Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын Улсын аврага тэмцээн 2019 оны 9-р сарын 7, 8-ны өдрүүдэд Бага Баян цогцолборын орчимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд нийт 10 гаруй багийн 35 тамирчин оролцож, W19/W35, M19/M40, W21, М21 насны ангилалд мэдлэг, ур чадвар, мэдрэмж, хүч чадлаараа уралдлаа.
Монгол улсад Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу үнэг агналтын тэмцээн нь 1970-аад оны эхэнд үүсэн хөгжиж Улс, хотын аварга шалгаруулах тэмцээнүүдийг явуулахын зэрэгцээ Олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн байна. Өнөөдөр манай олон тамирчид үнэг агналтын тэмцээний төрлөөр Ази тивийн АШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан ба өнгөрсөн жил БНСУ-д зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Ш. Одончимэг хувийн дүнгээр W35 ангилалд Монгол улсын анхны Хүрэл медалийг, багийн дүнгээр Ш. Одончимэг, Б. Бадмаараг, Л. Одмаа нар мөн анхны Хүрэл медалийг эх орондоо авчиржээ.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр Монголын радио спортын холбоо нь Монгол улсад Радио спортыг хөгжүүлэхийн тулд Олон улсад шинээр хөгжиж байгаа Фоксоринг, Спринтийн төрлүүдийг энэ жил анх удаа Улсын аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт оруулан зохион байгуулсан юм.
Фоксоринг, Спринт, Уламжлалт 3.5МГц-ийн төрлүүдэд тамирчид ойд нуусан 5-10 ширхэг бага чадлын нэвтрүүлэгчийг газрын зураг, луужин, хүлээн авагч ашиглан олж барианд орох ёстой бөгөөд 17 шүүгч тэмцээнийг шүүн явууллаа. Фоксорин, Спринт, Уламжлалт 3.5МГц-ийн хувийн, нийлбэр, багийн төрөлд нийт 21 багц медалийн төлөө өрсөлдсөн ба багийн дүнгээр 1-р байр. "Мөрөөдөл", 2-р байрыг "Радио спорт", 3-р байрыг ЗХ-ний 350-р анги тус тус эзэлсэн болно.
Түүнчлэн жил бүр үнэг агналтын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит болгон явуулах болсон байна.