Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага" монголын телевизүүдийн...
"Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага" монголын телевизүүдийн чуулган анх удаа зохион байгуулагдлаа
2014-02-27

Монгол ТВ санаачлан Монголын телевизүүдийн холбоо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар болон Харилцаа Холбооны зохицуулах хороо хамтран Монголын телевизүүдийн чуулганыг анх удаа “Дэлхийн телевизүүдийн хөгжлийн чиг хандлага” 2014 оны 02 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү чуулганд Монголын телевизүүдийн холбоо ,Оюуны өмчийн газар, АНУ-ын элчин сайдын яам,  “Максима Консалтинг” ХХК, “Юнител” групп зэрэг тус салбарын байгууллагууд болон үйл ажиллагаа эрхэлж буй телевиз, сувгуудын төлөөлөл оролцлоо.  Чуулганы үеэр Мэдээлэл технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа “Телевизийн шинэчлэл улсын хөгжилд”,  ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулсан бол “Максима консалтинг” компанийн Судалгаа хариуцсан захирал Я.Хишигсүрэн “Монголын телевизийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл танилцууосан юм.  ХХЗХ-ноос телевизүүдийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр олон журам баталсны нэг нь зохиогчийн эрхийг хүндэтгэн, энэ эрхийг зөрчихгүй байх явдал юм. Үүнтэй холбогдуулан Монголын оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн дарга Д.Дэлгэрцоо зохиогчийн эрхтэй холбоотой хуулийн заалтууд, эдгээрийн мөрдөлт ямар түвшинд байгааг мөн танилцууллаа.

Энэхүү чуулган нэг талаасаа дэлхийн томоохон студийн төлөөлөгчид оролцож байгаагаараа онцлог бөгөөд Warner Bros, Disney, Sony, Bomanbridge, IMG, ITV, Endemol компаний бие төлөөлөгчид ямар төрлийн нэвтрүүлэг, контентийг ямар хүн хүчээр бэлтгэдэг болохоо хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулсан нь олны сонирхлыг татаж байлаа. Тэдний зүгээс Монголын үзэгчдийн хүсэл сонирхолд нийцэхүйц контентийг монголын телевизүүдэд санал болгох, тэр дундаа дэлхий дахинд тухайн орны хэв маягт зохицсон хэлбэрээр гаргадаг цэнгээнт, энтертайнмент нэвтрүүлгүүд, цувралуудыг Монгол улсад “нутагшуулах” боломж байгаа талаар ярилцсан.

Нөгөөтэйгүүр энэ салбарт үйлчилгээ эрхлэгчдийн эдийн засгийн боломж, өрсөлдөх зах зээл болоод үзэгчдэд хүргэж буй контент буюу агуулгын чанарын асуудал зэрэг олон тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй тухай хэлэлцүүлгүүдийн үеэр халуун яриа, шүүмжлэл өрнүүлсэн. Салбарын хувьд 2014 оныг Эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарлаад байгаа бөгөөд үүнд шинээр Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлуулахаар төслийг бэлтгэж эхлээд байгаа юм.  Энэ  хууль нь цаашид эдгээр телевиз, сувгууд, контент бүтээгчид, нийлүүлэгчид, бодлого гаргагч байгууллага болон зохицуулах байгууллага хоорондын хамаарал, үүрэг хариуцлагыг тодорхойлж чадахуйц байх шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд уг хуулийн төсөлд тус салбарын төлөөллүүд саналаа идэвхтэй тусгаж ажиллахыг эцэст нь уриаллаа.