Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 4 дүгээр хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулав.
Энэхүү 2021 оны ээлжит бус 4 дүгээр хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 32 тоот “ОНРТВ-ээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн товлогдсонтой холбогдуулан оруулах) тухай асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 1 тогтоолыг батлав.
Зохицуулах хороонд Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизээс 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2/407 тоот албан бичгээр 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 17:20 цагаас 19:50 цаг хүртэл хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг зохион байгуулахаар сонгуульд нэр дэвшигч нам, эвслүүдтэй харилцан тохиролцсон тул ХХЗХ-ны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай”-ийн 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг ирүүлсэн болно. Иймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 32 тоот тогтоолын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төсөл, МҮОНРТВ-ээс ирүүлсэн хүсэлтийг тус тус хэлэлцэв. Хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгаар зүйлийн 41.4 дэх хэсгийг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагт өөрчлөлт оруулах тухай” 41 тоот тогтоолыг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд мэтгэлцээн зохион байгуулахтай холбоотой хуваарь, цагт оруулсан өөрчлөлтийг МАН, АН, эвсэлд хүргүүлж, цахим хуудаст шинэчлэн байршуулсан болно.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).
Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-06-09