- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн сонгуулийн сурталчилгаатай холбогдох заалтууд
- Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ НЭВТРҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Оршил
2021.04.05
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20-д “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмыг Харилцаа холбооны саналыг үндэслэн энэ хуульд нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хороо батална” гэж, мөн хуулийн 41.22-т “Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллана” гэж тус тус заасан нь Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмын төслийг боловсруулах эрх зүйн үндэслэл болно.
Энэхүү журам батлагдан гарснаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэхтэй холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйл болон 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 34.6, 43 дугаар зүйлийн 43.7, 43.8, 43.11, 43.15 дахь хэсэгт заасан харилцааг зохицуулах, хяналт тавьж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтыг хангаж ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм.
Энэхүү журмыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевиз дагаж мөрдөх бөгөөд олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд хамааралтай зарим чиг үүрэг туссан болно.
Тус хороо нь хуульд заасан дээрх чиг үүргийн хүрээнд Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын төслийг боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу холбогдох талуудаас санал авсны үндсэн дээр журмын төслийг Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хорооны хуралдаанд танилцуулсан бөгөөд тус хуралдаанаар журмын төслийг дэмжиж, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор батлагдсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын төсөлд санал авсан тухай
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20-д заасныг үндэслэн Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын төслийг энэ хуульд нийцүүлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу холбогдох талуудаас санал авахаар Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn болон Харилцаа холбооны зохицуулах хорооны www.crc.gov.mn цахим хуудсаар 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл 37 хоногийн хугацаатайгаар байршуулсан.
Мөн тус хорооны 2021 оны 01/98 тоот албан бичгээр Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 117 телевизийн үйлчилгээ эрхлэгч (өргөн нэвтрүүлгийн 77, арилжааны 40 телевиз), 31 радио, 12 ОСДҮЭ- болон Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын телевизүүдийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб Интернешнл ТББ, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хэвлэлийн хүрээлэнд тус тус санал авахаар хандсан болно.
Нийт 5 байгууллагын (ЦЕГ, ШӨХТГ, Орон нутгийн ТВ-үүдийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл) 23 санал ирснээс 13 саналыг хүлээн авч, төсөлд тусгасан, эдгээр саналын 7 санал нь агуулгын хувьд зарчмын ялгаа байхгүй, найруулгын шинжтэй болон хугацааг илүү тодруулсан саналууд байсан, саналын дагуу өөрчлөлт оруулсан, 5 саналыг үндэслэл бүхий шалтгаанаар хүлээн авах боломжгүй байсан, энэ талаар хэлэлцүүлгүүдэд тайлбарласан. Үлдсэн санал нь журамтай хамааралгүй байв.
Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоотой хамтран орон нутгийн телевизүүдийн дунд онлайн хэлэлцүүлэг 2021 оны 2-р сарын 24-ний өдөр зохион байгуулсан бөгөөд онлайн хэлэлцүүлэгт нийт 37 оролцогч оролцсон. Онлайн хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой заалтууд болон Монгол Улсын Их Хурлын сонгуулиас ялгаатай заалтуудыг танилцуулж саналыг авсан.
Мөн Түүнчлэн Глоб Интернэшнл ТББ-с олон улсын байгууллагуудтай хамтран орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан 2021 оны 3-р сарын 3-4-ний өдрүүдэд (11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотын сэтгүүлчдэд) зохион байгуулсан “Шударга, ёс зүйт сонгууль ба хэвлэл мэдээлэл” онлайн сургалтад Журмын төслийг, холбогдох талуудаас ирүүлсэн саналуудын хамт танилцуулж, хууль, журмын холбогдох заалтуудын талаар тодруулсан асуултад хариулт өгч, хэлэлцүүлсэн.
Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын зүгээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүдтэй 3 дугаар сарын 02-ны өдөр уулзалт зохион байгуулсан бөгөөд тус уулзалтад ШӨХТГ-аас ирүүлсэн 5 саналыг тусгайлан ярилцаж, 2 саналыг хүлээн авч, 3 саналын тухайд саналын томъёоллыг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлж, төсөлд тусгасан.
Тус журам нь бүтцийн хувьд 5 зүйл, 57 хэсэг болон 23 дэд хэсэгтэй. Мөн 1 хавсралттай болно.
Журмын төслийн агуулга:
- Нийтлэг үндэслэл
- Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх
- Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэх
- Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хүлээх үүрэг
- Сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт
Журмын төслийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.20-д заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.
Журмын төсөлд туссан онцлог заалтын тухайд:
2-р зүйл. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх радио, телевизийг бүртгэх:
- Зохицуулах хороо сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрхтэй радио, телевизийн үндсэн сувгийн жагсаалтыг, эзэмшлийн мэдээллийн хамт гаргах тухай
- Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийг хэрхэн бүртгэх, сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийн маягт гаргах, бүртгэхэд ямар шаардлага хангасан байх, бүртгэхээс татгалзах үндэслэл, дахин мэдүүлэг гаргах эрх,
- Хянаж, бүртгэсэн, сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн жагсаалтыг батлаж, мэдээлэх
Монгол Улсын Их хурлын сонгууль- Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмаас ялгаатай, нэмэлтээр орсон зохицуулалт:
- Радио, телевиз нь бүртгүүлэхээр ирүүлэхдээ 41.9.1-д заасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх төлөвлөсөн цагийн хуваарь гаргаж ирүүлэх
- МҮОНРТ –ийн сурталчилгаа нэвтрүүлэх, хуваарь гаргах зарчим нэмж тусгасан (2.12.1- 2.12.4 )
- Сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн үндсэн сувгаар, төлбөргүй нэвтрүүлэх;
- Cурталчилгааны нэвтрүүлгийн хоногт гарах нэг нам, эвслээс нэр дэвшигчид ногдох хугацаа нь 15 минутаас илүүгүй байх;
- Оргил цаг болон сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрүүдийн цагийг нам, эвслийн нэр дэвшигчдэд ижил боломж, нөхцөлөөр хуваарилах;
- Сурталчилгааны дарааллыг тооцохдоо сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдрийн сүүлийн хуваарьт цагаас эхлэн тоолох зарчмаар хуваарилах
- Төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг гаргахад баримталсан зарчим, дүрмээ нам, эвсэл, нэр дэвшигчид болон олон нийтэд ил тод мэдээлэх
3-р зүйл. Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай:
- Радио, телевиз нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу сонгуулийн сурталчилгаа гэдгээ тодорхой нэвтрүүлгийн туршид илэрхийлэх, эх сурвалжийг заавал дурдах,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т заасан бүх нам, эвсэл, нэр дэвшигчид тэгш хандах зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх тухай
- Мэдээг хэрхэн нэвтрүүлэх, сонгуулийн сурталчилгаа гэж үзэх нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн төлбөрт мэдээг хэрхэн нэвтрүүлэх
- Өөрийн редакцийн мэдээг ямар зарчим баримтлан гаргах,мэдээний 5 минутыг хяналт, мониторинг-д бүртгэх,5 минутад хамааруулж тооцох
- Нам, эвсэл, нэр дэвшигчид хамаарах, эх сурвалжийг дурдаагүй төлбөрт, захиалгат нэвтрүүлэг, зар сурталчилгаа нэвтрүүлсэн, нам, эвсэл, нэр дэвшигчийн зураг, дүрс бичлэг, намын уриа, далбааг сурталчилгаа гэж ойлгогдохуйц байдлаар харуулсан бол сонгуулийн сурталчилгааны хугацаанд оруулж тооцох
- Ямар телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх (тухайлбал:хүүхэд,теле худалдааны төрөлжсөн болон төлбөртэй радио, телевизээр нэвтрүүлэхгүй байх)
- Сонгуулийн сурталчилгаанд хамаарахгүй нэвтрүүлгүүд гм.
Монгол Улсын Их хурлын сонгууль- Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмаас ялгаатай, нэмэлтээр орсон зохицуулалт орсон зохицуулалт:
- Мэдээ, мэдээлэл дагнан гаргах гэж юуг ойлгох (мэдээллийн хөтөлбөрөөр зөвхөн нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн үйл явцын мэдээ, мэдээлэл гаргахыг дагнан гаргах гэж ойлгоно)
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.23-т заасан сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ хугацааны хувьд мөн тэнцвэртэй байх зарчмыг баримтлах;
- Мэтгэлцээний нэвтрүүлэгт нийт нэр дэвшигчийг бүрэн оролцуулах, оролцогчдод ижил асуулт тавих, хариултын хугацаа тогтоох зэрэг мэтгэлцээний тогтсон дэгтэй байх, оролцсон нэр дэвшигчдийн нэрийг намын харъяаллын хамт тодорхой илэрхийлсэн байна.
- Сонгуулийн сурталчилгааг хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн хэлээр нь нэвтрүүлэхэд төрийн албан ёсны хэл болох Монгол хэлний хадмал тайлбар, дохионы хэлний орчуулгатай гаргана.
4-р зүйл. Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн хүлээх үүрэг:
- Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь сонгуулийн сурталчилгааны үеэр радио, телевизийн дохио, сигналыг таслахгүй, сувгийн дарааллыг өөрчлөхгүй байх
- Промо суваг, нүүр хуудсаараа сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхгүй байх
- Ухраах, нөхөх үйлчилгээг сонгуулийн сурталчилгаа зогсоосон цагаас эхлэн санал авах хугацаа дуусах хүртэл зогсоох
Монгол Улсын Их хурлын сонгууль- Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмаас ялгаатай, нэмэлтээр орсон зохицуулалт орсон зохицуулалт:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34.6, 43.11 болон энэ журмын 5.6-д заасны дагуу эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүгнэлт, санал, радио, телевизийн хөтөлбөр дамжуулалтыг зогсоох тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдэгдлийг үндэслэн тухайн радио, телевизийн хөтөлбөрийг хязгаарлаж зогсоох арга хэмжээг даруй авна.
5-р зүйл. Сонгуулийн сурталчилгаанд тавих хяналт:
- Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэх тухай,
- Хяналт, мониторинг хийх явцад хууль, журам зөрчсөн байж болзошгүй тохиолдол бүртгэгдсэн, эсхүл радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбоотой өргөдөл, гомдол хүлээн авсан тохиолдолд гомдлыг хянан үзээд өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад тайлбар, нотлох баримт, мэдээллийн хамт шилжүүлэх
- Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн тухай тайланг ШӨХТГ-т 10 хоногийн дотор хүргүүлэх
- Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээр нэвтрүүлсэн сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайланг олон нийтэд 15 хоногийн дотор мэдээлэх
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО