Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / З.АМГАЛАН: ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЖ БУЙ...
З.АМГАЛАН: ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЖ БУЙ УТАСГҮЙ ТЕХНОЛОГИЙН ҮР НӨЛӨӨ
2020-09-14
З.АМГАЛАН: ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЖ БУЙ УТАСГҮЙ ТЕХНОЛОГИЙН ҮР НӨЛӨӨ З.АМГАЛАН: ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖИЛД ҮЗҮҮЛЖ БУЙ УТАСГҮЙ ТЕХНОЛОГИЙН ҮР НӨЛӨӨ

Өнөө үед харилцаа холбоо, мэдээллийн технологийн цар хүрээ асар өргөжиж салбарын гол бодлого нь цахим засаг, өргөн зурвасын интернэт, блокчэйн, их өгөгдөл, старт-ап зэрэгт чиглэгдэж байгаа хэдий ч утасгүй төхөөрөмжүүдийн хэрэглээ, ашиглалт бидний өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нэмэгдсээр байна. Тухайлбал Wi-Fi, Bluetooth, NFC технологи бүхий гар утас, таблет, компьютерыг бараг хүн бүр хэрэглэж байна. Бид машин дотроо радио сонсдог, гэртээ үнэ төлбөргүй телевизийн нэвтрүүлэг үздэг, хот хөдөө, дэлхийн өнцөг булан бүрд утасгүй харилцаа холбооны ачаар хэдэн тэрбум хүн хоорондоо тасралтгүй холбогдож, аюулгүй аялж байгаагаас гадна бидний эргэн тойронд утасгүй ухаалаг төхөөрөмжүүдийн тоо нэмэгдсээр байна.

Сүүлийн жилүүдэд утасгүй холбооны үйлчилгээ, утасгүй төхөөрөмжийн хэрэглээний огцом өсөлт нь дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц өндөр ач холбогдол өгч байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын мэдээлснээр 2019 онд хөдөлгөөнт интернэт ашигладаг идэвхтэй  хэрэглэгчийн тоо 5.18 тэрбумд хүрсэн. GSMA байгууллагын мэдээлснээр 2019 онд утасгүй төхөөрөмжийн борлуулалт дэлхийн ДНБ-ний 4.8 хувьтай тэнцэх 4.2 их наяд ам.долларыг дэлхийн эдийн засагт оруулсан байна. IoT Analytics-ийн мэдээллээс үзэхэд Зүйлсийн интернэт (IoT)-ийн зах зээл маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд одоогоор 7 тэрбум орчим төхөөрөмж зах зээлд ашиглагдаж байна.

Өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангахын тулд утасгүй холбооны технологи нь сүүлийн хэдэн арван жилийн турш тасралтгүй хөгжиж эдийн засгийн бүх салбарт нэвтэрч 5G, Зүйлсийн интернэт, Өргөн зурвасын интернэт, Хиймэл оюун ухаан, Ухаалаг хот, Ухаалаг тээврийн хэрэгсэл гэх мэт хүчирхэг шинэ технологиудын үндсэн тулгуур болсоор байна.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь 2019 оны 11 дүгээр сард Египет улсын Шарм Эль Шейх хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Радио холбооны ээлжит их хурлаар “Ирээдүй бол утасгүй холбоо юм”, “Утасгүй харилцаа холбооны дэвшилтэт технологиуд нь дижитал шилжилтийг амжилттай хийж ирээдүйн дижитал нийгэм, аж үйлдвэрлэлийн 4 дүгээр хувьсгалд өндөр хувь нэмэр оруулах болно” гэж цохон тэмдэглэсэн байна.

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах радио давтамжийн менежмент, зохицуулалтыг оновчтой, эдийн засгийн үр ашигтай хийх нь үндэсний болон олон улсын засгийн газруудын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн нэг болж байна.

Радио долгион нь агаар дахь цахилгаан соронзон долгионы өчүүхэн хэсэг буюу зөвхөн 1 хувийг нь л эзлэх байгалийн хязгаарлагдмал нөөц бөгөөд төрийн өмч. Тиймээс радио долгионыг үндэсний төдийгүй олон улсын хэмжээнд төлөвлөх, зохицуулах, радио төхөөрөмжүүдийг хугацааны ямар ч агшинд аливаа саадгүй, харилцан нөлөөлөлгүй ажиллах баталгааг хангах зайлшгүй шаардлагатай байдаг.

Монгол улс нь 1964 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Олон улсын цахилгаан холбооны байгууллагын гишүүн болсон бөгөөд Дэлхийн 193 орны Засгийн газрууд Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай тогтмол нягт хамтран ажиллаж 4 жил тутам 50 гаруй хоногийн турш зохион байгуулагддаг Дэлхийн Радио холбооны Их хурлаар радио холбооны 40 гаруй үйлчилгээнд ашиглаж буй радио давтамжийн зурвасуудыг хамгаалах, өөрчлөх, шинэ утасгүй холбооны технологийг тодорхойлох, түүнд давтамж хуваарилах, шинэ технологийн стандарт батлах зэрэг асар олон үйл ажиллагаанд өөрийн орны салбарын бодлого, зорилт, зорилгыг тусган оролцож Дэлхийн радио холбооны дүрмийг хамтран баталдаг. Энэхүү дүрэм нь 4 боть 4000 гаруй хуудастай бөгөөд дараагийн 3-4 жилд мөрдөгдөх олон улсын Засгийн газрууд хоорондын гэрээ болдог.

Улс орон бүр Олон улсын цахилгаан холбооны Конвенц, Дэлхийн радио холбооны журам, дүрэм, стандарт, зөвлөмжтэй нягт уялдсан үндэсний радио давтамжийн төлөвлөлт, зохицуулалт, хуваарилалтын баримт бичгийг баталж мөрддөг. Учир нь ямар ч улсын харилцаа холбооны удирдах байгууллага нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын гишүүн бөгөөд түүнээс гарсан дүрэм, журмыг өөрийн нутаг дэвсгэрт мөрдөх, биелүүлэх үүрэг хүлээдэг болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 

РДХЗГ-ын дарга З.Амгалан