Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл
2018-09-05
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2018 оны ээлжит 8 дугаар хуралдааны  мэдээлэл

          Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаан 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр болов.  

          Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын талаар танилцуулга(Хорооны 2018 оны 09 дүгээр хуралдааны тэмдэглэлийг хэрэгжүүлэх); “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,  техникийн нөхцөл, шаардлага”-д нэмэлт оруулах тухай (Хорооны 2016 оны 13 дугаар тогтоол,  2017 оны 42 тоот тогтоол); “Харилцаа холбооны богино зайн радио холбооны тоног төхөөрөмжийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага”-д нэмэлт оруулах тухай (Хорооны 2017 оны 44 тоот тогтоол); тогтоол хүчингүй болгох тухай (Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх, хэрэгжүүлэх); тусгай зөвшөөрлийн талаар боловсруулсан танилцуулга, санал дүгнэлт, тогтоолын төсөл; Бусад асуудал (Танилцуулга: РДХЗГ-аас Улаанбаатар хот, Зүүн бүсийн аймгууд, Төв, Сэлэнгэ, Булган, Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн ААН-д хийсэн 3 хэмжилт, хяналт шалгалтын тайлан, санал дүгнэлт; Цахим орчин, өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хүрээнд ХХЗХ-ноос Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар хийж гүйцэтгэсэн ажлын тайлан; ОУЦХБ-ын цахилгаан соронзон орны заавар (ITU EMF Guide), хүний биед үзүүлэх нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх гар утасны аппликэйшн-ны тухай) зэрэг нийт 10 асуудлыг хэлэлцсэн болно. Энэхүү хуралдаан нь хэлэлцсэн асуудлаар хорооны хуралдааны 7 тогтоолыг батлан шийдвэрлэсэн болно.  

          Тус хорооны 2018 оны ээлжит 8 дүгээр хуралдаанд, хорооны 2018 оны хуралдааны 09 дүгээр Тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын дагуу Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай“ танилцуулгыг хийлээ. Хуралдаанаар танилцуулгыг хэлэлцэх явцад хорооны нэр бүхий гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийн дагуу өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар саналаа боловсруулан 2018 оны ээлжит 9 дүгээр хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов.

          Зохицуулах хорооны 2017 оны 42, 44 тоот тогтоолыг ХЗДХЯ-нд хүргүүлэн хянуулах явцад ХЗДХЯ-ны 2017 оны 1-1/3781 албан тоотоор ХХЗХ-нд зөвлөмж ирүүлсэн ба энэхүү зөвлөмжид “Харилцаа холбооны зохицуулах хороонд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.10 дахь заалтуудаар радио давтамжийн зурвасын хуваарилалт болон харилцаа холбооны сүлжээний  болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох бүрэн эрхийг олгосон тул энэхүү эрх олгосон заалтын хүрээнд нийцүүлж, тогтоолын хавсралт баримт бичгийг  шинэчлэн баталж, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн мөрдөх нь зүйтэй” гэж үзсэн байна.

          Иймээс ХЗДХЯ-ны ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газар болон Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газар нь 2017 оны 42 дугаар тогтоол болон 2016 оны 13 дугаар тогтоолыг хавсралтын хамт Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн боловсруулж, 2017 оны 42 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,  техникийн нөхцөл, шаардлага”-д нэмэлт оруулах танилцуулга, тогтоолын төсөл, нэмэлт оруулах төслийг боловсруулсан. Тус хорооны хуралдаанаар энэхүү асуудлыг авч хэлэлцээд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтуудыг тус тус үндэслэн  2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад нэмэлт оруулах тухай” 33 тоот тогтоолыг батлахаар шийдвэрлэж, хорооны 2017 оны 42 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 1 дүгээр хавсралтад оруулах нэмэлтийг уг тогтоолын Нэгдүгээр хавсралт, 3 дугаар хавсралтад оруулах нэмэлтийг тогтоолын Хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсан болно. Тогтоолын хавсралтыг баталснаар “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-д нэмэлтээр хяналт хийх заалтууд, радио давтамжийн 1164-1215 МГц, 1240-1300 МГц, 1350-1400 МГц, 2025-2100МГц-ийн зурваст ажиллах тоон радио релейний станцын зурвасын хуваарилалт, техникийн болон ашиглалтын шаардлагыг шинээр тодорхойлжээ. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2016 оны 13 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дах хэсгийг хүчингүй болгов.

          Түүнчлэн зохицуулах хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаанаар тус хорооны 2017 оны 44 тоот тогтоолын талаар ХЗДХЯ-наас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах танилцуулга, тогтоолын төсөл, нэмэлтээр оруулах баримт бичгийн төслийг боловсруулан хэлэлцүүлсэн ба Хорооны 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлагад нэмэлт оруулах тухай” 34 тоот тогтоолыг хавсралтын хамт баталсан. Уг тогтоолд, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалтуудыг тус тус үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 44 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны богино зайн радио холбооны тоног төхөөрөмжинд ашиглах радио давтамжийн хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 1 дүгээр хавсралтад оруулах нэмэлтийг тогтоолын Нэгдүгээр, 14 дүгээр хавсралтаар оруулах нэмэлтийг энэхүү тогтоолын Хоёрдугаар хавсралт дагуу тус тус батлав. Тогтоолд нэмэлт оруулснаар ультра өргөн зурвасын (UWB) төхөөрөмжийн техникийн шаардлагыг шинээр тодорхойлон баталсан бөгөөд энэ төрлийн төхөөрөмж нь саадыг нэвтэрч гарах, газрын түвшнээс доош тандах радар, автомашины радар, байршил тогтоогч, тракинг, хиймэл дагуулын линк, тандан судалгааны хиймэл дагуулын системийн идэвхигүй мэдрэгч, радио астрономийн станц зэрэгт өргөнөөр ашигладаг.

          Хорооны 2018 оны 33, 34 тоот тогтоолыг хавсралтын хамт Захиргааны ерөнхий хуулийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд бүртгүүлэхээр ХЗДХЯ-нд хүргүүлээд байгаа болно.

          Тус хорооноос Захиргааны ерөнхий хууль болон холбогдох хууль, тогтоомжид хорооны тогтоол, шийдвэрийг нийцүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээнд 2002 оноос хорооны хуралдаанаар баталсан 180 гаруй тогтоол, нэмэлт өөрчлөлтийг хянан үзэж, ЗЕХ-д нийцүүлэн батлах, хүчингүй болгох, баталсан тогтоол шийдвэрийг ХЗДХЯ-д хүргүүлэн хянуулж, Захиргааны хэм, хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын бүртгэлд бүртгүүлж байна. Бүртгүүлсэн хорооны тогтоолыг хавсралтын хамт Захиргааны ерөнхий хуулийн дагуу эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем (www.legalinfo.mn), хорооны цахим хуудас (www.crc.gov.mn)-д тус тус байршуулж байгаа билээ. ЗУХАГ-аас Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй, хуулиар журам гаргах эрх олгоогүй, үйлчлэх хугацаа дууссан, гинэчлэн батлах шаардлагатай  журам, нөхцөл шаардлага, нэмэлт өөрчлөлтийг оруулж баталсан, дотооддоо Даргын тушаалаар батлан мөрдөх боломжтой зарим зохицуулалтын баримт бичгүүд, холбогдох хорооны тогтоолын судалгааг гаргаж, Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн явцыг нэгтгэн хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаанд хэлэлцүүлэв. Энэхүү асуудлаар хорооны 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн  “Тогтоол хүчингүй болгох тухай” 35 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 49.1 дэх заалтыг үндэслэн баталсан. Тогтоолоор тус хорооны баталсан зарим журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын бичиг баримт, хуваарилалт болон холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан хорооны 8 тогтоолыг хавсралтын хамт хүчингүй болгон шийдвэрлэв.

          Тус хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын газар, ШУТИС-ийн МХТС-тай хамтран ОУЦХБ-ын цахилгаан соронзон орны зааварыг (ITU-EMF Guide) орчуулж, Монгол Улсад мөрдөж байгаа холбогдох үндэсний стандарт, холбогдох дүрэм журам, баримт бичгийг тусган хүний биед цахилгаан соронзон орны үзүүлэх нөлөөллийн талаар олон нийтэд мэдээлэл түгээх гар утасны аппликэйшн боловсруулжээ. Уг аппликэйшн нь цахилгаан соронзон орны хүний биед үзүүлэх үр нөлөөний талаар олон нийт, хэрэглэгч нарт үнэн зөв мэдээлэл болон мэдлэг түгээх, аппликейшний тусламжтайгаар техник технологийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, түүнээс гарч байгаа эерэг, сөрөг нөлөөллийг аппликейшн хэлбэрээр зөвлөмж болгон хүргэх зорилготой юм. Хуралдаанаар энэхүү аппликэйшн хөгжүүлсэн төслийн тайлан, хэрэглээний талаар танилцуулгыг авч хэлэлцээд, аппликэйшныг иж бүрнээр нь хөгжүүлэн бүрэн дуусгаж, гар утасны хэрэглээнд нэвтрүүлэх, сурталчилах талаар удирдамж, чиглэл өглөө.

          Хорооны 2018 оны  ээлжит 8 дугаар хуралдаанаар баталсан 2018 оны 36, 37, 38, 39 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” нийт 4 тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 10 ААН, хуулийн этгээдэд 2018 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 36 тоот тогтоолын хавсралтаар тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.2.1 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэг, 10.3.1, 10.3.3 дах заалтыг тус тус үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 37 тоот тогтоолын хавсралтаар 2 хуулийн этгээдийн 2 тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дах заалт, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсэг, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дох заалтыг тус тус үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 38 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалт, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх заалт, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 12.1.1 дах заалт болон иргэн Г.Дөлгөөнөөс ирүүлсэн хүсэлтийг тус тус үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 39 тоот тогтоолоор 1 хуулийн этгээдийн 1 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгон тус тус шийдвэрлэсэн.

          Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас цахим орчин, өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын хүрээнд “ХХЗХ-ноос Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан”-г хорооны 2018 оны ээлжит 8 дугаар хуралдаанд танилцуулав. Хорооны хуралдаанаас ХХЗХ-ноос хийж гүйцэтгэсэн ажлын талаар үнэлэлт дүгнэлт өгч, ажлаа эрчимжүүлэх, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах, гүйцэтгэсэн ажлын хүрсэн үр дүн ач холбогдлыг сурталчилах, тайланд тусгасан төсөл, арга хэмжээний үр дүнг нэгтгэн УИХ-ын Байнгийн хороо, ЗГХЭГ, ХЗДХЯ-нд тайлагнах, хүргүүлэх нь зүйтэй гэж тогтов. 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

2018-09-05