.8.1 (2008-04), EN301 489-20V1.2.1 (2002-11), ETSI EN 301 441 V1.1.1 (2000-05) Европын стандарт шаардлагыг хангасан тул тохирлын гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгохоор шийдвэр гаргалаа.
Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ажиллах давтамж, гаралтын чадал стандарт шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй болохыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хөндлөнгөөс нотолж тохирлын гэрчилгээ олгож байна. Тус хорооны баталгаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг www.crc.gov.mn цахим хуудсаар зочлон авах бололцоотой.