Харилцаа холбооны зохицуулах хороо нь гадаад улс орны зохицуулах байгууллагатай хоёр талын хүрээнд нягт хамтран ажилладаг билээ. Тухайлбал, БНСУ-ын Зохицуулах байгууллага-KCC болон CRMO, Сингапур улс, БНЭУ, Малайз улс, БНХАУ-ын Хонг Конгийн OFCA гэх мэт олон байгууллагатай байнгын холбоотой ажиллаж байна.
Үүний хүрээнд БНХАУ-ын Тайванийн мэдээллийн технологи, харилцаа холбооны хөгжил, техник технологийн ололт, цахим хэрэглээ, электроникийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн туршлагыг судлах талаар ярилцах болон хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, хөгжүүлэхээр Тайванийн “Мэдээллийн үйлдвэрлэлийн хүрээлэн”-гийн (Institute for Information Industry, Taiwan) дэд ерөнхийлөгч Док.Гэри Гонг 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд зочилж, тус хорооны дарга Б.Балгансүрэнтэй уулзлаа. Уулзалтын үеэр тус хүрээлэнтэй цахим засаглал, програм хангамж, контент, мэдээлэл холбооны бүх нийтийн цахим боловсрол, сургалтын орчин, шинжилгээ судалгааны зэрэг чиглэлээр харилцан туршлага судлах, Тайваньд зохион байгуулдаг урт, богино хугацааны сургалтанд хорооны ажилтнуудыг хамруулах, мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хамтарсан уулзалт, семинар, харилцан айлчлалыг зохион байгуулах зэрэг асуудлыг тус тус хөндөн ярилцав. Ийнхүү энэ удаагийн айлчлалаар хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан болно.