Мэдээлэл, харилцаа холбооны хиймэл дагуулын байршил тогтоох технологид суурилсан Зам, тээврийн яамны харьяа Тээврийн удирдлага, хяналтын шинэ төв өнөөдөр нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн сайд А.Гансүх, ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Тус төв нээгдсэнээр хот хооронд зорчигч тээвэрлэж буй авто тээврийн хэрэгсэлд гэмтэл гарах, эсвэл байгаль, цаг уурын өөрчлөлтөөс болж саатсан тохиолдолд жолооч аваарын товчийг дарснаар төвд гурван секунтын дотор мэдээлэл ирж, шуурхай арга хэмжээ авагдах боломж бүрдэж байгаа юм. Үүнд: Хэрэглэгчийн машинд суурилуулсан төхөөрөмжөөр дамжуулан хиймэл дагуулын тусламжтайгаар /GPS, GLONASS/ байрлал тогтооно. Түүнчлэн үүрэн холбооны операторын /GPRS, GSM/ сүлжээ болон үүрэн холбооны сүлжээнээс гарсан үед холбооны хиймэл дагуулын /INMARSAT/ системийг ашиглан өгөгдлийг дамжуулах, интернэтийн холболт ашиглан хэрэглэгчдэд мэдээлэл түгээх боломжтой болсоныг төвийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Зам, тээврийн сайд А.Гансүх онцлон тэмдэглэв.
“Тээврийн хяналт, удирдлагын төв”-ийн холболт, тоног төхөөрөмж, технологийн шийдлийг Монгол инженерүүд боловсруулжээ. Тээврийн хөдөлгөөнийг удирдах, хянах зориулалт бүхий анхны энэ төв нээгдснээр тээврийн салбарт хийгдэх томоохон технологийн шинэчлэлийн эхлэл боллоо гэж салбарын мэргэжилтнүүд үнэлж байсан.
Тээврийн удирдлага, хяналтын төв нь АНУ, Их Британи, Герман, Финланд, Япон, БНСУ, Канад, Сингапур, Латви, ОХУ-д үйлдвэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан програм хангамж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон болно.
Тээврийн удирдлага, хяналтын төв ашиглалтад орсонтой холбогдуулан Зам тээврийн яамнаас үе шаттайгаар тодорхой ажлуудыг мэдээлэл, харилцаа холбооны техник, технологийн шинэ ололтыг ашиглан хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: www.news.mn, Зам Тээврийн Яам