Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО
2022-04-04
ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Харилцаа холбооны зохицуулах хороо нь  Өргөн нэвтрүүлгийн тухай  хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7-д заасны дагуу “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн Радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм” батлан, хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэгтэй.  

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих Орон тооны бус зөвлөлийн анхдугаар хурал 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдлаа.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн Тавдугаар зүйлд өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчийн үйл ажиллагаандаа баримтлах зарчмуудыг тодорхойлсон бөгөөд “хүүхэд, залуучуудын хүмүүжил, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхгүй байх” гэж заасан.

Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь өөрийн хөтөлбөрийг төлөвлөхдөө хүүхдийн сэтгэхүй, оюун санаа, хөгжил төлөвшилд сөргөөр нөлөөлж болохуйц зохисгүй агуулгаас хүүхдийг хамгаалахад энэхүү дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй болно.

Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмээр радио, телевизээр нэвтрүүлэхгүй байх зохисгүй агуулгыг нарийвчлан тодорхойлсон бөгөөд тухайн зохисгүй агуулга гэдэгт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар хязгаарласан дараах агуулга бүхий дуу авиа, дүрс, үйл явдал бүхий нэвтрүүлэг, бүтээл, зар сурталчилгаа хамааруулсан.  Үүнд:

  1. хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;
  2. хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;
  3. гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;
  4. хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;
  5. хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчлахгүй байх.

Тус зөвлөл нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл болон Эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн 9 гишүүнтэйгээр 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан билээ.

Зөвлөлийн анхдугаар хурлаар орон тооны бус зөвлөлийн чиг үүрэг, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахтай холбоотой гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагаа, зөвлөлийн цаашдын ажлын төлөвлөгөө зэргийг хэлэлцэн, гишүүд санал солилцлоо.

Мөн түүнчлэн хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахыг олон нийтэд уриалах, хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн захиргааны байгууллагууд тус тусын чиг үүргээр хамтран ажиллах зэрэг олон бүтээлч саналыг дэвшүүлэн, хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэх талаар зөвлөлийн гишүүд санал нэгдлээ.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэмтэй холбоотой радио, телевизээр нэвтрүүлсэн зохисгүй агуулгын талаарх гомдлыг 304258, 1800-1858 утсаар хүлээн авах болно.

Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрэмтэй https://legalinfo.mn/mn/detail?lawId=16381537306261 линкээр орж танилцах боломжтой.