Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
2020-06-08
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр болов.

Зохицуулах хорооны 2020 оны  ээлжит 6 дугаар хуралдаанаар ХХЗХ-ны “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай” 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 38 тоот тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл шинээр олгох, сэргээх, сунгах, хүчингүй болгох асуудал) асуудлыг хэлэлцэн хорооны 5 тогтоолыг баталж шийдвэрлэсэн.

Тус хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т заасны дагуу олон нийтийн радио, телевизээс  ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзсэний үндсэн дээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө батлах чиг үүргийн дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь цагийн саналыг хуульд заасан хугацаанд хүлээн авч, тус хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 38 тоот тогтоолын хавсралтаар баталсан билээ.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3 (дахин бүртгүүлэх тухай), 34 дүгээр зүйлийн (нөхөн нэр дэвшүүлэх тухай) 34.1, 34.2 -т заасан үндэслэлээр Сонгуулийн Ерөнхий Хорооноос нам, эвслийн нийт 17 нэр дэвшигчийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр шинээр бүртгэсэн болохыг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2/180 тоот албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн.Иймээс ӨНЗГ-аас “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай” 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 38 тоот тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай танилцуулга, тогтоолын төсөл, хуваарь цагийн хугацааг  нам, эвслээс нэр дэвшигчдэд намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал, эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон намын Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг ерөнхийд нь харгалзан тус бүр ижил 15 минутын хугацаа олгох зарчмыг баримтлан боловсруулж, тус хуралдаанд хэлэлцүүлэв. Хуралдаан нь энэхүү асуудлаар Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3, 46.11 дэх хэсгүүд, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот тогтоолыг батлан шийдвэрлэсэн. Тогтоолд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.12-д заасан хугацаанд нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн, нэр дэвшигчийг нөхөн бүртгэсний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг”-т нэмэлтийг оруулсан. Түүнчлэн сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдэд олгосон сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийг Олон нийтийн радио, телевизээр нэвтрүүлэхдээ батлагдсан нэмэлт хуваарь, цагийг мөрдөж ажиллахыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /Ерөнхий захирал Л.Нинжжамц/-д, Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг батлагдсан нэмэлт хуваарь, цагийн дагуу нэвтрүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т тус тус даалгав. Энэхүү тогтоолыг нэмэлт оруулсан хавсралтын хамт байгууллагын цахим хуудаст байршуулсан болно.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 06 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай” “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай”, холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт болон 4 тогтоолын төслийг хавсралтын хамт авч хэлэлцсэн бөгөөд тус хуралдаанаас 4 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 6  дугаар сарын 02-ны өдрийн 40 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдэд 5 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн үндэслэн 2020 оны 6  дугаар сарын 02-ны өдрийн 42 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 6  дугаар сарын 02-ны өдрийн 43 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн 5 тусгай зөвшөөрлийг сунгасан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2020 оны 6  дугаар сарын 02-ны өдрийн 44 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).

Харилцаа холбооны зохицуулах хороо

2020-06-08