Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 3 дугаар хуралдааныг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулав.
Энэхүү 2021 оны ээлжит бус 3 дугаар хуралдаанаар нэр бүхий аймгуудад зарласан “Өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт-ӨНТВ Орон нутаг 2021/01”-ын үнэлгээний тайлан, дүгнэлтийн тухай; Тусгай зөвшөөрлийн тухай асуудлыг хэлэлцэж, хорооны 3 тогтоолыг батлах шийдвэр гаргасан болно.
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, тус хорооноос баталсан нөхцөл шаардлага, журмын хүрээнд “Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох өнтв-орон нутаг 2021/01 тоот нээлттэй сонгон шалгаруулалт”-ыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зарласан билээ. Уг хуралдаанаар сонгон шалгаруулалтын үнэлгээний ажлын хэсгийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.4.5 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 64 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам”, 2020 оны 91 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “2021 онд олгох өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тоо” болон тус хорооноос зарласан “Орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалт өнтв-орон нутаг 2021/01”-ын үнэлгээний ажлын хэсгийн санал, дүгнэлтийг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Нээлттэй сонгон шалгаруулалтад шалгарсанд тооцож, тусгай зөвшөөрөл олгох тухай” 38 тоот тогтоолыг батлав. Тогтоолоор Эм Юу Ти Эй ХХК, Сайхан монгол ЭИАК НҮТББ, Ди медиа агентлаг ХХК, Тамсаг мэнэнгийн тал ХХК, Ойрад телевиз ХХК, Лха сүлдэн тэнгэр ХХК-ийг тус тус шалгарсанд тооцож, эдгээр 6 хуулийн этгээдэд өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэхүү тогтоолын хавсралтад заасан хугацаа болон хамрах хүрээнд олгохоор шийдвэрлэсэн байна.
Хорооны 2021 оны ээлжит бус 04 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 2 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 2 тогтоолыг хавсралтын хамт батлав. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 39 тоот тогтоолын хавсралтаар 10 хуулийн этгээдэд 16 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 40 тоот тогтоолын хавсралтаар 3 хуулийн этгээдийн 3 тусгай зөвшөөрлийг сунгасан.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).
Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-06-02