Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл
2017-07-17
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны ээлжит 6 дугаар хуралдааныг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав. Тус хорооны хуралдаанаар сувгийн зохицуулалтын талаар хорооны хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай (Хорооны хуралдааны 2016 оны 13 дугаар тэмдэглэлийн хэрэгжилт); Ай-Пи-ТВ (IPTV) үйлчилгээний зохицуулалт, зах зээлийн талаар танилцуулга; тогтоол хүчингүй болгох тухай (2012 оны 78 тоот тогтоол); байгууллагын санхүүгийн авлага, өглөгийн талаар танилцуулга; тусгай зөвшөөрлийн тухай; бусад асуудлын хүрээнд “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага” болон “Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг тогтоож, батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Уг хуралдаанаас нийт 8 тогтоолыг баталж, хорооны хуралдааны 2 тэмдэглэлийг гаргаж удирдамж чиглэлийг өгсөн болно.

Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас байгууллагын ажилтан, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг Хорооны дарга буюу Төсвийн ерөнхий менежерийн өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2012 оны 78 тоот тогтоолыг хүчингүй болгох танилцуулга, тогтоолын төслийг хуралдаанд хэлэлцүүлэв. Хуралдаанаас энэхүү асуудлыг авч хэлэлцээд, тус хорооны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 26 тоот тогтоолыг батлав. Тогтоолыг баталснаар 2013 оноос хойш инфляц 30 орчим хувиар нэмэгдсэн, хорооны ажилтнуудаас ирүүлсэн санал хүсэлтийг тус тус үндэслэн Хорооны Даргын зөвлөлөөр 2017 оны 4 сард уг асуудлыг авч хэлэлцээд, дээрх хэмжээг шинэчлэн тогтоож, Хорооны даргын тушаалаар батлаад байгаа болно.

Тус хорооны хуралдаанаар “Тусгай зөвшөөрөл олгох тухай”, “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай”, “Тусгай зөвшөөрөл сэргээх тухай”, “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” газар, хэлтсийн боловсруулсан танилцуулга, дүгнэлт болон тогтоолын төслийг авч хэлэлцэж, дээрх хэлэлцсэн 4 асуудлаар дараах тогтоолуудыг тус тус батлав. Үүнд:

  • 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот тогтоолын хавсралтаар нийт 17 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон;
  • 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 28 тоот тогтоолын хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулсан;
  • 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 29 тоот тогтоолын хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээсэн;
  • 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 30 тоот тогтоолын хавсралтаар нийт 7 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Хорооны хуралдааны 2016 оны 13 дугаар тэмдэглэлээр холбогдох бүтцийн нэгжийн төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулан өргөн нэвтрүүлэг, сувгийн зохицуулалт, төрөлжилт, зах зээлийн судалгааг гүйцэтгэж, ажлын тайлан болон цаашид хэрэгжүүлэх саналыг хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон юм. Энэхүү үүрэг, даалгаврын хэрэгжилтийн талаар Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас  уг асуудлаар бэлтгэсэн танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын талаар хуралдаанд танилцуулав. Хуралдаанаас өргөн нэвтрүүлэг, сувгийн төрөлжилт, ирүүлсэн санал хүсэлтийг шийдвэрлэх, хамрах хүрээг тогтоох талаар цаашид баримтлах зарчим, арга хэмжээ авах чиг үүрэгт хамааралгүй өргөн нэвтрүүлгийн контентын хязгаарлалтыг “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” болон бусад холбогдох нөхцөл шаардлагуудад тусгах, шаардлагатай тохиолдолд зөвлөмж гарган мөрдүүлэх, шийдвэрийн төслийг боловсруулах талаар чиглэл өгч дахин хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов.

Тус хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газраас “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага” болон “Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг тогтоож, батлах танилцуулга, шийдвэрийн төслийг тус тус боловсруулан хэлэлцүүлэв. “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг 2013 оны 16 дугаар тогтоол, 2013 оны 17 дугаар тогтоол , 2013 оны 25 дугаар тогтоол, 2015 оны 11 дүгээр тогтоол, 2015 оны 59 дүгээр тогтоол, 2017 оны 11 дүгээр тогтоолоор тус тус батлан мөрдөж байна. Түүнчлэн “Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг хорооны 2014 оны 9 дүгээр тогтоол, 2014 оны 20 дугаар тогтоол, 2014 оны 30 дугаар тогтоол, 2014 оны 54 дүгээр тогтоол, 2015 оны 18 дугаар тогтоол, 2015 оны 23 дугаар тогтоолоор батлан хүчин төгөлдөр мөрдөж ирсэн болно. Эдгээр 2 радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагын баримт бичгийг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх, тогтоолуудыг нэгтгэн нэг баримт бичиг болгох, тус хороонд хуулиар эрх олгосон заалтын томьёолол, агуулгад нийцүүлж, өөрчлөн найруулсан байна. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт, 9.1.10 дах заалт, Радио долгионы тухай хуулийн 3.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн тус хорооны хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 31 тоот тогтоолын хавсралтаар “Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг; 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 32 тоот тогтоолын хавсралтаар “Радио релейнд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага”-ыг тус тус батлан шийдвэрлэв. Эдгээр 2 тогтоолууд батлагдсантай холбогдуулан 2013 оны 16, 2013 оны 17, 2013 оны 25, 2015 оны 11, 2015 оны 59, 2017 оны 11, 2014 оны 9, 2014 оны 20, 2014 оны 30, 2014 оны 54, 2015 оны 18, 2015 оны 23 дугаар тогтоолыг тус тус  хүчингүй болгов.

Хорооны хуралдаанд байгууллагын санхүүгийн авлага, өглөгийн талаар танилцуулгыг авч хэлэлцээд, тус хорооны санхүү бүртгэл дэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, баримтаар баталгаажсан дансны авлагыг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу данснаас хасах тухай “Дансны авлага хаах тухай” 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 33 тоот тогтоолыг батлан шийдвэрлэв.

Хуралдаанд ЗБХГ, ЗЗҮТҮСГ-аас хамтран олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч (ОСДҮЭ) болон Ай-Пи-ТВ (IPTV) үйлчилгээний зохицуулалтын өнөөгийн байдал, хорооны 2016 оны 41 тоот тогтоолын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зах зээлийн судалгааны үр дүнгийн талаар танилцуулгыг хийлээ. Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээний зах зээлд интернет протоколд суурилсан Ай-Пи-ТВ үйлчилгээ эрхлэгч 3; телевизийн олон суваг (CaTV, MMDS) 44; Хиймэл дагуул (VSAT)-аар телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч 3; мобайл сүлжээгээр дамжуулах үйлчилгээ эрхлэгч 1 тус тус  байна. Тус хорооны ЗЗҮТҮСГ-ын ОСДҮЭ-чдийн зах зээлд хийсэн судалгааны дүнгээр энэ төрлийн зах зээлд шинээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн хувьд өөрийн байр сууриа олохын тулд зорилтод хэрэглэгчийн зах зээл үлдээгүй, энэ нь хөрөнгө оруулалт үр ашгийг нөхөх, Дараа үеийн шинэ дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэхэд эрсдэл учруулж байгаа талаар танилцуулсан. Одоогийн байдлаар 3 хуулийн этгээдэд интернет протоколд суурилсан телевизийн үйлчилгээ эрхлэх эрхийг олгоод байгаа бөгөөд үүнээс Мобинет ХХК тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулахаар хүсэлтээ тус хороонд мэдэгдээд байна. Хуралдаанаар Мобинет ХХК ирүүлсэн хүсэлтийг үндэслэн “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт телевизийн олон сувгийг интернет протокол ашиглан дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 30 тоот тогтоолын хавсралтад оруулан хүчингүй болгохоор шийдвэрлэв. Танилцуулгыг хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад гарсан удирдамж чиглэлийг тусгасан хуралдааны тэмдэглэл гаргалаа. Уг хуралдааны тэмдэглэлээр, Хорооны дарга болон хамаарах бүтцийн нэгжийн дарга нарт ХХМТГ-т ОСДҮЭ-чдийн зохицуулалт, зах зээл, өрсөлдөөний орчин судалгааны дэлгэрэнгүй тайлан, цаашид авах арга хэмжээний тухай, Ай-Пи-ТВ (IPTV) үйлчилгээний бодлогын чиглэлд өөрчлөлт оруулах саналыг тус тус  хүргүүлж, албан тоотоор чиглэл саналыг авах; зохицуулалтын үнэ тарифын бодлогын баримт бичгийн боловсруулалт, гүйцэтгэсэн ажлын явцын талаар дараагийн хорооны хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж тогтов.

Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү