Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн...
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт
2018-03-28
Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт Телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилтийн үр дүн, дүгнэлт

1.ТЕЛЕВИЗ, СУВГУУДЫН ДУУНЫ ГАРАЛТЫН ТҮВШИНД ХИЙСЭН ХЭМЖИЛТИЙН ҮР ДҮН, ДҮГНЭЛТ

Телевиз, сувгуудын дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох, өргөн нэвтрүүлгийн дууны дохионы өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны ерөнхий гаралтын түвшинд, эфир явж байх үед болон эфир хаасан үед студээс стандарт шаардлага хангасан тест дохиог өгөх замаар, түүнчлэн олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн хүлээн авах талд хэмжилтүүдийг тус тус хийж гүйцэтгэлээ.

Хэмжилтэнд ашиглагдсан багаж:

  • Tektronix:TG 8000 тест генератор
  • Tektronix: WFM 8200, WFM 2300 дуу, дүрсийн хэмжүүрийн багаж

Хэмжилтэнд ашиглагдсан дохио: 

  • Дүрсийн дохио нь 1080i 50, 75% Color bars (75% White)
  • Дууны дохио нь 1000Гц-ийн давтамжтай, - 18dBFS түвшинтэй

Телевиз, сувгуудад хийсэн хэмжилт

Орон нутгийн болон Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зарим телевиз, сувгуудын дууны дохиог дууны пульт, шилэн кабелийн хувиргагч-нэвтрүүлэгч, дуу, дүрсийн салаалагч, өсгөгчүүдийн гаралтууд, Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн Head-end-ийн тоног төхөөрөмжийн “Encoder”-ийн оролтонд болон шилэн кабелийн хүлээн авагчийн гаралтанд, хэрэглэгчийн хүлээн авах (STB) төхөөрөмжийн HDMI гаралт буюу хэрэглэгчид очиж байгаа дохионы чанарт хэмжилтүүдийг тус тус хийж гүйцэтгэлээ.  Хэмжилт хийсэн холболтын цэгийг зураг 1-т үзүүлэв.

 

Зураг 1. Телевиз, суваг, ОСДҮЭ-ийн оролт, гаралтууд дээрх хэмжилт хийсэн  цэгүүд

Хэмжилтийн үед үйлчилгээ эрхлэгчдэд илэрсэн нийтлэг зөрчлийн зарим зурагнаас үзүүлэв.

Зураг 2. Дууны гаралтын түвшин зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт өндөр  Tektronix WFM2300 анализатороор хэмжсэн хэмжилтийн дүрс

 Зураг 3. Дууны гаралтын түвшин зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэт бага, Tektronix WFM2300 анализатороор хэмжсэн хэмжилтийн дүрс

а) Дууны холболтыг зориулалтын бус кабелиар холбосон, чихэвчний гаралтнаас дууны ерөнхий гаралтыг өгсөн.

b) Дууны пультыг буруу газар буюу серверийн өрөөнд байрлуулсан  

 
 
Зураг 4. Зарим телевизүүдийн тоног төхөөрөмжийн технологийн бус холболтын зураг

Дээрх хэмжилтүүдийн үр дүнгээс харахад дууны түвшингийн харилцан адилгүй байгаа шалтгаан нь телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны холигчийн гаралт дээр өөр өөр зарчмын хэмжүүрийн багажууд тавигдсан байдгаас PML (Дууны зөвшөөрөгдөх хамгийн их утга-Permitted Maximum Level), PPM (Дууны агшин зуурын утга-Peak Programme Meter), AL (Alignment Level-Номинал түвшин) зэрэг дууны өөр өөр утгатай хэмжигдэхүүнүүдийг хэмждэг, мөн олонх телевизийн студийн дууны холигчийн дууны түвшин хэмжигч LED гэрлэн заагч нь хэмжих нэгжгүй  20, 18, 16, 14, 12 гэх мэт тоогоор тэмдэглэгдсэн байдаг учраас чухам хэдэн дециБелийн түвшин зааж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн тоног төхөөрөмжийн технологийн бус холболтууд, зориулалтын бус тоног төхөөрөмжүүд ашигладаг, зарим нэг телевиз дууны гаралт дээрээ түвшин автомат хязгаарлагч тавьсан байдаг боловч түүний хязгаарлах босгыг буруу тохируулснаас дууны гаралтын түвшин өөр өөр болж байдгийг тогтоов. Ялангуяа контент, нэвтрүүлэг үйлдвэрлэгчид болон үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн дуу оруулалтын цэг болон нэвтрүүлгийг эвлүүлэх хэсгүүдэд дууны дохионы гаралтын түвшинг стандарт хэмжээнд барьдаггүй, мэргэжлийн дууны инженер, найруулагч  байхгүй, зориулалтын хэмжүүрийн багажаар тодорхой графикийн дагуу хэмжилт хийж байх ёстой хэдий ч ихэнх үйлчилгээ эрхлэгчид зориулалтын хэмжүүрийн багаж байхгүй, инженерүүд нь хэмжилтийн тухай мэдлэг, дадлага дутмаг байгаагаас хэмжилт огт хийгдэдгүй гэх мэт шалтгаануудаас үүдэн Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид болон хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж буюу Set Top Box-ын гаралт, эцсийн хэрэглэгч дээр дууны түвшингийн талаарх зөрөөтэй ойлголтууд үүсэж улмаар телевиз, сувгуудын дууны сонсогдолтын түвшин их зөрүүтэй болж байна.

2. ОЛОН СУВГИЙН ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД БУЮУ ХҮЛЭЭН АВАХ ТАЛД  ХИЙСЭН ХЭМЖИЛТИЙН ДҮГНЭЛТ

Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчид дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан нь эх үүсвэр талдаа бус Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид (ОСДҮЭ) талдаа байдаг гэсэн 2 талын хоорондын үл ойлголцол байсаар байгаа юм. Энэхүү хэмжилтээрээ дээрх маргаантай асуудалд дүгнэлт өгөх, олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн “HEAD-END”-ийн тоног төхөөрөмжийн оролт тус бүрт  дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлох зорилгоор Супервижн ХХК-ийн “SBN” телевизээс шөнийн цагаар эфир зогссон үед дүрсийн тест дохио, дууны -18dBFS түвшинтэй стандарт дохиог өгч, Юнивишн, Скаймедиа корпораци ХХК-ийн IPTV, ДДэшТВ ХХК-ийн КаТВ, Эн Би Си ХХК-ийн MNBC, Сансар кабель ХХК-ийн Сансар КаТВ-үүдийн кодлогчийн /encoder/ төхөөрөмжийн оролт, шилэн кабелийн хүлээн авах төхөөрөмжийн гаралт болон  хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж /STB/-ийн гаралтууд дээр хэмжилтүүдийг тус тус хийж гүйцэтгэлээ.

Хэмжилтэнд ашиглагдсан багаж:

  • Tektronix  TG 8000 тест генератор
  • Tektronix WFM 8200, WFM 2300 дуу, дүрсийн анализатор

Хэмжилтэнд ашиглагдсан дохио: 

  • Дүрсийн дохио нь 1080i 50, 75% Color bars (75% White)
  • Дууны дохио нь 1000Гц-ийн давтамжтай, - 18dBFS түвшинтэй дохио

ОСДҮЭ(Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч)-ийн хүлээн авах талд хэмжилт хийсэн байдал

Супервижн медиа групп ХХК-ийн SBN телевизийн програмын ерөнхий гаралтын дууны дохиог хэмжихдээTG 8000 тест генератораас 1080i50, 75% Color bars (75% White) дүрсийн дохио, дууны 1000Гц-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй дохиог өгч  Юнивишн, Скаймедиа IPTV,  ДДэш КаТВ, MNBC КаТВ, Сансар КаТВ-үүдийн HEAD-END-ийн тоног төхөөрөмжийн оролтод хэмжилтийг тус тус хийж гүйцэтгэв.

 
Зураг 5. TG8000 Тест генератораас дууны 1000Гц-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй өгсөн дохио

BN телевизээс өгсөн тест дохиог ОСДҮЭ-ийн студи HEAD-END-ийн тоног төхөөрөмж, кодлогчийн /encoder/-оролт тус бүрт хэмжив. Дамжууллын трактад хийсэн хэмжилтийн бүдүүвчийг зураг 6-д харуулав.  

Зураг 6. ОСДҮЭ-ийн дамжууллын трактад хийсэн хэмжилтийн бүдүүвч схем

а) 2017 оны 07-р сарын 21, 02:08:04 секунд

ДДэшТВ КаТВ, Юнивишн IPTV-ийн  Encoder-ийн

оролтонд хэмжсэн дохионы түвшин

b) 2017 оны 07-р сарын 21, 03:24:56 секунд

Скаймедиа IPTV-ийн  Encoder-ийн оролтод

хэмжсэн дохионы түвшин

 

c) 2017 оны 07-р сарын 21, 04:17:52 секунд

Сансар КаТВ,  шилэн кабелийн хүлээн авагч

гаралтанд хэмжсэн дохионы түвшин

d). 2017 оны 07-р сарын 21, 04:59:32 секунд

 MNBC КаТВ,  шилэн кабелийн хүлээн авагчийн 

гаралтанд хэмжсэн дохионы түвшин

Зураг 6. Хүлээн авах талд хэмжсэн хэмжилтийн дүрсүүд

Супервижн медиа групп ХХК-ийн SBN телевизээс өгсөн дууны 1000Гц-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй тест дохиог ОСДҮЭ-ийн кодлогчийн /encoder/-оролт, шилэн кабелийн хүлээн авагчийн гаралтууд дээр тус тус хэмжилтийг хийхэд анх өгсөн дууны 1000Гц-ийн давтамжтай, -18dBFS түвшинтэй тест дохио жигд ижил түвшинтэй ирж байгаа нь хэмжилтийн үр дүнгээс харагдаж байна. Иймд ОСДҮЭ-чид нь телевиз, сувгуудаас ирж буй дууны түвшинг кодлогчийн /encoder/-оролт дээр өөрчлөх шаардлагагүй юм.

ЗӨВЛӨМЖ

Тус хороо өргөн нэвтрүүлгийн дууны түвшинг хэвийн, тогтмол хэмжээнд байлгахад үйлчилгээ эрхлэгчдийн анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг дээрх хэмжилт, судалгааны үр дүн, дүгнэлтэд үндэслэн шинэчлэн боловсруулав.

Хүснэгт 1. Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд хүргэх Зөвлөмж-1

Дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдэд  
1 Телевиз, сувгууд нь стандарт шаардлага хангасан түвшинтэй дохио нэвтрүүлдэггүй. Манай улсад одоо мөрдөгдөж байгаа MNS 5592-2:2016 Тоон телевизийн студи,  тоног төхөөрөмжид тавих ерөнхий шаардлага” стандартад тоон  дууны дохионы гаралтын түвшинг -18dBFS байна гэж заасан байдаг. Иймд гаралтын дууны түвшин нь -18dBFS, дээд хязгаар нь -9dBFS-с хэтрэхгүй дохиог дамжуулах;
2 Телевиз, сувгууд нь эцсийн дамжуулж байгаа HD/SD дохионы дууны түвшинг хянадаггүй, дууны хяналт хийх мэргэжилтэй боловсон хүчин байхгүй. Програмын гаралтандаа дууны түвшинг тохируулах, хянах дууны сонсогдолтын хэмжээ (хүч)-Loudness төхөөрөмжийг /стандартын шаардлага хангасан/ суурилуулж байнгын хяналт, тохиргоог автоматаар хийх, эсвэл мэргэжлийн дууны инженер, найруулагч ажиллуулж байнгын хяналт, тохиргоо хийлгэх, техник ашиглалтын дүрэмтэй болж үйл ажиллагаандаа хэвшүүлэн мөрдөж ажиллах;
3 Телевиз, сувгууд нь  гаралтын дууны түвшин, дүрсийн чанарыг хэмжих зориулалтын хэмжүүрийн төхөөрөмжгүй, тогтмол хэмжилт хяналт хийдэггүй. Стандартын шаардлага хангасан зориулалтын хэмжүүрийн багажтай болж, хэмжилт, хяналтыг тогтмол хийж дуу, дүрсийн гаралтын чанартаа хяналт тавьж ажиллах;
4 Стандарт шаардлагад нийцсэн үзүүлэлт бүхий тоног төхөөрөмж ашигладаггүй, холболтыг технологийн бус аргаар хийдэг.
  1. Ашиглаж буй тоног төхөөрөмжүүдийнхээ үзүүлэлтийг МУ-ын MNS 5592:1-2016 “Тоон телевизийн студи, тоног төхөөрөмжид тавих шаардлага” болон ОУЦХБ(Олон Улсын цахилгаан холбооны байгууллага) болон  Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос гаргасан өргөн нэвтрүүлгийн стандарт  шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж хэмжилт, анализ хийж, шаардлага хангахгүй төхөөрөмжүүдээ шинэчлэх, сайжруулах;
  2. Нэвтрүүлэг тасрах, доголдох зэргээр эфирийн алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх үүднээс гаралтын дохионы нөөц үүсгүүртэй болох;
  3. Тоног төхөөрөмжийн холболтыг стандарт шаардлагын дагуу мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх, эмх цэгцтэй байлгах, хаягжуулах;
  4. Дууны холигч гэх мэт мэргэжлийн төхөөрөмжүүдийг зөв суурилуулах, холболтыг стандартын дагуу хийх;
5 Дуу бичлэгийн өрөө, телевизийн бичлэгийн студи зэрэг өрөөнүүд стандарт шаардлага хангаагүй. Телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, бичих болон дуу оруулалтын өрөөг MУ-ын стандарт MNS 5592:1-2012 Телевизийн студи-Үндсэн шаардлага” стандартад заасны дагуу дуу шингээх материалаар доторлож шаардлагад нийцүүлэх;
6 Телевиз, сувгууд нь  гаднаас дууны янз бүрийн түвшинтэй контент авч түүндээ ямар ч хяналт тавихгүйгээр дамжуулдаг. Дамжуулах гэж буй контентынхоо дууны түвшинд хяналт тавьж шаардлага хангасан үзүүлэлттэй бичлэг авч байх, эсхүл дууны түвшинд тохиргоо хийж нэвтрүүлэх, дамжуулах  
7 Телевиз, сувгуудад байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүд дутуу/байхгүй/ учраас дуу, дүрсийн тест дохиог бичлэг хэлбэрээр нэвтрүүлдэг. Телевиз, сувгууд нь Монгол Улсын MNS 5592:1-2016 “Тоон телевизийн студи, тоног төхөөрөмжид тавих шаардлага” стандартад заасны дагуу телевизэд байх ёстой тоног төхөөрөмжүүдтэй болох; Эфир эхлэхдээ мастер гаралтаасаа өгч буй дууны 1000Гц-ийн давтамжтай -18dBFS дохионы чанар стандарт шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах;
8 Өөрсдийн дуу оруулалтын цэг, монтажлах хэсгүүддээ дууны гаралтын түвшинг стандарт хэмжээнд барьдаггүй. Телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчид нь  өөрсдийн дуу оруулалтын цэг, монтажлах хэсгүүддээ дууны гаралтын түвшинг стандарт хэвийн хэмжээнд барьж ажиллах, хяналт тавих;

Хүснэгт 2. ОСДҮЭ –д өгөх Зөвлөмж-2

Дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан Зөвлөмж-ОСДҮЭ-дэд
1 Олон сувгийн  дамжуулах үйлчилгээ эрхлэгчид нь телевиз, сувгуудаас ирж буй дууны дохиог хэмжих зориулалтын төхөөрөмжгүй.
  1. Стандартын шаардлага хангасан, дуу, дүрсийн хэмжүүрийн төхөөрөмжтэй болж, хэмжилт, хяналтыг тогтмол хийж гүйцэтгэх
  2. Телевиз, сувгуудаар шаардлагатай тохиргоог тухай бүр хийлгэх
  3. Монгол Улсын MNS 5592:1-2016 “Тоон телевизийн студи, тоног төхөөрөмжид тавих шаардлага” стандартад заасан үзүүлэлт бүхий дохиог хүлээн авч дамжуулах
2 Head-end-ийн тоног төхөөрөмжийн буруу тохиргоо нөлөөлдөг. ТВ, КаТВ-ийн ээлжийн инженерүүд хоорондоо утсаар ярьж дууны түвшинг дураараа нэмж, хасдаг үйлдлийг зогсоох, энэ талын буруу үйлдлийг холбогдох дүрэм журамдаа тусгаж  үйл ажиллагаандаа хэвшүүлэн  ажиллах
3 Хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөөр хүлээн авч дахин дамжуулалт хийдэг
  1. Телевиз, сувгуудаас ирж буй дуу, дүрсийн дохионы чанарыг бууруулахгүйгээр дамжуулах
  2. Хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжөөр дахин дамжуулалтыг хийхгүй байх