Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХХЗХ, Фэйсбүүк компани “Ногоон суваг”-ын хүрээнд CRS...
ХХЗХ, Фэйсбүүк компани “Ногоон суваг”-ын хүрээнд CRS системээр хамтран ажиллана
2021-03-25
ХХЗХ, Фэйсбүүк компани “Ногоон суваг”-ын хүрээнд CRS системээр хамтран ажиллана ХХЗХ, Фэйсбүүк компани “Ногоон суваг”-ын хүрээнд CRS системээр хамтран ажиллана

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компани хууль бус контентын талаарх гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Ногоон суваг” /Green channel/ буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оноос албан ёсоор нээн ажиллаж байгаа билээ.

Хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ /Community Standards/ болон Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг Фэйсбүүк нийгмийн сүлжээнд ханган, олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал учруулж болохуйц гэж үзсэн контенттой холбоотой технологийн арга хэмжээг авч ажиллаж байна.

“Ногоон суваг”-ын хамтын ажиллагааг сайжруулах, хууль бус контентын талаарх гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор 2021 оны 4 дүгээр сараас “Content Reporting System”-ийг нэвтрүүлэн Фэйсбүүк компанитай хамтран ажиллахаар боллоо.

Тус системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд  2021.03.24-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороо Фэйсбүүк компанитай цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Content Reporting System-ыг хэрхэн нэвтрүүлэх, мөн 2021 оны 6 дугаар сард зохион байгуулагдах Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацаанд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм.

Уулзалтад Монгол Улсын талаас Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төлөөллүүд оролцсон бол Фэйсбүүк компанийн талаас холбогдох албаны төлөөллүүд оролцлоо.