Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл
2016-03-29
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 2 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 2 дугаар хуралдаан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр болов. Уг ээлжит хуралдаанаар 12асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 4 тогтоолыг баталсан болно. Хорооны хуралдааны 4 тэмдэглэлээр удирдамж чиглэл, хугацаатай үүрэг даалгаврыг хорооны даргад өгсөн болно.

Харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоохдоо “Өрсөлдөөний тухай” хууль, “Харилцаа холбооны тухай” хууль, Засгийн газрын 2010 оны 298 дүгээр тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”, хорооны 2012 оны 74 дугаар тогтоолын хавсралтаар баталсан аргачлалыг тус тус үндэслэн тус хорооноос зохицуулж ирсэн болно.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сард “Өрсөлдөөний тухай”хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу   Харилцаа холбооны зохицуулах хороо нь өөрийн салбарын хэмжээнд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд холбогдох зохицуулалт хийх эрхзүйн орчин бүрдсэн. Эрх зүйн орчины энэхүү өөрчлөлтөнд салбарын зохицуулалт, аргачлалыг нийцүүлэх, боловсронгуй болгох зорилгоор “Харилцаа холбооы зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал”-ын төслийг холбогдох албанаас боловсруулсан юм. Тус хорооны хуралдаанаар  “Харилцаа холбооы зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал”-ын төслийн авч хэлэлцсэн. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дах хэсэг, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоол, тус хорооны Дүрмийн 3.2.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 07 тоот тогтоолын хавсралтаар “Харилцаа холбооы зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал”-ыг батлав. Энэхүү аргачлалын зорилго нь харилцаа холбооны зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг тогтоохдоо зүй ёсны монополь болон давамгай байдлыг үнэлэх, тогтоох үе шатууд, үйлчилгээний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлд эзлэх хувь болон төвлөрлийг тогтоох,  давамгай байдал бий болсноор зах зээлд үзүүлэх сөрөг нөлөөллийг тооцох аргачлалыг тодорхойлсон байна.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан хуучин мөрдөж байсан ХХЗХ-ны 2012 оны 74 тоот тогтоолыг хүчингүй болгов.

МТШХХГ-ын Даргын 2016 оны А/40 тоот тушаалын хавсралтаар баталсан "Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл"-ийг хэрэгжүүлэх, Монгол Улсын хэмжээнд интернетийн үйлчилгээг ижил үнэ тарифаар хүргэх нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үндсэн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн “Үйлчилгээ эрхлэгчдэд суурин өргөн зурвасын интернэтийн зориулалтаар хот хоорондын сувгийг интернэт урсгалын хамт түрээслэх үйлчилгээний тарифын дээд хязгаар”-ыг хянан тогтоох асуудлыг боловсруулан тус хорооны хуралдаанд хэлэлцүүлэв. Энэхүү асуудлыг хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, 2016 оны  3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор Монгол Улсын Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.5 дах хэсэг, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын "Суурин өргөн зурвасын интернэтийн үйлчилгээний талаар баримтлах бодлогын чиглэл"-ийг тус тус үндэслэл болгохоор  шийдвэрлэж, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн “Үйлчилгээ эрхлэгчдэд суурин өргөн зурвасын интернэтийн зориулалтаар хот хоорондын сувгийг интернэт урсгалын хамт түрээслэх үйлчилгээний тарифын дээд хязгаар”-ыг  баталсан болно. Энэхүү батлагдсан тарифын дээд хязгаарын хүрээнд холбогдох үйлчилгээний үнэ тарифыг батлан мөрдөж ажиллахыг "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-д зөвшөөрсөн болно. Ийнхүү түрээслэх үйлчилгээний үнэ тарифын дээд хязгаарт зохицуулалт хийх боломжийг нээж өгсөнөөр орон нутгийн интернэтийн хүртээмж, хэрэглэгчдийн хэрэглээ нэмэгдэх, хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд өндөр хурдны интернэтийг хямд үнээр хүргэхэд дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна. Уг тогтоол гарсантай холбогдуулан тус хорооны 2012 оны 65 дугаар тогтоолыг хүчингүй болголоо.

Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, сэргээх, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх тухай” 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09 тоот тогтоолын хавсралтаар:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн  10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн  9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 14 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1,Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 9  ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох;
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 8ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэв.

ХХЗХ-ны 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсад өгөгдлийг утасгүй сүлжээгээр түгээх технологийн зохицуулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хорооны хуралдаанаар авч хэлэлцээд, хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд хугацаандаа хэрэгжсэн, хорооны 2015 оны 68 тоот тогтоолоор “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” шинээр батлагдсантай холбогдуулан уг тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэж, хорооны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар тогтоолыг гаргасан болно.

Тус хуралдаанаар “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр орон даяар дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” болон “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах тухайн орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх, гэрээ байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтын дүнгийн тухай” Үнэлгээний хорооны дүгнэлтийг авч хэлэлцлээ. Эдгээр сонгон шалгаруулалтын үнэлгээнд дахин нарийвчлан судалгаа хийх, тодруулах асуудлууд байгаа тул хорооны хуралдаанаас шийдвэр гаргаагүй болно.

Засгийн газрын  2011 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд телевизийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцыг тоон технологид шилжүүлэх ажлыг МТШХХГ, ХХЗХ, Радио телевизийн сүлжээ УТҮГ, гүйцэтгэгч компаниуд хамтран хийж гүйцэтгэсэн. Радио телевизийн сүлжээ УТҮГ-аас нийтдээ 365 сум, суурин газрынтоон телевизийн өргөн нэвтрүүлгийн дахин дамжуулах станцаар өргөн нэвтрүүлэг дамжуулж, тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллажбайгаа бөгөөд тус газраас радио өргөн нэвтрүүлэг болон тоон телевизийг дахин дамжуулах станцын цагийн тарифыг тогтоож өгөх хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн. Иймээс  “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 25.1.1 дэх заалт, Төрийн өмчийн хорооны 2010 оны 152-р тогтоолын хавсралт “Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын дүрэм”-ийн 6.3.1 болон  8.1-р заалтууд, хорооны 2015 оны 7 тоот тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф тогтоох зөвлөмж, аргачлал”-ыг үндэслэн  Зах, зээл, үнэ тарифын албанаас боловсруулсан Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын “Телевизийн дахин дамжуулах тоон станцын тариф” тогтоох тухай  таницуулга, тогтоолын төслийг хэлэлцээд, уг асуудлаар холбогдох яам, байгууллагаас санал, дүгнэлтийг албан тоотоор авч дахин хорооны хуралдаанд хэлэлцүүлэхийг хуралдааны Тэмдэглэлээр хорооны даргад үүрэг болгов.  

Хорооны 2015 оны 35 дугаар хуралдааны Тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүргийн дагуу Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас боловсруулсан “Телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн талаар авах зарим арга хэмжээний тухай танилцуулга”-ыг хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв. Уг асуудлаар МТШХХГ-аас албан тоотоор ирүүлсэн чиглэлийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд телевизийн олон сувгийг олон цэгт түгээх үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл шинээр олгохгүй байх, холбогдох материалыг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэж үзэж,уг асуудлаар хорооны хуралдааны Тэмдэглэл гаргав.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 2 дугаар хуралдаанаар “ХХЗХ-ны 2015 оны Бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тухай” танилцуулга, тайланг Эрхзүй, мэдээлэл, захиргааны албанаас нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэв. Тус хуралдаанаас Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан “Ерөнхий менежерийн 2015 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан байгууллагын 2015 оны Бизнес төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ, заалтуудыг бүрэн хэрэгжүүлж, санхүү төсвийн гүйцэтгэлийг ханган ажилласан гэж дүгнэв.

ХХЗХ-ны даргын 2016 оны А/10 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа шалгалтад хамрагдаж байгаагүй кабелийн сувгуудад хийсэн шалгалтын тайлан дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналын тухай” асуудлыг боловсруулан хуралдаанд хэлэлцүүлэв. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж, нэр бүхий зарим хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 1 сарын хугацаагаар түр түдгэлзүүлэх, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж, тус хуралдааны 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 09 тоот тогтоолд тусган шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас “Сонгуулийн тухай хууль”-ийг 2015 оны 12 сард батлан гаргасан бөгөөд Сонгуулийн Ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ыг хамтран батлах, хэрэгжилтийг зохион байгуулахыг хуульчилсан болно. Тус хорооны хуралдаанд холбогдох албадаас “Радио телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-ын төслийг боловсруулан танилцуулсан. Журмын төслийг боловсруулах явцад “Сонгуулийн тухай хууль”-д заасан нэр томьёо, тодорхойлолт болон хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болох зарим зүйл, заалтын талаар Сонгуулийн Ерөнхий хороо зэрэг яам, байгууллагаас албан тоотоор тодруулга авч дахин боловсруулахыг ажлын хэсэгт үүрэг болгов.

Хорооны хуралдааны 2015 оны 37 дугаар тэмдэглэлээр ажлын хэсэг байгуулан зохицуулалтын баримт бичгүүдийн нэр, холбогдох заалтуудыг хүчин төгөлдөр мөрдөж байгаа баримт бичгийн ангилал, төрөлд нийцүүлэх, хамрах хүрээг шинэчилж, уялдуулах, нэмэлт өөрчлөлтийг оруулах, хүчингүй болгох саналаа танилцуулахыг үүрэг болгосон. Ажлын хэсгээс тус хуралдаанд “Зохицуулалтын баримт бичгийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”асуудлыг  боловсруулан хэлэлцүүлэв. Хуралдаанаар уг асуудал нь багтаамж ихтэй материалтай, үзэж танилцахадцаг гаргах, нарийвчлан хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, хорооны дараагийн ээлжит хуралдаанаар дахин хэлэлцэхээр тогтов.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү)