Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 21 кабелийн сувгийн үйл...
Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 21 кабелийн сувгийн үйл ажиллагаанд дахин шалгалт хийлээ
2013-04-25
Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 21 кабелийн сувгийн үйл ажиллагаанд дахин шалгалт хийлээ Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 21 кабелийн сувгийн үйл  ажиллагаанд дахин шалгалт хийлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар хамтран 2012 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нийт 44 кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хууль тогтоомжийн болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийснээс 21 кабелийн сувгийн тусгай зөвшөөрлийг 2013  оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх арга хэмжээг авсан. Шалгалтын нэгдсэн дүн, илэрсэн зөрчил дутагдлын тухай улсын байцаагчдын гаргасан дүгнэлт, техникийн хэмжилтийн дэлгэрэнгүй тайланг шалгалтанд хамрагдсан кабелийн сувгуудад тус тус хүргүүлж, авагдсан арга хэмжээнээс хамааруулан зөрчлийг арилгах тухай хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн юм.

Дээрхи хугацаанд буюу 2013 оны 2 дугаар сарын 22-ны дотор улсын байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан зөрчил дутагдлыг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч, энэ талаар хийсэн ажлын дэлгэрэнгүй тайлан мэдээллийг кабелийн сувгууд ХХЗХ-нд ирүүлсэн бөгөөд тус хорооноос зөрчлийг арилгасан эсэхийг газар дээр нь дахин хэмжилт шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Ийнхүү дээрх 21 сувагт өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд үнэлэлт өгч, нэгдсэн дүгнэлт гаргасныг тус хорооны 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ээлжит хуралдаанаар авч хэлэлцээд 5 сувгийн тусгай зөвшөөрлийг сэргээх, 7 сувагт зөрчил дутагдлыг бүрэн арилгах талаар дахин 7 сарын хугацаатай үүрэг даалгавар өгч, дахин шалгуулах нөхцөлтэйгээр тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсэн бол  үлдсэн 9 сувгийн хувьд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан бодит байдал хангалтгүй, нотлогдохгүй байна гэж үзээд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан болно.