Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 03 дугаар хуралдааныг 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулав.
Энэхүү ээлжит хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд боловсруулсан холбогдох журам, баримт бичгийн төсөл “Цахим орчинг ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын танилцуулга; Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.20-т заасныг үндэслэн боловсруулсан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хамтарсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам батлах тухай” хамтарсан тогтоолын төсөл, танилцуулга, холбогдох журмын төсөл; “Дотоод хэрэглээний шуудангийн журам”-ын төслийн тухай; ХХЗХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл болон Хорооны 2019 оны хуралдааны тогтоол, шийдвэрийн биелэлтийн талаар танилцуулга; Тусгай зөвшөөрлийн тухай (тусгай зөвшөөрөл шинээр олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, сунгах, хүчингүй болгох асуудал); Бусад: Тусгай зөвшөөрлийн зөрчлийн улмаас авах хариуцлагын арга хэмжээ болон найдваргүй авлага нэмэгдэх эрсдлийг бууруулах саналын тухай зэрэг нийтдээ 8 асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус хорооны хуралдаан нь хэлэлцсэн дээрх асуудлаар хорооны хуралдааны 7 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 4 тэмдэглэлээр үүрэг даалгаварыг холбогдох газар, хэлтэст өгч үүрэг болгов.
Монгол Улсын Их Хурлаар 2019 оны 5 дугаар сард Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан баталсан хуулийн 4.2.3-т “дотоодын хэрэглээний шуудангийн журмыг Харилцаа холбооны зохицуулах хороо баталж мөрдүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн Шуудангийн зохицуулалтын газраас ”Дотоодын хэрэглээний шуудангийн журам”-ын төсөл, танилцуулга, тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд тус хуралдаанд хэлэлцүүлсэн. Уг асуудлыг хуралдаанаар хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Шуудангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсгийг тус тус үндэслэн “Дотоодын хэрэглээний шуудангийн журам батлах тухай” 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 тоот тогтоолыг хавсралт журмын хамт баталсан болно. Дотоодын хэрэглээний шуудангийн үйлчлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь энэхүү журам болон Шуудангийн тухай хууль, шуудангаар үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрэм, шуудангийн үйлчилгээний стандарт, холбогдох бусад хууль тогтоомж, Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан баримт бичгийг баримтлан дотоод хэрэглээний шуудангийн үйлчилгээг зохицуулах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү журмын хүрээнд байгууллагууд дотоодын шуудангийн илгээмжийн үйлчилгээг стандартын дагуу явуулах, цаг хугацаа хэмнэх, зардал бууруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Зохицуулах хорооны 2020 оны 16 тоот тогтоолыг хавсралт баримт бичгийн хамт ХЗДХЯ-ны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан 2020 оны ээлжит 3 дугаар хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.20-т заасныг үндэслэн тус хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас боловсруулсан Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хамтарсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам батлах тухай” хамтарсан тогтоолын төсөл, танилцуулга, холбогдох журмын төслийг авч хэлэлцээд, хорооны дарга болон гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусгаж хорооны гишүүдийн 100 хувийн саналаар “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам батлах тухай” 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны …..../22 тоот хамтарсан тогтоол, тогтоолын хавсралт журмыг батлахаар шийдвэрлэв. Уг хуралдааны 2020 оны 02 дугаар тэмдэглэлээр, энэхүү хорооны хуралдаанаар баталсан 2020 оны ........./22 тоот хамтарсан тогтоол, тогтоолын хавсралтаар баталсан “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд албан тоотоор хүргүүлж, Сонгуулийн Ерөнхий хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг тус Хорооны дарга, Нарийн бичгийн дарга, Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт тус тус үүрэг болгов. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцээд, Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар баталсан 2020 оны ......../22 тоот хамтарсан тогтоол, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын талаар зарчмын зөрүүтэй шийдвэр гараагүй тохиолдолд хамтарсан тогтоол, журмыг ажлын шугамаар албажуулан баталгаажуулах; хэрэв зарчмын зөрүүтэй шийдвэрийг баталсан тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хорооны ээлжит бус хуралдааныг зохион байгуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тогтов.
Зохицуулах хорооны 2020 оны ээлжит 3 дугаар хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.2.7, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.2.7–д заасан цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах болон түүнд хяналт тавихтай холбогдон гарах харилцааг зохицуулах зорилгоор тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар болон эрх бүхий байгууллагын (Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Мэргэжилийн хяналтын байгууллага) төлөөлөл бүхий ажлын хэсгээс хамтран боловсруулсан “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төсөл, холбогдох танилцуулгыг авч хэлэлцээд, тус хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3 дугаар тэмдэглэлийг батлахаар шийдвэрлэв. Тэмдэглэлд, уг хуралдааны үеэр Хорооны дарга болон гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусган “Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам”-ын төслийг зарчмын хувьд дэмжиж, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд батлуулахаар хүргүүлэх нь зүйтэй гэж үзэв. Хуралдаанаас энэхүү журам нь Сонгуулийн тухай хуулийн хүрээнд цахим орчин ашиглах, зохицуулалтын шинэ орчинг бүрдүүлэх ач холбогдолтой тул хуралдааны үеэр дарга, гишүүдээс гарсан болон ХХМТГ-аас шинэчлэн ирүүлэх санал, зөвлөмжийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дотор журмын төсөлд тусгах арга хэмжээг авах; журмыг хэрэгжүүлэх зөвлөмжийн төслийг боловсруулахыг Ажлын хэсэг, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газарт тус тус даалгав. Энэхүү журмыг Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд албан тоотоор хүргүүлж, Сонгуулийн Ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, батлуулах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Хорооны дарга, Ажлын хэсэг, Нарийн бичгийн дарга, Зохицуулалтын Бодлогыг хэрэгжүүлэх газарт тус тус үүрэг болголоо.
Тус хуралдаанаар Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан “ХХЗХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл болон Хорооны хуралдаанаар 2019 онд баталсан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн тайлангийн тухай”, “ХХЗХ-ны 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит”-ын дүгнэлт, санал зөвлөмжийн талаар танилцуулга, хуралдааны тэмдэглэлийн төслийг тус тус авч хэлэлцэв. Хуралдаанаас байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл болон Хорооны хуралдаанаар 2019 онд баталсан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангалттай сайн гэж дүгнэж, “ХХЗХ-ны 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудит”-ын дүгнэлт, санал зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг тус хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаар тэмдэглэлээр холбогдох газар, хэлтэст даалгав.
Тус хорооны 2020 оны ээлжит 03 дугаар хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл сунгах тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” холбогдох газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, үнэлгээний дүгнэлт болон 5 тогтоолын төслийг хавсралтын хамт авч хэлэлцээд, хорооны хуралдааны 5 тогтоолыг хавсралтын хамт батлан шийдвэрлэсэн. Үүнд:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 17 тоот тогтоолын хавсралтаар 20 хуулийн этгээдэд 20 тусгай зөвшөөрлийг шинээр олгосон;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.2 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 18 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдийн 7 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 19 тоот тогтоолын хавсралтаар 9 хуулийн этгээдийн 9 тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8 дугаар зүйлийн 8.6 дах хэсгийг тус тус үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 20 тоот тогтоолын хавсралтаар 8 хуулийн этгээдийн 12 тусгай зөвшөөрлийг сунгасан;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дах заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот тогтоолын хавсралтаар 4 хуулийн этгээдийн 7 тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).
Харилцаа холбооны зохицуулах хороо
2020-04-03