Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран...
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана
2020-05-14
Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана Г.ЧИНЗОРИГ: Сонгуулийн үеэр "Фэйсбүүк" компанитай цахимаар хамтран ажиллана

-Сонгууль зохион байгуулах хүрээнд танай байгууллагын бэлтгэл ажил ямар шатанд байна вэ. Нам, эвслүүд сурталчилгаанд ашиглах цахим хуудсаа танайд бүртгүүлж эхэлсэн үү. Хуулийн хугацаагаар бол батламж авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлж, танайд бүртгүүлсэн байх ёстой?

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46, 47-р зүйлийн дагуу радио, телевиз болон цахим орчинд сонгуулийн хуулийн хугацаанд хяналт тавих, арга хэмжээ авах тодорхой үүргийг хүлээсэн байгаа. Иймээс сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгүүдийг байгуулж үйлчилгээ эрхлэгчид болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна.

Цахим хуудасны хувьд Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1-д заасны дагуу 3 хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно. Иймээс нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас тус бүр нэгийг хуульд заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авснаас хойш 3 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлнэ. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос бүртгүүлсэн цахим хуудасны жагсаалтыг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлнэ. Тэгэхээр хуулийн хугацаанд энэхүү ажил хэрэгжинэ. Бид холбогдох бэлтгэл ажлыг хангаад байна.   

Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны хувьд сонгуулийн жил эхэлсэн 2020 оны 1-р сараас эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх телевиз, радиогоор нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгүүд байгуулагдаж холбогдох ажлуудыг хийж байна.

-Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам болон  Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам батлах тухай тогтоолын төслийг танай байгууллага өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний ээлжит хуралдаанаараа хэлэлцжээ. Уг журам, тогтоолын төслүүдтэй холбоотой ямар санал, дүгнэлт гаргасан бэ. Өмнөхөөс ямар ялгаатай вэ?

Хуулийн дагуу “Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ыг ЦЕГ болон ХХЗХ-ны саналыг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны 04-р сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2020 оны 04-р сарын 28-ны өдөр бүртгэгдсэн. Өмнөх сонгуулийн хуулиас ялгаатай гол зүйл нь цахим орчинд сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх зохицуулалтыг илүү нарийвчилж, холбогдох эрх бүхий төрийн байгууллагууд хурдан шуурхай ажиллах уялдаа холбоог хангаж өгсөн.

“Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг ХХЗХ, СЕХ хамтран баталсан. Энэ удаагийн журамд өмнөхөөс ялгаатай хэд хэдэн зохицуулалт бий. Тухайлбал, радио, телевизүүд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлээ өмнө нь СЕХ-нд хүргүүлж, бүртгүүлж байсан бол энэ удаад ХХЗХ-нд хүргүүлж, бүртгүүлнэ. Сурталчилгаа нэвтрүүлсэн тайлангаа ХХЗХ-нд 7 хоног бүр тайлагнаж байсан бол одоо сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор олон нийтэд мэдээлэх, энэ тухайгаа ШӨХТГ-т албан бичгээр хүргүүлэх үүрэгтэй болсон. Мөн нам эвсэл, нэр дэвшигчдээс бэлтгэсэн мэдээг сурталчилгаа гэж үздэггүй байсан бол энэ удаад сонгуулийн сурталчилгаанд тооцох ба тухайн радио, телевиз редакцын мэдээнээс тусад нь гаргах ёстойг зааж өгсөн.

Хамгийн гол нь хариуцлага өндөр болж, тухайн хариуцлагыг ямар байгууллага тооцох нь илүү тодорхой болсон.

-Цар тахалтай холбогдуулан дээрх тогтоол, журмыг дахин хэлэлцэж, батлах шаардлага бий юу. Өөрөөр хэлбэл, гуравдугаар сард баталсан тогтоолыг зургадугаар сард хэрэгжүүлэхэд хүндрэл үүсвэл ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай эдгээр журмууд нь 2020 оны 4 дүгээр сард батлагдсан тул дахин өөрчлөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Шинэ төрлийн коронавирус COVID-19 цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас  авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоол, журмын дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байна.

Хуулинд өөрчлөлт орсон тохиолдолд уг зохицуулалтыг дагаж журамд өөрчлөлт орох магадлалтай юм.

-Ерөнхийлөгч, СЕХ болон УОК-ынхонтой уулзаж, цар тахлын үед сонгууль зохион байгуулахад дагаж, мөрдөх журам боловсруулах саналыг холбогдох албаныханд тавьсан. Үүнтэй холбоотойгоор танай байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт орох уу?

Цар тахалтайгаар холбоотойгоор сонгуулийн сурталчилгаа цахим орчинд илүү өрнөх боловуу гэсэн таамаглалаар бид өнгөрсөн 3 сараас эхлэн ажиллаж байна. Эдгээр бэлтгэл ажлын хүрээнд Фэйсбүүк компани болон Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч, интернетийн үйлчилгээ эрхлэгчидтэй видео хурлыг зохион байгуулаад явж байна. Сонгуулийн сурталчилгааны үед буюу 2020 оны 06-р сарын 02-24-ний хооронд ХХЗХ-ны ажилтанууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана.

-Энэ жил сонгуулийг уламжлалт хэлбэрээр, эсвэл цахимаар зохион байгуулах үгүй нь эргэлзээтэй байна. Гэхдээ сонгуулийн сурталчилгааг цахимаар явуулж магадгүй гэсэн яриа бий. Тэгвэл байгууллагын үүрэгт өөрчлөлт гарах байх, тийм үү?

Сонгуулийн сурталчилгаа нь телевиз, радио болон цахим орчноор явагдах нь тодорхой болсон. Иймээс сонгуулийн  тухай хууль тогтоомж болон бусад Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг цахим орчинд хангуулах, сонгуулийг шударга хуулийн дагуу явуулах нь  ХХЗХ-ны хуулийн дагуу хүлээсэн үүрэг юм.    

-Сонгуулийн сурталчилгааны үеэр зөрчил гаргасан сайт, хэвлэлийг сурталчилгааны хугацаа дуусах хүртэл хаана гэж УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгасан. Ингэж зохицуулах болсон шалтгаан юу вэ? Сануулах арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн үү?

“Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-д илүү нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн. Уг журмын 4-р зүйлд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийн дагуу тус хороо нь веб сайт, аппликэйшн-д хууль зөрчсөн мэдээ, мэдээллийг хязгаарлах мэдэгдлийг хүргүүлнэ. Хэрэв тухайн веб сайт нь мэдэгдэлд дурдсан арга хэмжээг даруй хэрэгжүүлэхгүй бол хуульд заасан технологийн арга хэмжээг авах зохицуулалтай байна. 

-Харилцаа холбооны зохицуулах хороо нь СЕХ-ны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтын бууруулах технологийн арга хэмжээг сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно гэж хуульд тусгажээ. СЕХ-ноос ямар санал гаргасан тохиолдолд ийм арга хэмжээ авах юм бол?

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасны дагуу СЕХ нь цахим орчин дахь олон нийтийн сүлжээнд сонгуулийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа тохиолдолд авах технологийн арга хэмжээний саналыг албан бичгээр ХХЗХ-д ирүүлнэ. ХХЗХ нь хуулийн дагуу хэрэгжүүлэх технологийн арга хэмжээний туршилтыг Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон Интернетийн үйлчилгээ эрхлэгчтэй хамтран хийж гүйцэтгэж байна.

-Нэр дэвшигчид подкаст, влог хийх зэргээр өөрийгөө таниулж, хийсэн ажлаа сурталчлаад эхэлжээ. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээр үүнд хэрхэн хяналт тавих юм бол. Онлайн буюу цахим сурталчилгаанд хязгаар тавих уу, подкаст, влогийг сурталчилгаанд хамаатуулах уу?

УИХ-ын сонгуулийн хуулийн 47.1.3-н дагуу бусад цахим хуудсууд бүртгүүлэхгүйгээр сонгуулийн  сурталчилгааг явуулах боломжтой. Харин сонгуулийн сурталчилгааг явуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл /нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа/-ийг олон нийтэд ойлгомжтой, ил тод харагдахуйц байдлаар нийтлэх ёстой. Мөн үйл ажиллагаандаа сонгуулийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх шаардлагатай. Ялангуяа хуулийн 48-р зүйл буюу хууль бус  сурталчилгааг нэвтрүүлэхгүй байх талаар анхаарах нь зүйтэй.

-“Фэйсбүүк” компанийнхан Монголд ирж хамтарна гэдгийг танай байгууллагаас мэдэгдэж байсан. Энэ ажил ямар түвшинд байна вэ?

Цар тахал гарсантай холбоотойгоор сонгуулийн үеэр Фэйсбүүк компанийнхан ирж чадахгүй болсон. Гэвч бид онлайнаар сонгуулийн сурталчилгааны хугацаанд шууд холбогдож ажиллахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Өнгөрсөн 4-р сарын 30-д бид СЕХ, ЦЕГ, ХХЗХ болон Фэйсбүүк компанийг оролцуулан онлайн хурлыг зохион байгуулсан. Мөн 5 сарын дундуур дахиад нэг хурлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

-Цахим сурталчилгаатай холбоотой ямар нэг асуудал, гомдол гарвал иргэд энэ талаар хаана хандаж, мэдэгдэх боломжтой вэ?

“Цахим орчныг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдлыг холбогдох эрх бүхий байгууллагад гаргах боломжтой. Холбогдох эрх бүхий байгууллага  гэдэг нь цагдаагийн байгууллага, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, тагнуулын байгууллага юм. Харин тус журмын дагуу ХХЗХ нь сонгуулийн сурталчилгаатай  холбоотой хэрэглэгчийн гомдол маргаан хүлээж авах боломжгүй. 

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин сэтгүүлч Г.Баясгалан