Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон...
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн форум, хөгжлийн чуулга уулзалтанд бэлтгэх бүсийн уулзалтанд оролцлоо
2017-04-12
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн форум, хөгжлийн чуулга уулзалтанд бэлтгэх бүсийн уулзалтанд оролцлоо Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн форум, хөгжлийн чуулга уулзалтанд бэлтгэх бүсийн уулзалтанд оролцлоо

         ОУЦХБ-аас “Ази, номхон далайн бүсийн хөгжлийн форум-2017" (ITU Regional Development Forum for Asia-Pacific Region-ITU RDF-2017) болон 2017 оны 9 дүгээр сард Аргентин Улсад зохион байгуулах “Дэлхийн хөгжлийн чуулга уулзалт-2017” (ITU World Telecommunications Development Conference WTDC-2017)-д Ази, номхон далайн бүсийн бэлтгэх уулзалт (ITU ASP RPM-2017)-ыг 2017 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Индонез Улсын Бали хотноо тус тус зохион байгуулав. Эдгээр форум, чуулганд бэлтгэх бүсийн уулзалтын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны нарийн бичгийн дарга Т.Наранмандах, ОУЦХБ-ийн гишүүн 27 улс орны албаны төлөөлөгчид (Administration), Хөгжлийн товчооны гишүүн 9н байгууллага (ITU sector member), яам болон Зохицуулах байгууллага, НҮБ, АНДЭЗК, олон улсын байгууллага, шинжлэх ухаан судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид, ТББ-ийн төлөөлөгч зэрэг нийтдээ 227 зочид, төлөөлөгчид оролцлоо.

Форумын хөтөлбөрийн дагуу 4н нэгдсэн болон 2 салбар хуралдаан болж холбогдох сэдвүүдээр хэлэлцүүлэгт оролцож, ОУЦХБ-ын гишүүн Ази, номхон далайн бүсийн улс, орнуудын харилцаа холбоо, радио холбоо, мэдээллийн технологийн салбарт 2017-2018 онд тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх чиглэлийг тодорхойлж, хөтөлбөрийн богино, урт хугацааны зорилт мөн хэрэгжүүлэх төслийн агуулгыг хэлэлцэн тогтов. Форумын 3 ба 4 дүгээр салбар хуралдаанд Монгол Улсын салбарын зохицуулалт, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцож, саналаа солилцов.

Ази, номхон далайн бүсийн бэлтгэх уулзалтаар ОУЦХБ-ын 2014 онд Дубайд болсон “Дэлхийн хөгжлийн чуулга уулзалт-2014”-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилтын хэрэгжилт болон НҮБ-ийн Тогтвортой хөгжилд суурилсан Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, үр дүнгийн тайлан, ОУЦХБ-ын Бүрэн Эрхт төлөөлөгчдийн их хурал, Дэлхийн Радиогийн их хурал, Дэлхийн цахилгаан холбооны Стандартчиллын ассамблей зэрэг томоохон арга хэмжээний зорилт, хэрэгжилтийн тайлан, хүрсэн үр дүнгийн тухай (PP-2014, WRC-2015, WTSA-2016) илтгэлийг хэлэлцэн дүгнэлээ. Уулзалтаар ОУЦХБ-ын гишүүн, сектор гишүүн, олон улсын байгууллагаас ирүүлсэн 23 төсөл, саналуудыг 2 ажлын хэсэгт хуваагдан нэг бүрчлэн хэлэлцэж, Дэлхийн цахилгаан холбооны хөгжлийн чуулга уулзалтанд Ази, номхон далайн бүсээс оруулах санал зөвлөмж, ОУЦХБ-ын 2023 он хүртэл баримтлах стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, Дэлхийн хөгжлийн чуулга уулзалтаар хэлэлцэх Тунхаглал (ITU Strategic Plan 2020-2023, WTDC-2017 Declaration, Streamlining WTDC Resolution) зэрэг баримт бичгийн төслүүдэд тусгахаар шийдвэрлэсэн болно.

ОУЦХБ-ын Хөгжлийн товчооны дарга Брахима Саноу (ITU-D), Инноваци ба түншлэлийн газрын захирал Док.Ким(Доктор.), Ази номхон далайн бүсийн (ITU-ASP) захирал Коровиуки, Зүүн Азийн бүсийн ахлах зөвлөх Аврора, Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP)-ийн Мэдээлэл, холбооны хэлтсийн дарга Окуда, Азийн хөгжлийн банк, БНСУ, БНЭУ, БНХАУ, Япон, Тайланд, Киргиз зэрэг улсын төлөөлөгчид Зохицуулах байгууллагын албаны хүмүүстэй уулзаж, мэдээлэл болон бүс нутгийн хөгжлийн асуудлаар саналаа солилцон хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар уулзав.

АНДЦХБ-ын (APT) Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Ареван, Хөгжил төслийн газрын захирал Док.Парк нартай уулзаж, хоёр улсын болон байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх,   АНДЦХБ-д ХХМТГ-аас тавьсан “Интернет хувилбар-6-д шилжих” IPv6 төслийн хүсэлтийг хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах талаар санал солилцов. Мөн уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломжийн талаар АНДМСТ-ийн (APNIC) Ази, номхон далайн бүсийн хөгжлийн захирал Данкантай уулзлаа.

Улс орны хөгжлийн болон салбарын хөгжлийн бодлого боловсруулахад Засгийн газар, бодлого боловсруулагч, зохицуулах байгууллагын үүргийг тодорхой болгох, бодлого боловсруулахад бүх оролцогч талын оролцоог тэгш хангах, МХХТ-ийн улс орны нийгэм, эдийн засаг, хүний хөгжил, боловсрол, эрүүл мэндийн салбарт үзүүлэх нөлөөлөл, эерэг үр дүнг дээшлүүлэхэд ашиглах, харилцан мэдээлэл солилцох тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж, цаашид хамтран ажиллахаар тогтов.  Түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн чиг хандлагууд, инноваци болон хамтын ажиллагаанд суурилсан зохицуулалтыг хэрэгжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих хэрэгсэл болгох, босоо тогтолцоо бүхий бодлого, зохицуулалтын арга ашиглах, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, төрийн үйлчилгээг иргэдэд цахим хэлбэрээр хүргэх, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хангахад МХХТ-ийн ололтыг өргөн ашиглах, бодлого зохицуулалтын шинэ орчинд нөлөөлөх асуудлууд мөн эко тоон тогтолцоог бүрдүүлэх асуудлаар гишүүн улс, орнууд хамтран ажиллахыг зөвлөмж болголоо.