Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, тус хорооны дүрмийн 3.2.2 дахь хэсэг, МШХХТГ-ын Даргын 2009 оны 111 тушаалаар баталсан “Монгол Улсад Интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ (/IPTV-АйПиТВ/)-г нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийн 3.1.2, 4.2, 4.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улаанбаатар хотод интернэт протоколд суурилсан ТВ (IPTV) үйлчилгээний зах зээлд өрсөлдөөн оруулахаар шийдвэрлэв.
Тус хорооноос интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ эрхлэх нээлттэй уралдаант шалгаруулалтыг 2010 онд зарлаж, үйлчилгээ эрхлэх 2 тусгай зөвшөөрлийг холбогдох хууль, тогтоомийн хүрээнд олгосноор 2010 онд Юнивишн ХХК, 2012 онд Скай медиа ХХК тус тус үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн болно. Интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ нь дараахь давуу талуудтай юм. Үүнд:
- Интернэт протокол (IP) сүлжээгээр телевизийг нэвтрүүлэх боломж олгож буй шинэ үеийн дэвшилтэт технологи
- ТВ сувгуудыг дуу дүрсний өндөр чанар бүхий FULL HD форматаар үзэх боломжтой
- ТВ шууд эфирийг ухраах, түр зогсоох
- ТВ нэвтрүүлгийг дундаас нь ахин эхлүүлэх
- Дуртай нэвтрүүлгээ бичлэг хийн хадгалах
- Өмнөх өдрүүдийн нэвтрүүлгийг нөхөн үзэх
- Video on Demand буюу хүссэн контентоо дуртай цагтаа сонгон үзэх
- Контентийн зориулалт, төрлөөс хамааран бага насны хүүхдүүд үзэх боломжгүйгээр хязгаарлалт хийх зэрэг болно.
ХХЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлөөр интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг, үнэ тариф нь олон улстай харьцуулахад хямд, зах зээлийн багтаамж бага байгаагаас хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа удаан, монополь үүсээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үйлчилгээний тусгай зөвшөөрлийг 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар Улаанбаатар хотын хэмжээнд нэмж тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэж байсан юм.
Гэвч интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээнд өрсөлдөөн оруулах, шударга өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх, үнэ тарифыг бууруулах, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар иргэд, байгууллагаас ирүүлсэн хүсэлт, шинээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших талаар ААН, үйлчилгээ эрхлэгч нараас ирүүлсэн удаа дараагийн санал болон ШӨХТГ-аас ирүүлсэн шаардлага, “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 8.1, 9.1.6, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15.16.2, 15.16.3 заалтууд, “Монгол Улсад Интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ (IPTV)-г нэвтрүүлэхэд баримтлах чиглэл” баримт бичгийн холбогдох заалт зэргийг хэрэгжүүлэх шаардлага урган гарч ирсэн болно.
Иймээс тус хорооны 2014 оны 4 сарын ээлжит хуралдаанаар холбогдох хууль тогтоомж болон баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор “Телевиз, радиогийн олон сувгийг интернэт протокол ашиглан дамжуулах /IPTV-АйПиТВ/ үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгох уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, хэрэгжилтийг яаралтай зохион байгуулахаар боллоо.
Харилцаа холбооны зохицуулах хороо