Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 4 сарын 17-ны өдөр төрийн ордонд “Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй танилцуулгыг зохион байгууллаа. Уг танилцуулгын үеэр тус газраас 2012 оноос хойш хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилтуудаа танилцуулсан байна.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2012-2016 онд дараах үндсэн 7-н зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа аж. Үүнд:
1. Үндэсний хиймэл дагуул
2. Төрийн түгжрэлгүй үйлчилгээ
3. Хям дүнэ, Өндөр хурдны интернэт
4. Тоон өргөн нэвтрүүлэг
5. Оюуны бүтээмжтэй өндөр цалинтай ажлын байр
6. Олон улсын Е-бүтээгдэхүүн
7. Шууданд суурилсан дэвшил
“Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс 2016 онд тандан судалгааны болон харилцаа холбооны хоёр төрлийн хиймэл дагуултай болно. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хуваарилсан сансрын орон зайг эзэмших хүсэлтээ манай улс анх удаа тус байгууллагад илгээсэн гэдгийг МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа хэллээ.
“Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилтын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хотод нийтдээ 47 Төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машиныг суурилуулсан бөгөөд энэ онд багтаан 59 ТҮЦ машин нэмж байршуулах юм. Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин хямдруулж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлсэн байна.
Мөн 2014 оны 7 дугаар сарын 31-нд орон даяар тоон технологид шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан тоон телевизийн сүлжээг байгуулж дуусна.
МТШХХГ-аас шуудангийн үйлчилгээг хэрэглэгчдэд улам ойртуулсан ухаалаг үйлчилгээ бий болгох зорилгоор “Ухаалаг шуудангийн хайрцаг”-ийг Улаанбаатар хотын 18 цэг, Дархан, Эрдэнэт хотуудад байршуулан ажиллуулж байна.
Эх сурвалж: www.ict.mn