2014.03.14 Улаанбаатар хот
Олон Улсын хэрэглэгчдийн нийгэмлэг (CI) –ээс жил бүрийн 3 дугаар сарын 15-ныг Олон Улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг билээ. Энэ өдрийг угтан Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгээс тус өдрийг “Үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн эрхийн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр тодорхой зорилго бүхий ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү өдрийг угтан 2014 оны 03 дугаар сарын 14-ны өдөр дээрх хэрэглэгчийн төлөө нийгэмлэгүүд болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо /ХХЗХ/, Үүрэн телефон холбооны Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител групп ХХК, Жи-Мобайл ХХК хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр Олон Улсын хэрэглэгчдийн нийгэмлэгээс гаргасан зорилгууд болох үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээ, хэрэглэгчийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, хэрэглээний соёл, ухаалаг хэрэглээнд суралцахад хамтран ажиллах, энэ талын мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах, хэрэглэгчдийн санал, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэхэд голчлон анхаарч хамтран ажиллах тухай асуудлуудыг ярилцах юм. Мөн 03 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд үүрэн телефон холбооны операторууд хэрэглэгчдэдээ зориулан нээлттэй өдөрлөгүүдийг зохион байгуулан ажиллаж байна