Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага, НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллага хамтран 2019 оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагууд, Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллагууд, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг олон талын төлөөллийг оролцуулсан “Монгол Улсын Цахим хөдөө аж ахуй” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага, НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллага хамтран Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг харилцаа холбоо, мэдээллийн технологийг ашиглан хөгжүүлэх стратегийг боловсруулахад Монгол Улсын холбогдох байгууллагуудад техникийн хамтын ажиллагааны туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд уг зөвлөх үйлчилгээний хүрээнд анхны сургалт, семинараа 20 гаран байгууллагуудын төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулав.
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дах суурин төлөөлөгч Др. Винод Ахужа сургалт, семинарыг нээж үг хэлэхдээ “Монгол орны хувьд байгалийн гамшигаас хамааралтай хоол тэжээл, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг ХХМТ-г ашигласнаар шийдэх боломж байна.” гэсэн бол ОУЦХБ-ын Цахилгаан холбооны товчоон захирал хатагтай Дорин Богдан-Мартин “ХХМТ бол улс орон бүрийн нийгэм эдийн засгийн салшгүй чухал хэсэг болоод байна. Орон нутгийн болон мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн хүнс үйлдвэрлэх, тогтвортой, тэнцвэртэй аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх, хүнс, тэжээлийн аюулгүй байдлыг хангах, 2030 он гэхэд “өлсгөлөн”-г байхгүй болгох зорилгод хүрэх алхмыг хурдасгахад дижитал технологийг хөдөө аж ахуйн салбарт ашиглах нь нэн чухал байна.” гэж ХХМТ-ийн хэрэгцээ шаардлагыг онцлон дурдсан.
Сургалтаар оролцогч талууд хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй асуудлууд, тэдгээрийг ХХМТ ашиглан шийдвэрлэх арга замыг тодорхойлж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Уг арга хэмжээг оролцогч талууд салбар хоорондын хамтын үйл ажиллагааг дараагийн шинэ шатанд гаргахад чухал алхам боллоо гэж дүгнэлээ.
Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага болон НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллага энэ оны 2 дугаар улиралд дараагийн сургалт, семинарыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна.