Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл
2021-05-10
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдааныг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр холимог оролцоотой (биеэр болон цахим) хэлбэрээр зохион байгуулсан.  

Тус 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдаанаар “Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг батлах тухай; "Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага"-ыг батлах тухай; Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар гүйцэтгэсэн   ажлын тайлан (Хорооны 2020 оны 11-р хуралдааны тэмдэглэл); Цар тахлын үед нэмэлтээр ашиглуулсан радио давтамжийн зурвасын зохицуулалтын тухай; “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (Хорооны 2021 оны 14 тоот тогтоол: ХЗДХЯ-ны санал дүгнэлтийг хэрэгжүүлэх); Сонгон шалгаруулалтын эрхийн төлбөр тогтоох тухай; Тусгай зөвшөөрлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад (Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга, гишүүдэд Мобиком корпораци ХХК-иас “Гомдол гаргах тухай” 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/1956 тоот албан бичгээр ирүүлсэн гомдлын тухай) зэрэг асуудлыг хэлэлцэн хорооны 8 тогтоолыг батлан шийдвэрлэж, хуралдааны 5 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох газар, хэлтэст өгсөн болно.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталж, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-д Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх үүрэг хэсэгт “өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан билээ. Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас “Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын төсөл, “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага” баримт бичгийн төслийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу холбогдох ХХМТГ, эрх бүхий байгууллага, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч, ТББ, оролцогч талууд, төлөөлөл нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал зөвлөмжийг тусган боловсруулсан юм.

Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдаанд “Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага”-ын төсөл, “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага” баримт бичгийн төслийг батлах тухай танилцуулга, тогтоолын төсөл, баримт бичгийг боловсруулахад оролцогч талуудтай хийсэн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүн, ирүүлсэн санал зөвлөмжийг тусгасан товчоо, холбогдох судалгааг нэгтгэн тус тус хэлэлцүүлсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсгийг үндэслэн үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23 тоот “Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага батлах тухай” тогтоолыг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 24 тоот “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага батлах тухай” тогтоолыг тус тус батлав. Хорооны 2021 оны 23 дугаар тогтоолыг баталснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих болон холбогдох харилцааг зохицуулна. Түүнчлэн “Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг баталсан бөгөөд тус хорооноос олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих, холбогдох харилцааг зохицуулах орчин бүрдэж байна.  Эдгээр 2 тогтоол болон хавсралт баримт бичгийн хамт ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлэв.

Зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ээлжит 3 дугаар хуралдаанаар 2017  оны 58 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд холбогдох  нэмэлт, өөрчлөлтийг оруулан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 14 тоот тогтоолыг баталсан бөгөөд энэхүү тогтоолыг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлсэн боловч ХЗДХЯ-ны 2021 оны 4-р сарын 05-ны өдрийн ирүүлсэн санал, дүгнэлтийг ирүүлж, холбогдох өөрчлөлтийг оруулж, шинэчлэн батлахыг зөвлөмж болгосон билээ. Уг дүгнэлтийг үндэслэн “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд өөрчлөлт оруулах 2021 оны 14 тоот тогтоолд холбогдох засваруудыг тусган шинэчлэн батлуулах, 2021 оны 14 тоот тогтоолыг хүчингүй болгох саналыг боловсруулж, холбогдох танилцуулга, тогтоолын төслийг тус тус авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.4.5, 31 дүгээр зүйлийн  31.1 дэх заалт болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулсан 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 25 тоот “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг баталсан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан холбогдуулан 2019 оны 44 дүгээр тогтоол, 2021 оны 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгов. Энэхүү тогтоолоор 2017 оны 58 дуаар тогтоолд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ХЗДХЯ-ны Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд хянуулан бүртгүүлэхээр хүргүүлсэн ба ХЗДХЯ-ны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд  3824 бүртгэлтэй 2017 оны 58 тоот тогтоолд оруулсан 2021 оны 25 дугаар тогтоолыг хянан нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн болно.

Тус хорооны 2020 оны 91 тоот тогтоолоор Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалтаар олгох “Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн тоо (квот), хамрах хүрээ, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах хугацаа”- г Улаанбаатар хот, Нийслэлийн алслагдсан дүүрэг болон Монгол Улын нутаг дэвсгэрийн хэмжээнд, Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоогоод байгаа билээ. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.4.5-д “Энэ хуулийн 6.1.6-д зааснаас бусад төрлийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг нээлттэйгээр сонгон шалгаруулах”, Харилцаа холбооны тухай хуулийн 6-р зүйлийн 6.1.4-т зааснаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ын 2.7-д “Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгосон тохилолдолд сонгон шалгаруулалтын эрхийн төлбөрийг Харилцаа холбооны зохицуулах хороо тухай бүр тогтооно” гэж заасан. Иймээс ажлын албанаас Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн “Нээлттэй сонгон шалгаруулалтын эрхийн төлбөрийн хэмжээ”-г батлах тухай танилцуулга, холбогдох тооцоо судалгаа, үндэслэл, тогтоолын төслийг боловсруулан тус хуралдаанд хэлэлцүүлэв. Зохицуулах хорооны 2021 оны ээлжит 4 дүгээр хуралдаанаас Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2017 оны А/42 тоот тушаалын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ын 2.7-г тус тус үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын эрхийн төлбөр тогтоох тухай” 25 тоот тогтоол болон хавсралтаар  “Сонгон шалгаруулалтын эрхийн төлбөрийн хэмжээ”-г тогтоож баталсан.

Тус хуралдаанаар “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 2020 оны 11 дүгээр Хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийн талаарх танилцуулга”, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцээд, Хорооны хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу батлагдсан журам, нөхцөл шаардлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээний тухай” 10 дугаар тэмдэглэлийг гаргав. Тэмдэглэлээр, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 30 дугаар зүйлийн 30.1.4, 30.1.6-д заасны дагуу Зохицуулах хорооноос баталсан дараах нэр заасан зохицуулалтын журам, нөхцөл, шаардлагуудыг үйлчилгээ эрхлэгчид, холбогдох ТББ, оролцогч талуудад сурталчилан таниулах, аргачлал, мэргэжил арга зүйн зөвлөмж, зааварчилгааг боловсруулах, сургалт хийх ажлуудыг төлөвлөгөө гарган үе шаттайгаар хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн үр дүн, тайланг 2021 оны 12 дугаар сард Хорооны хуралдаанд танилцуулахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгов. Үүнд: Радиогоор дамжуулах зар сурталчилгааны зохицуулалтын журам; Телевизээр дамжуулах зар сурталчилгааны зохицуулалтын журам; Радиогийн хөтөлбөрт тавих шаардлага; Телевизийн хөтөлбөрт тавих шаардлага; Радиогийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага; Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага; Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага; Радио, телевизийн газрын сүлжээний үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага зэрэг болно.

Зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас боловсруулсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх болон үүрэн холбооны сүлжээ, үйлчилгээний хэвийн, найдвартай тасралтгүй ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хзгаарлагдмал нөөцийг түр хуваарилах, зохицуулах талаар танилцуулга”, үйлчилгээ эрхлэгч нараас ирүүлсэн хүсэлтийн судалгаа, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцүүлсэн болно. Энэхүү асуудлаар Хорооны хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд радио давтамжийн түр зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 11 дүгээр тэмдэглэлийг баталсан. Тэмдэглэлийн 1 дүгээр заалтаар УИХ-аас 2020 оны 04 сарын 29-ний өдөр баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 “бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд цахим, эсхүл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай, хүртээмжтэй хүргэх, багш болон суралцагчийн оролцоо, түүнд тавих хяналтыг сайжруулах”, 7.1.34 “цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, цэвэр ус, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах”, 18.1 “Энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл үйлчилнэ.” гэсэн заалтууд болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч оператор нараас цар тахлын нөхцөлд радио давтамжийн түр зөвшөөрөл олгох, ашиглах, сунгуулах  талаар ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэх, Ковид-19 цар тахал, түүнтэй тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн хэрэглээний сарын дундаж ачаалал нэмэгдсэн хэвээр байгаа, цаашид цахим сургалт, их, дээд, дунд сургуулиудын төгсөлт, шалгалттай холбоотой үүрэн холбоо, интернэтийн ачаалал нэмэгдэх хандлагыг харгалзан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусах хүртэл буюу 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үүрэн холбооны оператор нарт түр олгосон радио давтамжийг үнэ төлбөргүй ашиглуулах, түр олгосон тусгай зөвшөөрлийг сунгах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж тогтов. Тэмдэглэлийн 2 дугаар заалтаар, дээрх чиглэлээр түр ашиглах давтамжийн зохицуулалтын арга хэмжээг хуульд заасан хугацаанд зохион байгуулах, зөвшөөрөл бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд мэдэгдэх, тэмдэглэлийн заасан хугацаанд түр олгосон давтамжийг буцаан авах, үйл ажиллагааг уялдуулах талаар холбогдох хуулийн этгээд нартай хамтран ажиллах, авч хэрэгжүүлсэн ажлын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллах, шаардлагатай тохиолдолд тухай бүр хуралдаанд тайлагнан ажиллахыг Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар /З.Амгалан/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгов.

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар, өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас хамтран “Радио, телевизийн тусгай зөвшөөрөл авсан боловч 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа эхлээгүй, хугацаа хэтэрсэн нэр бүхий ААН, хуулийн этгээдийн талаар танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай” танилцуулга, үйлчилгээ эрхлэгч нарын жагсаалт, хуралдааны тэмдэглэлийн төслийг хэлэлцээд, Хорооны хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тэмдэглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, хяналт тавьж ажиллах талаар удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаварыг холбогдох ажлын албанд өгч үүрэг болгов.

Хорооны 2021 оны ээлжит 04 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт бүхий 4 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 4 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэв. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 27  тоот тогтоолын хавсралтаар 10 хуулийн этгээдэд 10 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дах заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 28 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 29 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 30 тоот тогтоолын хавсралтаар 7 хуулийн этгээдийн 7 тусгай зөвшөөрлийг сунгасан болно.

Бусад асуудлын хүрээнд ХХЗХ-ны дарга, гишүүдэд Мобиком корпораци ХХК-иас “Гомдол гаргах тухай” 2021 оны 1/1956 тоот албан бичгээр ирүүлсэн гомдлыг судалж үзээд холбогдох ажлын хэсгээс боловсруулсан танилцуулга, тайлбар мэдээлэл тухай асуудлыг хэлэлцсэн болно. Тус хуралдаанаас Хорооны хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 14 дүгээр “Харилцан холболт, дугаарлалтын гомдлын талаар  авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тэмдэглэлийг гаргахаар тогтов. Тэмдэглэлд зааснаар,  хуралдааны үеэр дарга гишүүдээс өгсөн удирдамж чиглэл, үүрэг даалгавар, зөвлөмжийг баримтлан ажиллах болон холбогдох байгууллага, хуулийн этгээдтэй харилцан холболт, дугаарлалтын гомдлын асуудлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, тусгай зөвшөөрөл түүний гэрээнд заасны дагуу шийдвэрлэх, гомдол маргааныг шийдвэрлэхтэй холбоотой авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулах, түүний хэрэгжилт үр дүнг 2021 оны 2 дугаар улиралд багтаан шаардлагатай тохиолдолд тухай бүр хуралдаанд тайлагнаж ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/, Зах зээл, үнэ тарифын үнэлгээ, судалгааны газар /Ч.Эрдэнэбулган/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т тус тус даалгав.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2021-05-10