Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Фэйсбүүк болон ХХЗХ-ны хооронд “ногоон суваг” албан...
Фэйсбүүк болон ХХЗХ-ны хооронд “ногоон суваг” албан ёсоор нээгдлээ
2019-10-02

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Фэйсбүүк компанийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контентийн талаарх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай “ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг 2019 оны 06-р сараас эхлэн Монгол Улсад анх удаа албан ёсоор нээгээд байна.

Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж гагцхүү Фэйсбүүк хэрэглэгчдийн хэм хэмжээ “Community Standards” болон Монгол Улсын холбогдох хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд хангах хүрээнд олон нийтийн аюулгүй байдалд шууд аюул занал, учруулж болохуйц гэж үзсэн тухайн контент болон бүртгэлтэй хэрэглэгчийн хувийн аккаунтийг устгах, түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авч хамтран ажиллах болно.

Фэйсбүүк компани нь Монгол Улсын “green channel”-р ирүүлэх гомдол хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэж хариуг өгнө. Уг гомдол, хүсэлттэй холбоотой илүү мэдээлэл, судалгааг хийхэд ХХЗХ-ны ажлын баг ажиллана. Гэхдээ тухайн контентийн агуулга нь зөвхөн дараах хүрээнд байна. Үүнд:

  • Хүчирхийлэл болон гэмт хэргийн шинж чанартай
  • Олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөхүйц үзүүлсэн
  • Амиа хорлолт ба өөрийгөө золиослох
  • Хүүхдийн бэлгийн мөлжлөг
  • Садар самуун
  • Дээрэлхэх ба дарамтлах
  • Хувийн мэдээллийн нууцлал
  • Үзэн ядах үг хэллэг
  • Спам
  • Худал мэдээлэл
  • Оюуны өмч
  • Журамласан бараа бүтээгдэхүүн

Фэйсбүүк компанийн “Community standards”-ийн дагуу “public figure” буюу улс төрийн албан тушаалтан, тэдгээртэй холбоотой шүүмжилсэн, гүтгэсэн, доромжилсон агуулгатай аливаа төрлийн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг “ногоон суваг”-аар хүлээж авахгүй. Учир нь үзэл бодлоо илэрхийлэх олон улсын хэм хэмжээний дагуу олон нийт нь улс төрийн албан тушаалтны талаар хэлэлцэх, шүүмжлэх, мэдээлэл солилцох бүрэн эрхтэй юм.  

Түүнчлэн цаашид 2020 оны УИХ-ын сонгууль болон Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг фэйсбүүк нийгмийн сүлжээнд хангуулахад хамтран ажиллахаар төлөвлөж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО