Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн...
Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө
2018-10-26
Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө Монгол Улсын хаягийн бичвэр олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө

Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвөөс хаягийн бичвэрийг хөгжүүлэх зорилгоор S42 стандартыг гишүүн улс орнууддаа мөрдүүлдэг. Монгол Улсын хаягийн бичвэр нь тус стандартын шаардлагад бүрэн нийцэж буйг тодорхойлж, аравдугаар сарын 18-ны өдөр Швейцарь улсын Берн хотноо зохион байгуулагдсан ДШХ-ны Ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр батламжийг ХХЗХ-ны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэннямд Дэлхийн шуудан холбооны дэд Ерөнхийлөгч Паскаль Сливаз, Ашиглалтын зөвлөлийн захирал Масахико Метоки нар гардуулсан байна.

Энэхүү стандарт нь хаягийн бичвэрийн хувилбаруудыг программчилснаар дэлхийн аль ч улсаас Монгол улсын хаягийн бичвэрийн загварын дагуу захидал илгээмж явуулах боломжийг хэрэглэгчдэд олгох юм.  Манай улс Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвийн хаягийн  санд хаягийн бичвэрийн 46 хувилбарыг латин болон кирилл үсгээр галиглан хадгалуулаад байна.  

Хил хязгааргүй хөгжиж буй цахим худалдаанд тулгарч буй бэрхшээл нь хаягийн бичвэрийн асуудал болоод байгаа бөгөөд энэхүү стандарт хэрэгжсэнээр шуудангийн илгээмж төөрөх, буцах зэрэг саатлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн шуудан холбоо нь S42 стандартын хэрэгжилтийг 2012 оноос эхлүүлсэн бөгөөд 2018 онд нэмж  Босни Герцеговина, Бермуд, Малави, Малайз, Монгол, Мьянмар  улсууд энэхүү стандартыг нэвтрүүлснээр одоогоор бүрэн хэрэгжсэн улс орон 54 болж, 25 улс орон баталгаажуулалтын бэлтгэл шатандаа байгаа аж.

Тодруулахад:  Дэлхийн шуудан холбоо нь 1874 онд байгуулагдсан эгнээндээ 192 улс орныг нэгтгэсэн НҮБ-ын мэргэшсэн ууган байгууллага юм.