Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
2020-09-02
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр болов.

Тус хорооны 2020 оны  ээлжит 8 дугаар хуралдаанаар  "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх, хяналт тавих журам"-ын төсөл, танилцуулга (Хуралдааны тэмдэглэл: СЕХ-д батлуулахаар төслийг хүргүүлэх); “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, танилцуулга (Хуралдааны тэмдэглэл: СЕХ-д батлуулахаар төслийг хүргүүлэх); “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ын төсөл, танилцуулга (Хуралдааны тэмдэглэл: ХХЗХ болон ЦЕГ-ын Дарга нар хамтран батлах); Өргөн нэвтрүүлгийн хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд боловсруулсан зохицуулалтын баримт бичгийн төслийн танилцуулга: Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам (ӨНТХ: заалт 30.1.7.в); Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл шинээр олгох, сэргээх, хугацаа сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудал) асуудлыг хэлэлцэн хорооны 5 тогтоолыг баталж, 3 хуралдааны тэмдэглэлээр холбогдох удирдамж, чиглэлийг ажлын хэсэг, бүтцийн нэгжийн удирдлагад өгсөн болно.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг соёрхон баталсан юм. Энэхүү хуулийн 45 дугаар зүйлээр Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах, 46 дугаар зүйлээр Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар хуульчлан зааж өгсөн бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйл, 47 дугаар зүйлийн зарим хэсгүүдэд сонгуулийн сурталчилгаатай холбоотой зохицуулалтыг хуулиар журамласан харилцааг тогтоосон. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.20 дахь хэсэгт “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журмыг Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд нийцүүлэн батална.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.22 дахь хэсэгт “Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд энэ хуулийн 45.20-д заасан журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хяналт тавьж ажиллана.” гэж хуульчилсан болно. Энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар, ажлын хэсгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдлөг болгон ажиллах “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төсөл, танилцуулга, хорооны хуралдааны тэмдэглэлийн төслийг боловсруулан 2020 оны ээлжит 8 дугаар хуралдаанд хэлэлцүүлсэн.  Журмын хэрэгжилтэд ХХЗХ нь хяналт тавьж ажиллахаас гадна Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх харьяаллаар Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, хяналт тавьж ажиллах харилцааг тусгасан. Журмын төсөлд тусгасан онцлог зохицуулалтын нэг нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нийтдээ 20.0-22.0 мянган нэр дэвшигчид оролцдог бөгөөд бүх шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд 6.5 мянган нэр дэвшигч (Сонгуулийн ерөнхий хорооноос авсан албан бус тоон мэдээ) сонгогддог. Энэ статистик мэдээлэл нь тухайн сонгуулийн сурталчилгаанд шууд хяналт тавих, мониторинг хийх техникийн болоод хүн хүчний, санхүүгийн бололцоогүй болохыг илэрхийлж байгаа тул журамд “сонгуульд оролцсон нам, эсвэл, нэр дэвшигчид болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол”-ын хүрээнд хяналт тавих, хяналт тавихтай холбоотойгоор тус Хорооны зүгээс тухайн өргөдөл, гомдолд дурдагдсан сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлсэн радио, телевизийн эфирийн бичлэг, бичлэгт дүн шинжилгээ хийсэн тайлбарыг зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр тусгасан байна.  Тус хуралдаанаас "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх, хяналт тавих журам"-ын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Хорооны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хуралдааны 12 дугаар тэмдэглэлийг батлав. Тэмдэглэлд, хуралдааны үеэр уг асуудлыг хэлэлцэх үеэр Хорооны дарга болон гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын төслийг хуралдаанаас зарчмын хувьд дэмжиж,  СЕХ-нд хүргүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Журмын төслийг Сонгуулийн ерөнхий хороонд албан тоотоор хүргүүлж, Сонгуулийн Ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, батлуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуунд/-т тус тус үүрэг болгосон. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.22 дах заалтыг үндэслэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр  Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /Д.Сэрээдорж/, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар/А.Лувсан-Очир/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуунд/-т тус тус даалгасан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 39 дүгээр зүйлийн 39.2.7, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.7–д заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах болон түүнд хяналт тавихтай холбогдон гарах харилцааг зохицуулах зорилгоор ажлын хэсгээс боловсруулсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслийг тус хорооны 2020 ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцэн, хуульд заасны дагуу СЕХ-д хүргүүлж, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 21 дүгээр тогтоолоор батлуулан хэрэгжүүлж УИХ-ын сонгуулийн үеэр хяналт тавьж ажилласан.  Ажлын хэсгээс аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд энэхүү журамд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Тус хуралдаанаар уг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн баримт бичиг, холбогдох танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг авч хэлэлцээд, хуралдааны үеэр Хорооны дарга болон гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган “Цахим орчинг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зарчмын хувьд дэмжиж, Хорооны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хуралдааны 13 дугаар тэмдэглэлийг батлав. Тэмдэглэлээр, журмын төслийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Энэхүү журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг СЕХ-ны хуралдаанаар хэлэлцүүлэх, батлуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар /С.Долгорсүрэн/, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З. Эрдэнэчулуунд/-т тус тус үүрэг болгов.

Тус хуралдаанд УИХ-аар соёрхон баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13 дахь хэсгийг үндэслэн ХХЗХ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсгээс боловсруулсан журмын төсөл, танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төсөл авч хэлэлцэв. Хуралдаанаар “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжиж, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй гэж Хорооны 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хуралдааны 14 дүгээр  тэмдэглэлээр шийдвэрлэв. Журмын төслийг Цагдаагийн ерөнхий газарт албан тоотоор хүргүүлж, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга болон Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтарсан тушаалаар батлуулах, хамтран ажиллахыг ажлын хэсэг, хорооны холбогдох газар, хэлтэст тус тус даалгав.

Өргөн нэвтрүүлгийн хууль 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос энэхүү хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын багц баримт бичгийг боловсруулж байгаа юм. Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 8 дугаар хуралдаанд Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар, холбогдох газар хэлтэс хамтран боловсруулсан “Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам” (ӨНТХ: заалт 30.1.7.в) баримт бичгийн төслийн эхний танилцуулгыг хийлээ. Энэхүү журмын зорилго нь олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцад тавигдах шаардлагыг тодорхойлох, үндсэн багцын үнэ тарифын үндэслэлийг хянах, үндсэн багцаас өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс тооцохтой холбоотой харилцааг зохицуулахад оршиж байна. Хуралдаанаас журмын төслийн анхны танилцуулга, баримт бичгийн төсөлд хуралдааны үеэр дарга, гишүүдээс өгсөн, зөвлөмжийг тусгах, оролцогч талууд, эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээд, ТББ-д хүргүүлэх, хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулан саналыг тусган Хорооны хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 8 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай”, “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай”,  “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”, холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт болон 5 тогтоолын төслийг хавсралтын хамт тус тус хэлэлцэж, энэхүү хуралдаанаас 5 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 8  дугаар сарын 25-ны өдрийн 53 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдэд 8 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн үндэслэн 2020 оны 8  дугаар сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 8  дугаар сарын 25-ны өдрийн 55 тоот тогтоолын хавсралтаар 6 хуулийн этгээдийн 6 тусгай зөвшөөрлийг сунгасан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дах заалт, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 005/06 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн 2020 оны 8  дугаар сарын 25-ны өдрийн 56 тоот тогтоолын хавсралтаар 10 хуулийн этгээдийн 10 тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаатай тус тус түдгэлзүүлсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2020 оны 8  дугаар сарын 25-ны өдрийн 57 дүгээр тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).