Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын удирдлагуудтай хийсэн уулзалт,...
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын удирдлагуудтай хийсэн уулзалт, семинарын тухай мэдээлэл
2015-12-31
Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын удирдлагуудтай хийсэн уулзалт, семинарын тухай мэдээлэл Өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын удирдлагуудтай хийсэн уулзалт, семинарын тухай мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийн байдал, мониторингийн тайлан, цаашид авах арга хэмжээний талаарх санал солилцох уулзалт, семинарыг 2015 оны 12 дугаар сарын 11,14,16-ны өдрүүдэд тус тус зохион байгуулж, өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн удирдах албан тушаалтан болон программын албаны эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.

  1. Орон нутгийн телевизүүдээс төлөөлж Орон нутгийн телевизүүдийн холбооны тэргүүн болон бүсийн төлөөллүүд оролцсон уулзалт (7 оролцогч төлөөллүүд).
  2. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевизүүд
  3. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа сувгийн үйлчилгээ эрхлэгчид (төрөлжсөн чиглэл тус бүрээр)
  • Танин мэдэхүй,
  • Мэдээ, мэдээлэл болон Нийгэм, эдийн засаг
  • Цэнгээнт, Загвар, Теле-худалдаа

Уулзалтаар дараах асуудлыг танилцуулж, харилцан санал солилцож, үйлчилгээ эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо. Үүнд:

  • Хөтөлбөрт тавигдах шаардлагуудын хувь хэмжээг тодорхойлоход нэгдсэн ойлголттой болох үүднээс хөтөлбөрт хяналт мониторинг хийхэд баримтлах зарчим, хөтөлбөрт тавигдах шаардлагуудын хувь хэмжээг тооцож байгаа аргачлал танилцуулж, нөхцөл шаардлагын хувь хэмжээ тооцох явцад Зохицуулах хороо болон үйлчилгээ эрхлэгчдийн хооронд гарч байгаа зарим зөрүүтэй ойлголт бүхий зүйл заалтуудын талаар хэлэлцэж, санал хүсэлтийг авч үзэхээр хүлээн авлаа.
  • 2015 оны 7,8,9,10, 11 дүгээр сарын  мониторингийн дүнг танилцуулав.
  • Телевиз, сувгуудын дууны түвшин харилцан адилгүй байгаа асуудлыг танилцуулж, Өргөн нэвтрүүлгийн дууны түвшинд хэмжилт хийж, үйлчилгээ эрхлэгчдэд дагаж мөрдөх заавар, зөвлөмж боловсруулах ажлын хэсгийн тайлангийн товч танилцуулга, зөвлөмж хүргүүлж байгаа талаар танилцууллаа.

Эхний өдрийн уулзалтад үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс хөтөлбөрт мониторинг хийж байгаа Максима Медиа ХХК-аас уулзалтад оролцуулж, мониторинг хэрхэн хийдэг талаар танилцуулахыг хүссэний дагуу 12 дугаар сарын 16-ны өдрийн уулзалтад Максима Медиа ХХК-аас холбогдох удирдах ажилтнуудыг оролцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Түүнчлэн Зохиогчийн эрхийг хамгаалах асуудлаар Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмч, Зохиогчийн  эрхийн  хэлтсийн дарга хатагтай Э.Мягмардорж МOSCAP (Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг) хамтын удирдлагын байгууллагын гүйцэтгэх захирал Ү. Хүрэлбаатар нар оролцож оюуны өмчийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үндсэн зорилгын нэг нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос  2016 онд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд чиглэсэн авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, зохицуулалтын арга хэмжээ, сургалт, семинарын талаар санал авч, харилцан санал солилцоход чиглэгдсэн болно.

Уулзалт, семинарын үр дүн:

Ийнхүү дээрх 4 удаагийн уулзалт, семинараар ярилцаж, цаашид шийдвэрлэхээр хэлэлцсэн асуудлууд:

  1. Телевиз, сувгуудын дууны түвшин харилцан адилгүй байгаа шалтгаан,цаашид авч хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхэд дараах санал, хүсэлтүүд ирлээ. Үүнд:
  • 2016 онд телевизүүдийн инженер, техникийн ажилтнуудад зориулсан зөвхөн 1 өдрийн сургалт зохион байгуулах бус наад зах нь 5-7 хоногийн тусгайлсан сургалт зохион байгуулахад /тодорхой төлбөртэй байж болно/ Хорооны зүгээс дэмжлэг үзүүлэх, цаашид сургалтанд хамрагдсан, чадвар бүхий инженерүүдийг магадлан итгэмжилдэг болоход дэмжиж ажиллах
  • Орон нутгийн телевизүүдийн төлөөллүүд ч инженер, техникийн ажилтнуудад тусгайлан сургалт зохион байгуулж, техникийн холболт суурилуулалт, студийн стандарт шаардлагын талаар мэдлэг чадвар эзэмшүүлэх  сургалт зохион байгуулбал үйлчилгээ эрхлэгчид хэд хэдээр хамтран инженер  техникийн ажилтнуудаа хамруулах боломжтой талаар саналаа илэрхийллээ.

Иймд ихэнх оролцогчдоос ирүүлсэн санал хүсэлтийн дагуу 2016 онд телевизийн инженер техникийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгуулахад анхаарч ажиллахаар болов.

  1. Хөтөлбөрт тавигдах шаардлагуудаас:
  • Танин мэдэхүйн сувгуудын нэг хоногийн хөтөлбөрийн нийт цагт эзлэх төрөлжсөн чиглэлийн хувийг 60 % болгосонд тухайн чиглэлээр төрөлжсөн сувгуудын зүгээс талархсанаа илэрхийлсэн. Түүнчлэн төрөлжсөн сувгуудын өглөө хөтөлбөр, мэдээ, мэдээллийн нэвтрүүлгийн ихэнх агуулга, өнгө аяс нь тухайн төрөлжсөн чиглэлд хамаарч байгааг харгалзан (тухайлбал байгаль экологийн суваг, эрүүл мэндийн сувгууд) тухайн төрөлжилтөнд нэмж тооцохоор болсныг танилцуулж, цаашид энэ зарчмыг баримтлахаар тохиролцов.
  • Байгаль экологи, эрүүл мэндийн сувгууд нь Танин мэдэхүй төрөлжсөн чиглэлийн ангилалд хамаардаг учраас эдгээр сувгууд нь тухайн төрөлжсөн чиглэлээс гадна танин мэдэхүйн бусад нэвтрүүлгүүд бэлтгэн гаргасан тохиолдолд төрөлжсөн чиглэлд нэмж тооцохоор тогтов.
  • Уулзалтын дараа мониторингийн дүнгээр зөрүүтэй буюу төрөлжсөн чиглэлд оруулж тооцож байгаа болон тооцохгүй байгаа нэвтрүүлгийн төрөл жанруудын талаар тодруулах шаардлагатай үйлчилгээ эрхлэгч нэг бүрчлэн уулзаж, нэгдсэн ойлголттой боллоо.
  • Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагын 7.36-д заасан “Зар сурталчилгааны цагаас бусад цагт нэвтрүүлж буй нэвтрүүлгийн үеэр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний баннер хэлбэрийн зар сурталчилгаа, логог дэлгэц дээр давхардуулан гаргахгүй байна.” гэсэн заалтын хэрэгжилтийг хангуулахаар хийгдэж байгаа мониторингийн дүнд зөрүүтэй ойлголт байлаа. Өөрийн хөтөлбөр, нэвтрүүлгийн сурталчилгааны лого, баннер сурталчилгаа болон  нэвтрүүлгийн үеэр тухайн нэвтрүүлэгтэй холбоотойгоор редакцтай холбоо барих утсыг гаргаж байгаа тохиолдолд зөрчилд тооцохгүй байх хүсэлтийг ихэнх үйлчилгээ эрхлэгчдээс гаргалаа. Хорооны зүгээс тухайн асуудлыг авч үзээд дээрх заалтыг илүү тодорхой болгохоор тогтов.
  • Хөтөлбөр, цагийн хуваарь зөрчиж байгаа асуудлыг хэлэлцэхэд: zuragt.mn сайтад өгсөн хөтөлбөр заримдаа алдаатай, зөрүүтэй байдгаас мониторинг алдаатай гарахад хүргэж байгаа зэргээс бүх телевиз, сувгууд хөтөлбөрөө байнга өгдөг, төлбөргүй сайт байвал илүү сайн байгаа талаар саналаа хэллээ. Эхний ээлжинд хөтөлбөр хуваарьт өөрчлөлт гарсан тохиолдолд. Зохицуулах хорооны info@crc.gov.mn хаяг руу явуулж, хувийг (cc) sainbayar@maxima.mn хаяг руу хүргүүлж байхаар тогтов.
  1. Монгол бүтээл, контентийн хөгжлийн асуудлаар .
  • Үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс бүтээл үйлдвэрлэлийг сайжруулах, хөгжүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах санал гаргасны дагуу 2016 онд энэ талаар анхаарч сургалт, семинар зохион байгуулахаар тогтов.
  1. Оюуны өмчийн асуудлаар хэлэлцсэний дагуу:
  • Оюуны өмчийн газар болон МOSCAP (Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг) хамтын удирдлагын байгууллагын дээрх эрх бүхий удирдлагуудтай хийсэн уулзалтын үр дүнгээс харахад оюуны өмчийн асуудлаар дээрх байгууллагуудтай харилцан санал солилцох, нэгдсэн ойлголтод хүрч ажиллахад мөн тусгайлсан семинар зохион байгуулж, семинарт Оюуны өмчийн газар болон холбогдох бүх нийгэмлэг, байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулж, асуудлыг хэлэлцэж, цаашдын шаардлагатай арга хэмжээг тодорхойлох нь зүйтэй гэж Хорооны зүгээс үзсэн бөгөөд телевиз, сувгуудаас ч мөн ийм арга хэмжээ, семинар зохион байгуулах шаардлагатай гэсэн санал ирүүлсэн.

Иймд дээрх байдлыг авч үзээд тус хорооны зүгээс 2016 оны 1 дүгээр улиралд Оюуны өмчийн газарт хандаж хөтөлбөр, оролцогчдын талаар нарийвчлан хэлэлцэж, оюуны өмчийн асуудлаар тусгай уулзалт, семинар зохион байгуулах ажлыг төлөвлөж шийдвэрлэхээр болов.