Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдааныг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулав. Тус ээлжит хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 6 тогтоолыг баталсан болно. Хорооны хуралдааны 2 тэмдэглэлээр хугацаатай үүрэг, чиглэлийг хорооны дарга, албадын дарга нарт тус тус өглөө.
- Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 14 дүгээр хуралдааны 38 дугаар Тэмдэглэлээр Үүрэн холбооны давамгай байдалтай үйлчилгээ эрхлэгчийн ярианы үйлчилгээнд үнэ тарифийн зохицуулалт хийх талаар нарийвчлан судлах, өрсөлдөөний орчин, зах зээлд нөлөөлөх байдал, холбогдох уулзалтыг зохион байгуулан саналыг авч ажлын үр дүнг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан хорооны ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг үүрэг болгон даалгасан. Тус хороо нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд давамгайлагч үйлчилгээ эрхлэгчийн үнэ тарифыг өрсөлдөөнд харшилж байгаа эсэхэд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх эрхтэй бөгөөд салбарын эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын өгөөжийг хангах үүднээс жижиглэнгийн үнийн доод хязгаарыг нэг хэмжээнд барих зохицуулалтын бодлого, зарчмыг баримталж байна.
Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу Зохицуулах байгууллага нь хэрэглэгч зах зээлээс эрэлт хэрэгцээндээ нийцүүлэн хямд, аюулгүй, чанартай бараа авах өргөн боломжийг хангахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Тухайлбал, Давамгайлагчийн үнэ тарифыг хянахдаа Өрсөлдөөний хуулийн 7.1.4 “бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах” гэсэн заалтын дагуу холбогдох зохицуулалтыг хийж ажиллаж байна.
Хуралдааны Тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу тус хорооноос давамгай байдалтай аж ахуйн нэгжүүдийн минутын доод хязгаарыг тогтоох ажлын хүрээнд Мобиком корпораци ХХК, Юнител ХХК-тай хамтарсан уулзалтыг 2016 оны 1 дүгээр сард зохион байгуулсан (2015 онд 4 удаа уулзалт хийсэн).
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэг, “Өрсөлдөөний тухай” хуулийн 7.1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн хорооны хуралдааны 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын үүрэн телефон холбооны үйлчилгээний зах зээлд давамгайлагч үйлчилгээ эрхлэгчийн “Үүрэн телефон холбооны үйлчилгээний стандарт үнэ тарифын доод хязгаар”-ыг баталсан болно. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан тус хорооны 2007 оны 28 дугаар тогтоол, 2009 оны 63 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосон. Батлагдсан “Үүрэн телефон холбооны үйлчилгээний стандарт үнэ тарифын доод хязгаар”-ыг мөрдөн ажиллах, энэхүү доод хязгаараас хямдруулах урамшуулал, хөнгөлөлтийн хугацааг жилд 90 хоногоос хэтрүүлэхгүй байхыг үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгохоор шийдвэрлэв.
- Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-нд өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулан тус хорооны хуралдаанаар хэлэлцүүлэв. Тус хорооны 2015 оны 10 дугаар тогтоолын хавсралтаар “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-г батлан мөрдөж байсан. Хуралдаанаар уг төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3 дах заалт, Монгол Улсын “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн 4.1 дүгээр заалт, тус хорооны Дүрмийн 3.2.4 дах заалтыг тус тус үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 02 тоот тогтоолыг батлан гаргалаа.
“Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийх төлбөрийн хэмжээ”-нд өөрчлөлт оруулснаар Монгол Улсын “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хууль, “Монгол Улсад бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний баталгаажуулалтыг схемийн дагуу явуулах журам” Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 32 дугаар тогтоол, MNS ISO/IEC 17067:2014 “Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн баталгаажуулалтын үндсэн асуудал ба бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн заавар стандарт”-уудад тус тус нийцүүлээд байна.
- Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийг баталсан. Уг зохицуулалтын чиглэлийг баталснаар Монгол Улсад ДҮХХ-ны системийг нэвтрүүлэхэд үйлчилгээ эрхлэгчид болон техник, технологид тавигдах ерөнхий нөхцөл шаардлага; радио давтамж ашиглах, мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох; ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт ба зохицуулалт; радио давтамж ашиглах, үйлчилгээ эрхлэх эрхийн төлбөр, үйлчилгээний хамрах хүрээний талаар зохицуулалтыг хийх, “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн хүрээнд үүрэн холбооны Дараа үеийн систем, үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн.
“Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 заалт нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн талаар Скайтел ХХК-иас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж шүүхэд хэрэг маргаан үүсгэсэн нөхцөл байдал, ЗГХЭГ, АТГ-аас уг асуудлаар ирүүлсэн албан тоотын талаар болон 7.6 заалтыг өөрчлөх эсэх талаар 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хорооны хуралдаанаар хэлэлцэв. Хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр хорооны гишүүдийн саналаар үүрэн холбооны үйлчилгээний Мобиком корпораци ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-ний удирдлагуудыг хуралдаанд урьж оролцуулан өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдааныг зохион байгуулав. Энэ үеэр үүрэн холбооны үйлчилгээний 4 операторын удирдлагууд болон хорооны дарга, гишүүдээс Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг нэвтрүүлэх зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх, давтамжийн хуваарилалт, дахин төлөвлөлт, олгох зарчим, шилжилтийн асуудал, үүрэн холбооны 2G, 3G үйлчилгээний талаар баримталж байгаа байр суурь, зохицуулалтын чиглэлийн 7.6 заалтыг өөрчлөх зэрэг асуудлаар саналыг сонсож харилцан ярилцав. Скайтел ХХК нь ажлын хэсгийн уулзалт, талууд оролцсон цуврал уулзалт дээр зохицуулалтын чиглэлийн 7.6-д “GSM1800 технологи ашиглаж буй үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өөрсдийн GSM1800 системд ашиглаж буй радио давтамжийн зурвасаас 2х10 МГц зурвасыг энэхүү баримт бичгийн 7.1 заалтын дагуу ДҮХХ-ны системд ашиглах ба үлдсэн GSM1800 радио давтамжийн зурвасыг 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш ДҮХХ-ны системд ашиглаж болно” заалтыг оруулах саналтай байсан боловч Мобиком корпораци ХХК, Юнител ХХК нь бид 1800 МГц зурвасын 2G үйлчилгээг ойрын 5 жилд зогсоох ямар нэгэн төлөвлөгөөгүй тул энэ заалт хэт туйлширсан санаатай байна гэсэн эсрэг саналтай байсан. Эдгээр саналыг Зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрлийн хуралдаанаар хэлэлцээд 7.6 заалтыг “Үүрэн холбооны 2 дахь үеийн системд ашиглаж буй радио давтамжийн зурвасыг 2016 оноос энэхүү зохицуулалтын чиглэлийн 7.1 заалтын дагуу зөвшөөрөл авч ДҮХХ-ны системд ашиглаж болно” гэж баталсан бөгөөд энэ нь бүх үүрэн холбооны операторуудад МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар батлагдсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийн 7.1-д заасан тэгш эрхтэй, тэгш хүртээмжтэй хуваарилах үндсэн зарчмыг баримталсан болно. Гэвч зохицуулалтын чиглэлийн 7.6 заалтыг өөрчлөх талаар Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК компаниуд Скайтел ХХК-ийн гаргасан саналыг Монгол Улсад хөдөлгөөнт дараа үеийн холбооны 4G үйлчилгээг яаралтай нэвтрүүлэх үүднээс дэмжлээ. Мөн хуралдааны үеэр бодлогын чиглэлд заасан тэгш хүртээмжтэй олгох зарчмын талаар МТШХХГ-ын дарга дэлгэрэнгүй тайлбар өгч ойлголтын хувьд зөрүүтэй байсан асуудалд тодруулга өгсөн. Хорооны хуралдаан цааш үргэлжлэн дээрх өөрчлөх саналын талаар авч хэлэлцээд, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 дах заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар өөрчлөлт оруулан шийдвэрлэв. Ийнхүү Зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”-ийн 7.6 дах заалтыг “Үүрэн холбооны 2 дахь үеийн системд ашиглаж буй радио давтамжийн зурвасыг 2016 оноос энэхүү зохицуулалтын чиглэлийн 7.1 заалтын дагуу зөвшөөрөл авч ДҮХХ-ны системд ашиглаж болно” Скайтел ХХК-ийн хүсэлтээр “GSM1800 технологи ашиглаж буй үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүртэл өөрсдийн GSM1800 системд ашиглаж буй радио давтамжийн зурвасаас 2х10 МГц зурвасыг энэхүү баримт бичгийн 7.1 заалтын дагуу ДҮХХ-ны системд ашиглах ба үлдсэн GSM1800 радио давтамжийн зурвасыг 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ДҮХХ-ны системд ашиглаж болно” болгон өөрчлөлтийг оруулан баталснаар Скайтел ХХК-ийн гомдлыг тус хорооноос шийдвэрлэсэн болно.
- Хорооны хуралдааны “Тусгай зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай” 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот тогтоолын хавсралтаар:
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 8 ААН, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, , Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар нийтдээ 16 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 21 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 5 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх
- Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 6 ААН, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.
- Монгол Улсын Их Хурлын 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн чуулганаар үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх боломжийн талаарх суурь судалгааг гүйцэтгэж, Харилцаа холбооны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өргөн барьж хэлэлцүүлсэн. УИХ-аас Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 “дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэж хэрэглэгч нэг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс гарч бусад цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчид бүртгүүлэн хэрэглэгч болох үедээ одоогийн ашиглаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломж олгох үйлчилгээ.” гэж хуулийн нэр томъёоны тодорхойлолтыг, 8 дугаар зүйлийн 8.13 “Зохицуулах хороо нь хуульд заасан зарим чиг үүргээ хэрэгжүүлэхдээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болно.”, 9 дүгээр зүйлийн 9.1.13 “дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах;” гэж тус хорооны бүрэн эрхэд тус тус нэмсэн болно. Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйл Үйлчлэгчийн эрх, үүрэг гэсэн хэсэгт 25.2.9 “хэрэглэгч дугаартайгаа цахилгаан холбооны үйлчлэгч хооронд шилжих техникийн боломж бүрдүүлэх;” гэсэн өөрчлөлтийг шинээр оруулж үйлчилгээ эрхлэгчдэд үүрэгжүүлсэн юм.
Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 09 дүгээр сараас эхлэн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт, хэлэлцүүлэг, нэгдсэн танилцуулгыг зохион байгуулж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд холбогдох журам, нөхцөл шаардлага, аргачлалуудын төслийг боловсруулах, холбогдох техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан тодорхойлох, нэвтрүүлэх технологийн үйл ажиллагааг оновчтой болгох, уг төслийг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсгийг цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэгчдийн удирдлагын төлөөллийг оролцуулан Хорооны Даргын 2014 оны A/176 тоот тушаалаар байгуулан ажилласан. Уг ажлын хэсгийн анхны хурал 2014 оны 10 дугаар сарын 03-нд хуралдаж үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөг боловсруулан техник, технологийн болон эдийн засгийн тооцооллыг хийж гүйцэтгэх дэд ажлын хэсгүүдийг байгуулах шийдвэр гаргаж тус хорооны Даргын 2014 оны A/192 тоот тушаалаар техник технологийн шинэчлэл болон эдийн засгийн тооцооллыг хийж гүйцэтгэх дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажилласан. Техник технологийн дэд ажлын хэсэг 4 удаа, эдийн засгийн дэд ажлын хэсэг 3 удаа тус тус хуралдаж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний техник технологийн болон эдийн засгийн асуудлуудыг нарийвчлан тодорхойлж санал, дүгнэлтээ боловсруулсан. Дэд ажлын хэсгүүд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний ерөнхий журам”-ын төслийг боловсруулан үйлчилгээ эрхлэгчдээр хэлэлцүүлэн санал авч тусган тус хорооны 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 26 тоот тогтоолоор батлуулсан. Эдгээр дэд ажлын хэсгүүдийн тайлангаар Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг дугаартайгаа шилжих үйлчилгээний төв байгуулан нэвтрүүлэх бөгөөд уг төв нь үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчидтэй холбогдон дугаартайгаа шилжих үйлчилгээг зохион байгуулах юм. Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх суурь судалгааны тайлангаар энэ төвийн үйл ажиллагааг хариуцан ажиллах хуулийн этгээдийн талаар харьцуулсан судалгаа хийсэн бөгөөд эндээс хамгийн оновчтой, үр ашигтай 2 хувилбар болох Зохицуулах хороогоор зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллага үйл ажиллагааг эрхлэх эсхүл үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн хамтарсан компани, холбоо байгуулж үйл ажиллагаа эрхлэх гэсэн хувилбаруудаас ажлын хэсгээр хэлэлцүүлэхэд санал 2 хуваагдаж шийдвэр гаргах боломжгүй болсон. Иймд ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг тус хорооны 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар хуралдаанаар авч хэлэлцээд, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах, түүнчлэн сонгон шалгаруулалтыг ямар хууль эрх зүйн үндэслэлээр явуулах талаар тодорхойгүй байсан учраас энэ чиглэлээр мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авч хамтран ажиллах зэрэг шийдвэрүүдийг гаргасан.
Үүний дагуу үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаар мэргэжлийн хуульчидтай хамтран ажиллан хууль эрх зүйн чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээний төвд тусгай зөвшөөрөл олгохоор тусгай зөвшөөрлийн ангилалд нэмэлт, өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болно. Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр олон нийтэд зарласан юм. Монгол Улсад үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоосон боловч үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг сунгахыг хүссэн хүсэлт ирүүлсэн болно. Үнэлгээний хороо уг хүсэлтийг судалж үзээд, “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-ын баримт бичгийн 2.15.5 “Шаардлагатай гэж үзвэл захиалагч энэхүү баримт бичгийн 2.6.3-т зааснаас бусад нөхцөлөөр сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг нэг удаа сунгаж болно. Сунгасан тухай мэдэгдлийг нийт оролцогчдод хүргэнэ.” гэснийг үндэслэн сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хуанлийн 14 хоногоор сунгаж сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр болгон сунгасан. Сонгон шалгаруулалтын төсөл хүлээн авах эцсийн хугацаанд “Мобинет” ХХК, “Юпланэт” ХХК, “Ай Ти Зон” ХХК гэсэн аж ахуй нэгжүүд сонгон шалгаруулалтын төслөө ирүүлсэн болно. Үнэлгээний хороо хүлээн авсан төслүүдийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж үнэлгээ хийж дүнг нэгтгэсэн боловч, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1008 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтад оролцогч “Ай Ти Зон” ХХК-ийн Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар МТШХХГ-ын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн үлдэгдэлгүй гэсэн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03/957 тоот албан бичгийг залруулан “Ай Ти Зон” ХХК-г Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд холбогдох хууль, дүрэм журмын дагуу 2014, 2015 оны тайланг цаг хугацаанд нь баталгаажуулаагүй, төвлөрүүлэх хөрөнгийг төвлөрүүлээгүй тухай мэдэгдсэн. Үүний дагуу үнэлгээний хороо сонгон шалгаруулалтад оролцогч “Ай Ти Зон” ХХК-ийн төслийг дахин нягтлан шаардлагад нийцээгүй тендер гэж үзсэн юм. Мөн энэ хугацаанд сонгон шалгаруулалтад оролцогч “Мобинет” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сонгон шалгаруулалтаас татгалзаж байгаа тухай албан бичгээр мэдэгдсэн болно. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтад оролцогчдын зүгээс холбогдох шаардлагын дагуу ирүүлж, хүлээн авсан төслүүдийг үнэлж санал, дүгнэлтээ тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 64 тоот “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тогтоолыг батлан гаргасан бөгөөд “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт”-д шалгарсан хуулийн этгээд болох “Юпланэт” ХХК-ийн төслийг шалгарснаар тооцон, дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох шийдвэрлэсэн. Хорооны 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад шалгарсан этгээд нь шалгарсан тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор сонгон шалгаруулалтын эрхийн төлбөр төлж, гэрээ байгуулахаар тус хороонд хандах шаардлагатай байдаг. Энэ хугацаанд буюу сонгон шалгаруулалтад шалгарсан “Юпланэт” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/01 тоот албан бичгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсантай холбогдуулан тус компани нь бизнесийн гүйцэтгэлээ төлөвлөсөн хэмжээнд гүйцэтгэж чадахгүй болсноо мэдэгдээд, 2016 онд хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсвийг 3-4 дахин багасган гүйцэтгэхээр болж үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтын материалд төлөвлөн тусгасан байсан хөрөнгө оруулалтыг хийх санхүүгийн боломжгүй болсон учраас уг тусгай зөвшөөрлийг авах, тусгай зөвшөөрлийн гэрээний хэлцэлд оролцохоос татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм. “Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам”-ын 4.11.4 дэх заалтанд сонгон шалгаруулалтад шалгарсан оролцогч нь гэрээ байгуулахаас татгалзсан тохиолдолд удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн төсөл ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулахаар зохицуулалт хийсэн байна. Гэвч үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтад төслөө ирүүлсэн гурван компаниас шалгарсан “Юпланэт” ХХК нь тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулахаас албан ёсоор татгалзсан талаар тус хороонд мэдэгдсэн болно. Иймээс тус хорооны 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар үүссэн нөхцөл байдал болон “Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах ажлын хэсгийн дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх зарим арга хэмжээний санал”-ийг авч хэлэлцээд, Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 10.1.1, “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.13, тус хорооны Дүрмийн 3.2.2 дах заалт, Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулах ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 05 тоот “Тусгай зөвшөөрлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг гаргаж шийдвэрлэв. Уг тогтоолд, Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангиллын Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авч, хүсэлтээр олгох зарчмаар шийдвэрлэхээр тогтов. Энэхүү тогтоолын хавсралтаар “Дугаартайгаа шилжих үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”-ыг батлан гаргалаа.
- Хорооны 2015 оны 39 дугаар хуралдааны Тэмдэглэлээр өгсөн чиглэл, үүргийн дагуу ажлын хэсгээс боловсруулсан “Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016-2018 оны үйл ажиллагааны стратеги” баримт бичгийн төслийг цахимаар хүргүүлж, баримт бичгийн төсөлд хорооны гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн тусгаж боловсруулан тус хуралдаанд асуудлыг хэлэлцүүлэв. ХХЗХ-ны 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016-2018 оны үйл ажиллагааны стратеги” баримт бичгийг батлав. Баримт бичгийн тэргүүлэх стратеги, холбогдох зорилтуудыг жил бүрийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулах Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөнд тус тус тусган хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Б.Балгансүрэн/-д үүрэг болгов.
- Тус хорооны хуралдааны 2015 оны тайлан болон батлагдсан тогтоол шийдвэр,хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн тайланг авч хэлэлцээд, 2015 онд зохион байгуулсан хорооны 15 удаагийн ээлжит болон ээлжит бус хуралдааны 73 тогтоол, 41 удаагийн хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь хэрэгжүүлэн хангалттай сайн гүйцэтгэсэн гэж дүгнэв.
- Цаашид хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын тараах материалыг гишүүдэд хэсэгчлэн цахим хэлбэрт шилжүүлэх боломжийг судлах, холбогдох дүрэм журамд өөрчлөлт оруулах, тогтоол шийдвэр, тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явц, тайланг хагас жил, жилээр хорооны хуралдаанд тайлагнаж ажиллахыг Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга /Т.Наранмандах/-д хуралдааны Тэмдэглэлээр үүрэг болгон даалгав.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг үзнэ үү).