Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит бус 01 дүгээр хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.
ХХЗХ-ны 2020 оны ээлжит 01 дүгээр хуралдаанаар Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн баримт бичиг, мэдээллийг хүлээн авах, бүртгэх тухай; Олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэх, батлах; тусгай зөвшөөрлийн тухай зэрэг асуудлыг авч хэлэлцсэн болно. Энэхүү хорооны хуралдаан нь хэлэлцсэн дээрх асуудлаар 2 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлийг гарган удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг холбогдох газар, хэлтэст өглөө.
Тус хуралдаанд Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9, 46.11 дэх заалтуудыг үндэслэн УИХ-ын ээлжит 2020 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдэл ирүүлсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг бүртгэх тухай” танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төсөл, нийслэл болон орон нутгийн нэр бүхий радио, телевизийн жагсаалтыг тус тус боловсруулан ээлжит бус хуралдаанд хэлэлцүүлэв. Тус хуралдаанаас зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн үеэр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг бүртгэх тухай” 9 дүгээр хуралдааны тэмдэглэлийг батлан гаргав. Уг тэмдэглэлд, Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 (46.9 дэх хэсгийн 46.9.1, 46.9.2 болон 46.9.3 заалтууд), 46.11 дэх хэсгүүд, Сонгуулийн ерөнхий хороо болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 18/22 тоот хамтарсан тогтоолоор батлагдсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын 2.11 дэх хэсэгт тус тус заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс ирүүлсэн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг холбогдох хууль, тогтоомж болон журмын дагуу хянан үзсэний дагуу шаардлага хангасан радио, телевизийн бүртгэлийн жагсаалтыг авч хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын ээлжит 2020 оны сонгуулийн үеэр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг энэхүү хуралдааны тэмдэглэлийн хавсралтаар батлан бүртгэхээр тогтов. Тэмдэглэлийн 2-р заалтаар, бүртгэгдсэн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалтыг Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.21 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд хүргүүлэх, Харилцаа холбооны зохицуулах хорооны цахим хуудсанд байршуулан олон нийтэд мэдээлэх, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн хөтөлбөрт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 39 болон 48 дугаар зүйлийн холбогдох хэсгүүдэд заасан үзүүлэлтүүдээр мониторинг хийх, мөн хуулийн 46.10 дах хэсэгт заасан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий бус радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж байгаа эсэх талаар хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т үүрэг болгов. Уг хуралдааны тэмдэглэлийн хавсралт болох “Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхээр бүртгүүлсэн, сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизүүдийн жагсаалт”-ыг байгууллагын цахим хуудаст байршуулсан болно.
Тус хуралдаанаар зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас Сонгуулийн ерөнхий хороо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизтэй хамтран боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулиар Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай” танилцуулга, тогтоолын төсөл, хавсралт сурталчилгааны нэвтрүүлгийн хуваар, цаг хуваарилсан саналыг тус тус авч хэлэлцсэн болно. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 46.4, 46.11, 46.22 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн Хорооны 2020 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаанаар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай” 38 дугаар тогтоол, тогтоолын хавсралтаар хуваарь, цагийг баталсан болно. Сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд олгосон сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийг Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэхдээ батлагдсан хуваарь, цагийг мөрдөж ажиллахыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /Ерөнхий захирал Л.Нинжжамц/, Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг батлагдсан хуваарь, цагийн дагуу нэвтрүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т тус тус үүрэг болгов.
Тус хуралдаанаар зөрчил арилгасан тайлан, танилцуулга болон тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг авч хэлэлцээд, “Лха хөх тэнгэр” ХХК илэрсэн зөрчлийг арилгах талаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн хэдий ч зөрчил бүрэн арилаагүй, тус компанитай байгуулсан 13400099 тоот гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т “Зохицуулах хороо нь давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар биелэгдэх боломжгүй үүргийг түр зогсооно” гэж заасныг үндэслэн Хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар хуралдааны Тэмдэглэлээр тус компанид зөрчилөө бүрэн арилгах хугацааг 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, ирүүлсэн тайлан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг 2020 оны 08 дугаар сарын ээлжит Хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Зохицуулах хорооны 2020 оны ээлжит бус 01 дүгээр хуралдаанаар “Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт болон 3 тогтоолын төслийг хавсралтын хамт авч хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанаас дараах 1 тогтоолыг хавсралтын хамт батлав. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг сэргээсэн болно.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).
Харилцаа холбооны зохицуулах хороо
2020-06-02