Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл
2021-11-18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 9 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 9 дүгээр хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр болов.  

 

Зохицуулах хорооны тус хуралдаанаар Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын  Их Хурлын сонгуулийн 18,  28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай (Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг); Монгол Улсын  Их Хурлын сонгуулийн 18,  28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг батлах тухай (Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх хяналт тавих журмын 2.11 дэх хэсэг); Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн үзлэг, шалгалтын танилцуулга; “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, тогтоомжийн дагуу иргэн, ААН, ТББ-аас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн 2021 оны 8 сарын эцсийн тайлан (Хорооны 2021 оны 17 дугаар хуралдааны тэмдэглэл); Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх процессын талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай (Тусгай зөвшөөрөл олгох тухай, сэргээх, хүчингүй болгох тухай) зэрэг 6 асуудлыг хэлэлцэн хорооны хуралдааны 4 тогтоолыг баталж, 2 хуралдааны тэмдэглэлээр холбогдох бүтцийн нэгжийн газар, хэлтэст хугацаатай үүрэг, удирдамж чиглэл болгов.  

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргуудад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулахаар зарласаны дагуу Сонгуулийн Ерөнхий хорооноос тус нөхөн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 59, 60 дугаар тогтоолоор баталсан юм. Энэхүү хуваарь болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу Зохицуулах хороо нь олон нийтийн радио, телевизээс  ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянаж сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө батлах чиг үүрэгтэй болно. ХХЗХ-нд Сонгуулийн Ерөнхий Хорооноос 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр, 9 дүгээр 7-ны өдөр нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн 9 нам, 1 эвсэл, 3 бие даагч, нийт 17 хүний баримт бичгийг хүлээн авсан тухай мэдээлсэн бөгөөд тус мэдээлэлд үндэслэн МҮОНРТ-ээс төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн саналд холбогдох өөрчлөлтийг тусган 9 дүгээр сарын 10-ны өдөр шинэчлэн ирүүлснийг хүлээн авч, хууль тогтоомж, журамд нийцүүлэн хянах ажлыг хийж гүйцэтгэлээ.  Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 46.3-д заасан “…нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг, бие даан нэр дэвшигчийн тухайд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн дарааллыг баримтлан ижил нөхцөл, тэнцүү хугацаа ногдохоор тооцно.” гэж заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тул 2021 оны ээлжит 9 дүгээр хуралдаанд тус хорооны ӨНЗГ-аас холбогдох танилцуулга, тогтоолын төсөл, тогтоолын хавсралтад заасан УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн сурталчилгааны үнэ төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн асуудлыг тус тус хэлэлцүүлэв. Тус хуралдаанаас Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсгийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай” 52 тоот тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэв.  Тогтоолд, Сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид олгосон сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийг Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэхдээ батлагдсан хуваарь, цагийг мөрдөж ажиллахыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /А. Бүрэнбаатар/-д, Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нь батлагдсан хуваарь, цагийн дагуу нэвтэрч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т тус тус даалгаж, тогтоол батлагдсан өдрөөс хойш нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотой асуудлаар СЕХ-оос шийдвэр гарсан тохиолдолд энэхүү тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой юм. Энэхүү тогтоолыг хавсралтын хамт СЕХ, нөхөн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч нам эвсэл, бие даан нэр дэвшигчдэд албан тоотоор хүргүүлж, байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлэх арга хэмжээг хэрэгжүүлэв.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 (41.9 дэх хэсгийн 46.9.1, 46.9.2 болон 46.9.3 заалтууд), 46.11 дэх хэсгүүд, Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 18/22 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын 2.11 дэх хэсэгт тус тус заасан  чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хууль болон дээрх журмын 2.8-т заасны дагуу хянан үзсэний дагуу шаардлага хангасан радио, телевизийг бүртгэх тухай, бүртгэлийн жагсаалтын төсөл, хорооны хуралдааны тэмдэглэлийн төслийг тус тус авч хэлэлцээд, энэхүү хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Радио, телевизүүдээс Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг бүртгэх тухай” 20 дугаар хуралдааны тэмдэглэлийг батлав. Уг хуралдааны тэмдэглэлд, Бүртгэсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.21 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлэх, хорооны цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлэх, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн хөтөлбөрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 39 болон 48 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдэд заасан үзүүлэлтүүдээр хяналт мониторинг хийх, мөн хуулийн 46.10 дах хэсэгт заасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий бус радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж байгаа эсэх талаар хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А. Лувсан-Очир/-т үүрэг болгож, тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д даалгав. Энэхүү тэмдэглэлийн хавсралтаар бүртгэсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг СЕХ, нөхөн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигч нам эвсэл, бие даан нэр дэвшигчдэд албан тоотоор хүргүүлж, байгууллагын цахим хуудаст байршуулан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

Энэхүү хуралдаанаар Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хийсэн үзлэг, шалгалтын танилцуулгыг хэлэлцээд, тус хуралдаанаас гадаад улс хоорондын шуудан, илгээмжийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа болон хэрэглэгчийн үйлчилгээ, үйлчилгээний  чанар, хүртээмжийг хянаж шалгах, хориотой бараа шуудангаар нэвтэрч байгаа эсэх талаар эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, тайлан мэдээллийг нэгтгэн танилцуулах талаар удирдамж чиглэл өгч, тайлан үр дүнг 2021 оны 10 дугаар сарын ээлжит хуралдаанд хэлэлцүүлэхийг Шуудангийн зохицуулалтын газарт даалгав.

ХХЗХ-ны 2021 оны ээлжит 9 дүгээр хуралдаанд “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 3 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 3 тогтоолыг хавсралтын хамт баталсан. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдэд 6 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 54 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг сэргээсэн; 
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт болон МДЛО ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 55 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болно.

 

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 9 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрлийн тухай” асуудлыг танилцуулах хүрээнд тус хорооны 2021 оны “Хорооны хуралдаанаас өгсөн удирдамж, чиглэлийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 18 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилт, Ай Эн Мобайл нэтворк ХХК-иас ирүүлсэн болон нэмэлт материалд холбогдох журам, дүрмийн дагуу бүтцийн газар, хэлтсээс үнэлгээ хийсэн талаар танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төсөл, тогтоолын хавсралтын төслийг тус тус авч хэлэлцээд, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Хорооны тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай“ хуралдааны 21 дүгээр тэмдэглэлийг батлав. Тэмдэглэлд, Ай Эн Мобайл нэтворк ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөрийг зохих журмын дагуу төлүүлэх, хавсралт гэрээнд харилцан холболт, бүх нийтийн үйлчилгээний үүрэг хүлээлгэх зэрэг асуудлыг тусгах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газар, хэлтсийн удирдлага нарт тус тус үүрэг болгов.

 

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 9 дүгээр хуралдаанд 2021 оны ээлжит 6 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗУХАГ-аас нэгтгэн “Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх процессын талаар танилцуулга”; Хорооны 2021 оны ээлжит 7 дугаар хуралдаанаар баталсан 2021 оны 17 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгавар дагуу “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хууль, тогтоомжийн дагуу иргэн, ААН, ТББ-аас ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн 2021 оны явцын тайлан (2021 оны 8 дугаар сарын эцсийн байдлаар) тус тус танилцуулж холбогдох удирдамж чиглэл авлаа.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-09-15