Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ээлжит 8 дугаар хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулав.
Энэхүү хуралдаанаар “Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэн батлах тухай; Тогтоол хүчингүй болгох тухай (2012 оны 60 дугаар тогтоол: ХХЗХ-ны ажилтан, албан хаагчийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн дүрэм); Хорооны хуралдаанаар 2019 оны эхний хагас жилд баталсан тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийн танилцуулга; Ажлын хэсгээс "Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй телевиз, сувгуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг үндэслэн авах арга хэмжээний санал”-ыг шийдвэрлүүлэх тухай; “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай (2013 оны 27 тоот тогтоол); Засгийн газрын 2019 оны 149 тоот тогтоолыг хэрэгжүүлэх тухай; Томоохон өр авлагатай тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын талаар танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай; Тусгай зөвшөөрлийн тухай; Бусад зэрэг 9 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Уг хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 7 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, даалгавар холбогдох газар, хэлтсийн удирдлагад үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай” 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийг шинэчлэн баталсан. Энэхүү дүрэмд нийцүүлэн хуралдааны дэгийг шинэчлэн боловсруулж, хорооны 2016 оны 43 тогтоолоор “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэн баталж, хорооны 2017 оны 01 тоот тогтоол, 2018 оны 08 тоот тогтоолын хавсралтаар тус тус нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр оруулан баталж өнөөг хүртэл мөрдөж ирсэн болно. УИХ-ын чуулганаар “Харилцаа холбооны тухай” хууль, “Радио долгионы тухай” хууль, “Шуудангийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр соёрхон баталсантай холбогдуулан хорооны бүрэн эрх, чиг үүрэг өргөжин нэмэгдсэн нь “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-д заасан хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын хамрах хүрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Тухайлбал, “Харилцаа холбооны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийтдээ 16 заалт (9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.16); “Радио долгионы тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 11 (6 дугаар зүйлийн 6.1.1-6.1.11); “Шуудангийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар 11 (9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.7) заалтаар зохицуулах хорооны бүрэн эрх, зохицуулалтын баримт бичиг, дүрэм журам, төлөвлөлт, норм норматив батлах, хэрэгжилтэнд хяналт тавих хэм хэмжээний чиг үүрэгт зарим зарчмын нэмэлт, өөрчлөлт оруулаад байгаа юм. Салбарын эдгээр суурь хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар хорооны бүрэн эрх, хэм хэмжээний өргөжилт болон хуралдаанд бэлтгэх, зохион байгуулах, тогтоол шийдвэрийг албажуулах, баримтжуулах, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг үйл ажиллагааг боловсронгуй болгохоор “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэн боловсруулсан. Иймээс хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-аас “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэн батлах үндэслэл танилцуулга, тогтоолын төсөл, баримт бичгийн төслийг боловсруулан тус хуралдаанд хэлэлцүүлэв. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор баталсан “Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.4 дэх заалт, хорооны гишүүдээс гарсан санал зөвлөмжийг тусган тус хорооны 2019 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн “Шинэчлэн батлах тухай” 28 дугаар тогтоолоор “Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны дэг”-ийг шинэчлэн баталсан. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан хорооны 2016 оны 43 тоот тогтоол, 2017 оны 01 дүгээр тогтоолын хавсралт, 2018 оны 08 тоотын хавсралтыг тус тус хүчингүй болгов.
Энэхүү хорооны хуралдаанаар “ХХЗХ-ны 2019 оны эхний хагас жилд баталсан тогтоол шийдвэр, хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийн тайлан”, холбогдох танилцуулгыг хэлэлцээд, цаашид хуралдааны тэмдэглэлээр өгсөн хугацаатай үүрэг даалгавар, удирдамж чиглэлийн хэрэгжилтэд түлхүү анхаарч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д өгөв. Харилцаа холбооны зохицуулах хорооны (2019 оны эхний хагас жил) хуралдааны тогтоол, шийдвэр, хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийн талаар нэгтгэсэн мэдээллээс үзэхэд, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм, хуралдааны дэгийн хүрээнд удирдлагаас өгсөн удирдамж чиглэл, 2019 оны үйл ажиллагааны Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор тайлант хугацаанд буюу 2019 оны эхний хагас жилд, хорооны ээлжит хуралдааныг 6 удаа, ээлжит бус хуралдааныг 1 удаа тус тус зохион байгуулсан ба нийтдээ 24 тогтоолыг батлан шийдвэрлэж, хорооны хуралдааны 11 тэмдэглэлийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Байгууллагын цахим хуудаст хорооны хуралдааны тогтоолоор хүчингүй болгосон, шинэчлэн баталсан, нэмэлт өөрчлөлтийн мэдээллийг тухай бүр шинэчлэх арга хэмжээг авлаа. Хорооны хуралдаанаар батлагдсан тогтоол, тогтоолын хавсралтуудыг тусгай фолдерт байршуулан албан дотоод хэрэгцээнд ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Тус хорооны 2012 оны 60 тоот тогтоолын хавсралтаар “ХХЗХ-ны ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийг баталсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөж байна. Энэхүү ёс зүйн дүрмийг Төрийн албаны тухай 2018 оны хууль, салбарын суурь хуулиудад 2019 оны 5 дугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан, Захиргааны ерөнхий хууль, холбогдох хууль тогтоомжууд, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн жишигт нийцүүлэх зорилгоор хуучин баримт бичгийг хүчингүй болгож, шинэчлэн батлах шаардлага гарсан болно. Байгууллагын ёс зүйн дүрэм нь дотогшоо чиглэсэн баримт бичиг учраас хорооны 2012 оны 60 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хорооны даргын тушаалаар батлан мөрдөх зохицуулалт хийх зорилгоор хорооны хуралдааны тогтоол, тэмдэглэлийн төслийг боловсруулан хэлэлцүүлсэн. Хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд, дээр заасан холбогдох хууль тогтоомж, жишиг баримт бичиг, дүрэмд нийцүүлэн байгууллагын ёс зүйн хороог байгуулах, улмаар “ХХЗХ-ны ажилтан, албан хаагчдын ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн төслийг боловсруулсны дараа Хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, энэхүү асуудлыг түр хойшлуулсан болно.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь СХЗГ-аас мэдээлэл, харилцаа холбооны төхөөрөмжийн баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг 2014 онд зохих хууль, тогтоомжийн хүрээнд авч итгэмжлэгдсэн. Улмаар 2017 онд дахин итгэмжлэгдснээр 2021 он хүртэл мэдээлэл, харилцаа холбооны төхөөрөмжийн баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулах эрхээ сунган ажиллаж байна. Зохицуулах хорооны 2013 оны 27 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Баталгаажуулалтын хяналтын журам, Чанарын гарын авлага зэрэг 14 баримт бичгийн хүрээнд мэдээлэл, харилцаа холбооны төхөөрөмжийн баталгаажуулалтын үйл ажиллагааг гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа билээ. УИХ-аас 2018 онд шинэчлэн баталсан “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн холбогдох заалтууд /13, 14-р зүйл/, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3-д заасан бүрэн эрхийн хүрээнд харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих заалтыг хэрэгжүүлэх зорилгоор мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийг сорилт баталгаажуулалтад хамруулах эрх зүйн зохицуулалт шинэчлэх шаардлага гарч байгаа юм. Засгийн Газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”-д нэр бүхий мэдээлэл, харилцаа холбооны төхөөрөмжид заавал баталгаажуулалт хийхээр заасан болно. Иймээс эдгээр хууль тогтооомж, ЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тус хорооны РДХЗГ-аас “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ын төсөл, танилцуулга, тогтоолын төслийг боловсруулан хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дах заалт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн хорооны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам батлах тухай” 29 дугаар тогтоолыг баталж, уг тогтоолын хавсралтаар “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”-ыг шинэчлэн батлав. Энэхүү журмаар мэдээлэл харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах ерөнхий харилцааны зохицуулалтыг шинэчлэн баталж тогтоосон болно. Журмын хамрах хүрээнд заавал баталгаажуулалт, сайн дурын баталгаажуулалтын 2 төрлийн баталгаажуулалтын үйл ажиллагаа зохицуулна. Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтад заагдсан Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд болон бүх төрлийн радио төхөөрөмжүүд нь заавал баталгаажуулалтад хамрагдаа бөгөөд энэхүү жагсаалтад хамрагдаагүй тоног төхөөрөмжүүдийг сайн дурын баталгаажуулалтад хамруулж болно. Баталгаажуулалтын журмыг шинэчлэн баталснаар мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлын талаар холбогдох норматив техникийн баримт бичигт тогтоосон шаардлагыг бүрэн хангасныг үнэн зөв нотлох; хэрэглэгчид зөв сонголт хийх боломж олгох, зах зээлд хуурамч болон шаардлагад нийцэхгүй бүтээгдэхүүн Монгол Улсад оруулж ирэх, ашиглахаас хамгаалах ач холбогдолтой юм. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан зохицуулах хорооны 2013 оны 27 тоот тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”; 13 дугаар хавсралтаар баталсан “Баталгаажуулалтад хамруулах мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ангилал хамрах хүрээ, мөрдөх стандартын жагсаалт”-ыг тус тус хүчингүй болгов.
Тус хорооны хуралдаанаар “Томоохон өртэй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаарх танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, аудитын компаний зөвлөмж, хорооны хуралдааны тэмдэглэлийн төсөл, Даргын зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот хуралдааны тэмдэглэл, тусгай зөвшөөрлийн талаар цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг тус тус авч хэлэлцээд, хорооны хуралдаанаас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийн өр төлбөрийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 13 болон 14 дүгээр хуралдааны тэмдэглэлээр хугацаатай үүрэг даалгавар, удирдамж чиглэлийг өгч, холбогдох арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэн ажиллахыг Дэд дарга /Д.Сэрээдорж/, Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар /З.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгов.
Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон 4 тогтоолын төслийг авч хэлэлцэв. Энэхүү хэлэлцсэн асуудлаар 4 тогтоолыг батлан шийдвэрлэв:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 9 хуулийн этгээдэд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 30 тоот тогтоолын хавсралтаар 9 тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10.1, 10.2 дах хэсэг, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 30 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан;
- ХХЗХ-ны Даргын 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/57 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны 3-6 сарын хугацаанд нийтдээ 74 тусгай зөвшөөрөл эзэмшигч (Өргөн нэвтрүүлгийн ТВ-20, суваг-54) нарын хэмжээнд Харилцаа холбооны тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль; тусгай зөвшөөрлийн гэрээ; өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага; харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам болон бусад баримт бичгийн хэрэгжилт, зөвшөөрлийн үйл ажиллагааны нөхцөл байдал зэргийг газар дээр шалгаж ажилласан болно. Уг ажлын хэсгийн санал, дүгнэлт болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, тогтоолын төслийг хорооны хуралдаанаар хэлэлцээд, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дах хэсэг, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт болон Харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 57-07-002/14, 57-07-002/15, 57-07-002/17, 57-07-002/18 тоот дүгнэлтийг тус тус үндэслэн нэр бүхий 4 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн хорооны 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаар тогтоолыг; Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1.1 дах заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1, 12.1.4 дах заалтыг тус тус үндэслэн 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 33 тоот тогтоолыг тус тус батлав.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).
Харилцаа холбооны зохицуулах хороо 2019-08-22