Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / А.Лувсан-Очир: Баталгаажуулсан хувиргагч төхөөрөмж хэрэглэгчдэд хүрнэ
А.Лувсан-Очир: Баталгаажуулсан хувиргагч төхөөрөмж хэрэглэгчдэд хүрнэ
2014-10-02
А.Лувсан-Очир: Баталгаажуулсан хувиргагч төхөөрөмж хэрэглэгчдэд хүрнэ А.Лувсан-Очир: Баталгаажуулсан хувиргагч төхөөрөмж хэрэглэгчдэд хүрнэ

Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил 2010 оноос хийгдэж эхэлсэн. Өнгөрөгч долоодугаар сарын 31-ний өдөр орон даяар 254 тоон технологийн дамжуулах станцыг асааснаар телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологиор хүлээн авч эхэлсэн билээ. Манай улс 2016 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тоон системд бүрэн шилжсэн байхаар төлөвлөсөн. Уг ажлын явцын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга А.Лувсан-Очиртой ярилцлаа.

-Эхний ээлжид 254 дамжуулах станцыг асаасан. Үлдсэн газруудад дамжуулах станц суурилуулсан уу?

-Телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутагт 361 сум суурин газар, Улаанбаатар хотод 10 байршилд телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулах станцыг суурилуулаан ажиллуулах юм. Түүнээс нийслэл болон орон нутагт 254-ийг нь асаасан байгаа. Үлдсэн газруудад станцыг бүрэн суурилуулаад үзлэг, тест шалгалт, тохиргооны ажлуудыг хийж байна. Энэ сардаа багтаад станцууд ажиллаж эхэлнэ.

-Ингэхээр дахин дамжуулах станцууд бэлэн болчихлоо гэсэн үг. Харин хэрэглэгчдийг тоон системд шилжүүлэх явц ямар байгаа бол.

-Шилжилтийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа байна. Хэрэглэгчид телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээн авч байгаа телевизороо тоон сигнал хүлээж авах горимд шилжүүлэх ажил байгаа. Энэ ажил DVB-T2 стандартын хувиргах төхөөрөмжтэй зурагт эсвэл сэт топ бокс төхөөрөмжийг худалдаж авах хоёр хэлбэрээр зохион байгуулагдах бололцоотой. Заавал зурагтаа солих гэсэн ойлголт байхгүй. Хэрэглэгч зурагтаа шинэчлэх зорилготой байгаа бол DVB-T2 стандартын хувиргах төхөөрөмжтэй зурагтыг авч болно. Харин хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжийг гэрийн антеннаар өргөн нэвтрүүлэг хүлээн авч байгаа хэрэглэгчид худалдаж авах ёстой. Кабелийн телевиз, интернэт протоколд суурилсан IPTV, сансараас хүлээн авч байгаа DDISH-ийн хэрэглэгчид болон орон нутгийн шинж чанартай кабелийн телевизүүд тоон технологид шилжчихсэн, нэмэлт тоног төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй гэдгийг хэрэглэгчид ойлгох хэрэгтэй.

-Хувиргах төхөөрөмжид танайхаас баталгаажуулалт хийнэ гэсэн. Хэрэглэгчдэд очиж эхэлсэн үү?

-ХХЗХ-ны зүгээс хэрэглэгчийн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа аж ахуй нэгжид анхаарал хандуулж байна. Баталгаажуулалт хийж өгч байгаа. Хэрэглэгчийн хувиргах төхөөрөмжийг нийлүүлэхээр таван байгууллага хандсанаас “Үлэмж мандала”, “MNBC” гэх хоёр компанийн хувиргагч төхөөрөмжид баталгаажуулалт хийсэн. Тэд сорил тестээ хийлгээд баталгаажуулалтын гэрчилгээгээ аваад, захиалагчиддаа нийлүүлэхэд бэлэн болоод байгаа. Төхөөрөмж “Монгол Улсад баталгаажив” гэсэн тэмдэглэгээтэй байвал шаардлага хангасан гэж үзэх ёстой. Гэхдээ төхөөрөмж нийлүүлэх компанид тоо заахгүй харин DVB-T2 стандартыг хангасан, төхөөрөмжийн функц монгол хэл дээр байх ёстой зэрэг шаардлагыг тавьж байгаа. 

-Төхөөрөмж зах зээлд ямар үнээр борлуулагдах вэ?

-Үнийг манайхаас тогтоож өгөхгүй. Баталгаажилт хийгдсэн сэт топ бокс борлуулж байгаа компанийн тоог хязгаарлахгүй байснаар зах зээлд үнийн өрсөлдөөн бий болно. Хамгийн энгийн төхөөрөмж 25-30 мянган төгрөгөөр борлуулагдана. Харин Full HD, нэмэлт төлбөртэй сувгийг хүлээн авах карттай ч юм уу төхөөрөмж байвал арай илүү үнэтэй зарагдах байх. Гэхдээ үнэ бол бүтээгдэхүүний чанарт нөлөөлөхгүй. Баталгаажсан төхөөрөмж бүр чанарын шаардлага хангасан байгаа тул чанаргүй нь хямд үнэтэй гэж ойлгож болохгүй.

-Тэгвэл DVB-T2 стандартын зурагтын хувьд.

-Телевизүүд электрон барааны дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа. Гэхдээ бид дэлгүүр гэхээсээ илүү цаана нь байгаа дистрибьютерүүдтэй ярилцаж байна. Samsung, LG, Panasonic зэрэг газруудтай уулзаж, DVB-T2 стандартын хэрэглэгчийн хувиргагч төхөөрөмжтэй телевизорыг зах зээлд нийлүүлэх, баталгаажуулахаар ярилцсан. Тэдгээр газрууд ч телевизийн цэсийг монгол хэлтэй болгох болон бусад зүйл дээр мэргэжил аргазүйн зөвлөгөө авах, баталгаажуулалтаа хийлгүүлэх гэх мэтээр манай байгууллагатай холбоотой байгаа.

-Телевизүүд тоон технологид шилжих ёстой шүү дээ. Энэ ажил хэрхэн явагдаж байна.

-Улаанбаатар хотын телевизүүд шилжчихсэн. Харин орон нутгийн телевизүүд хөрөнгө оруулалт, техник технологийн шийдэл зэргээсээ болоод бүрэн шилжиж амжаагүй байна. Мөн нийслэлийн зарим дүүрэг, хэд хэдэн аймгийн төвд гардаг Монголын цахилгаан холбоо компанийн “National” кабелийн телевиз, Сансар кабелийн телевиз /Сансар дижитал биш/  болон орон нутгийн жижиг кабелийн телевизүүд нь нэвтрүүлгээ үзэгчдэд аналоги горимоор хүргэдэг. Эдгээр телевиз хэрэглэгчдээ өргөн нэвтрүүлгийг тоон технологиор хүлээж авахад шилжүүлэх хэрэгтэй.

-Тоон технологид шилжсэнээр телевизийн нэвтрүүлгийн чанарт ямар өөрчлөлт гарах вэ?

-Аналоги системээс тоон системд шилжсэнээр давуу талууд байгаа. Мэргэжлийн түвшинд радио давтамжийн зурвас ашиглалтад дэвшил гарна. Хэрэглэгчдийн хувьд гэвэл телевизийн  дуу дүрс давхцах, нэгдүгээр сувгийг үзэж байхад хоёрдугаар сувгийн дүрс орж ирэх, дүрс тогтохгүй жирэлзэх гэх мэт нөлөөлөл арилна. Та тэр сувгийг үзнэ эсвэл үзэхгүй гэсэн үг. Чанаргүй суваг гарах, гарахгүй байж байгаад мөнгө авдаг ойлголт байхгүй болно. Мөн зарлан мэдээлэх текстийг шууд хүлээн авах, телевизийн хөтөлбөрийг хүлээн авах зэрэг боломжтой.  Түүнчлэн хэрэглэгчдийн хэдэн цагийн үед ямар мэдээллийг илүү үздэг, аль сувгийг олон хүн үзэж байна гэдэг статистик судалгааг цуглуулах бололцоотой болох юм.

Эх сурвалж: www.shuud.mn