Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хаягжилт-хаягийн бичвэр
Хаягжилт-хаягийн бичвэр
2019-03-28
Хаягжилт-хаягийн бичвэр Хаягжилт-хаягийн бичвэр

Хаягжилт болон шуудангийн кодын систем нь үндэсний дэд бүтэц төдийгүй нийгэм эдийн засгийн хөгжлийн чухал үзүүлэлт болдог.  Дэлхийн дахинд хаягжилт нь тухайн улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёлын хөгжил, зан заншил, хэлний онцлогтой шууд хамааралтайгаар хөгжиж ирсэн байдаг.

Хаягийг тодорхой болгох хамгийн анхны оролдлогыг 1512 онд Парис хотын Нотр Дамын гүүр (Pont Notre-Dame)-н байшингуудыг дугаарласнаар эхэлжээ. Улмаар 18-р зуунд Европыг бүрэн хамарсан бөгөөд засаг захиргааны нэгжтэйгээ уялдуулан шуудангийн хүргэлтийг оновчтой болгох зорилгоор гудамжнуудаа дугаарлаж эхэлсэн. Лондонгийн Шинэ төрх сонинд 1708 онд мэдээлснээр Prescott Street гудамжны байшингуудыг дараалан дугаарласан тухай тэмдэглэн үлдээжээ. 1720 онд Парис хот, Прага, Австрийн хаант улс энэ жишгээр дугаарлаж эхэлсэн түүхтэй. 1760 он гэхэд Прусс, Мадрид, Лондон, Парис, Вена гэх зэрэг Европын олон улсууд гудамж, байшингуудаа дугаарлах ажлыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж байв. Францын 15-р Луи хаан 1768 оны гуравдугаар сарын 1-нд Парисаас гаднах бусад хотуудын байшингуудыг дугаарлах, иргэдийг үүнд идэвхитэй хамрагдан байшингуудыг дугаарлах ажлыг эхлүүлэх зарлиг гаргаж байжээ. Зураг.1

1746 оны Лондон хотын зураг

Prescott Street –ын дугаарлалтын систем

Монгол Улс 1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн.  Хаягжилтын асуудал гэр хорооллын өсөлт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор 1990-ээд оноос хойш хурцаар яригдаж ирсэн. Хаягжилтыг тодорхой болгоход гудамжны нэршил чухал үүрэгтэй тул  нийслэлийн гудамж, зам, талбайг нэршүүлэх ажлыг эхлүүлсэн байдаг.

Орчин үеийн цахим технологийн хөгжил, хүн амын суурьшил, шилжилт хөдөлгөөн нь хаягжилтын асуудлыг шинэ түвшинд гаргахыг шаардаж байна. Монгол Улсад 2013 онд баталсан Хаягжуулалтын тухай хуулиар гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг хариуцах байгууллага, хаягжуулалтын ерөнхий зарчмыг тодорхойлон, журмаар зохицуулах асуудлуудыг тусгасан байдаг. Энэ хуулийн 4.7. дах заалтын “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар батална.” гэсэн заалтын дагуу  Засгийн газрын 2013 оны 280 дугаар тогтоолоор “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам” батлагдсан. Энэ журмаар нэр оноох асуудлыг тухайн орон нутгийн засаг дарга, иргэдийн төлөөлөл санал болгосноор геодези, зураг зүй, кадастрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хянаж, ИТХ-аар шийдвэрлэдэг. Үүний дараа хаягжуулалтын хаягийн зургийг   кадастрын байгууллага хариуцан хийдэг. Хаягийн суурь зургийг үндэслэн хаягийн иж бүрдэл хаягийн мэдээллийн санг кадастрын мэдээллийн санд нэгтгэн хадгалах ба хаягийг илэрхийлсэн баримт, хувийн хэрэг үүсгэх, өөрчлөх, цуцлах асуудлыг “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль”, “Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх, хөтлөх журам”-аар зохицуулна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Шуудангийн тухай хуулийн 3.1.10, 6.1.4, 9.1.3 дах заалтуудын дагуу шуудангийн илгээмж дээрх үйлчлүүлэгчийн хаягийн бичвэр, шуудангийн нэгдсэн кодтой холбоотой зохицуулалтыг хариуцдаг. Хаягийн бичвэрийг кадастрын хаягийн мэдээллийн сантай уялдуулан хийдэг юм.

Шуудангийн хаяг бол иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудыг холбох (цахим болон физик хаяг) үндсэн мэдээлэл бөгөөд иргэдийн өдөр тутмын амьдралыг холбох, төрийн болон бусад үйлчилгээ авах, цахим худалдаанд оролцоход чухал үүрэгтэй.  

Шуудангийн хаяг гэдэг нь илгээмж дээрх хүргэлт хийх буюу хаягт эзний тухай мэдээллийн цогц бөгөөд үүнийг илэрхийлсэн текстийг хаягийн бичвэр гэдэг.  Шуудангийн илгээмжийн хаяг нь дараах бүтэцтэй байх бөгөөд дор дурдсан элементүүдийг агуулна. Зураг.2

 

Зураг.2  Шуудангийн илгээмжийн хаягийн бүтэц

Монгол улс руу илгээх шуудангийн илгээмжийн хаягийн загвар болон холбогдох мэдээллийг дараах цахим хуудаснаас авах боломжтой.

http://www.upu.int/fileadmin/documentsFiles/activities/addressingUnit/mngEn.pdf

http://www.upu.int/fileadmin/documentsFiles/activities/addressingUnit/mng.pdf