МТҮП нь төр, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд болон оюутан залуусын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх зорилгоор ICDL Asia олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулах “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох шалгалтандаа бүртгэж эхэллээ.
“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” олгох (ICDL) шалгалт нь олон улсын стандартын шалгуур үзүүлэлтэнд суурилсан хэрэглэгчдийн компьютерийн хэрэглээний ур чадвар, мэдлэг, практикийг үнэлдэг шалгалт юм.
Энэхүү шалгалт нь “Анхан”, “Дунд”, ”Ахисан” түвшний гурван модультай. ICDL модуль бүр хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна.
Модулийн түвшин тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай бөгөөд хүссэн хүн бүр шалгалтанд оролцох боломжтой ба өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулах боломжтой юм.
Шалгалтын бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон 99028764, 318042-113/114 /цахим шуудан: enerelt@itpark.mn/ дугаараас лавлана уу.
Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) олон улсын “Компьютерийн хэрэглээ”-ний гэрчилгээ олгох албан ёсны шалгалтын төвтэй бол Ингэснээр олон улсын шалгалтыг өөрийн орондоо зохион байгуулах хоёр дахь эрх, боломж, нөхцөлийг бүрдүүлж чадсаныг дуулгахад бахархалтай байна.
Олон улсын хэмжээнд зөвшөөрөгдсөн мэдээллийн технологийн чиглэлийн шалгалт явуулах эрх бүхий шалгалтын төв 2015 оны 4-р сарын 1-ний өдөр үйл ажиллагаагаа эхэлснээр олон улсын байгууллагаас өгсөн хоёр дахь эрх баталгаажиж байна.
МТҮП-т олгосон олон улсын хоёр дахь шалгалтын төвийн гол зорилго албан хаагч, оюутан залуус төдийгүй ахлах ангийн сурагч, компьютерийг өдөр тутмын ажил, амьдрал, сурч боловсрохдоо ашигладаг хүн бүрт “Компьютерийн хэрэглээ”-ний олон улсын түвшний шалгалтыг амжилттай хамгаалахад гүүр болж мэдлэг, ур чадвар олгох юм. Түүнчлэн олон улсад компьютерийн хэрэглээ хэрхэн үнэлэгддэг, үнэлгээний зарчим, стандарт, олон улсын шалгалтын агуулга, ач холбогдолтой танилцахаас гадна төр болон хувийн хэвшлийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадвар дээшлэх боломж ч бүрдэнэ. “Компьютерийн хэрэглээ” олгох олон улсын шалгалтын төвтэй болсон нь монгол хүн бүрт дэлхийд оюунаа үнэлүүлэх гарц дахин нэг шат дээшилсний баталгаа болох юм.
Мөн олон улсын шалгалтыг дотооддоо зардал, чирэгдэлгүй зохион байгуулж олон хүнд хүргэснээр хүний нөөцийн чадавхи дээшилж энэ хэрээр манай улсын мэдээллийн технологийн хөгжлийн цар хүрээ тэлж, монгол хүний оюун ухаан дэлхий нийтэд улам бүр хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болно. Үүний үр дүнд “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” гардагчдын тоо нэмэгдэж энэ бүхэн манайханд өгсөн олон улс дахь үнэлэмж болох билээ.
Анх “Европын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” буюу ECDL хөтөлбөр нэрээр зохиогддог байсан уг шалгалт зөвхөн Европ төдийгүй олон улсын хэмжээнд шаардлагатай болж тив дамжин хүрээгээ тэлжээ. Тиймээс үйл ажиллагааны шаардлагаар “Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ” ба ICDL болж өргөжиж чадсан байна. Өөрөөр хэлбэл нэрний хувьд ECDL буюу ICDL нь зарчмын ялгаагүй, аль аль нь адилхан хөтөлбөр хэрэгжүүлдэг аж.
“Олон улсын компьютерийн хэрэглээний гэрчилгээ”-ний шалгалт “Үндсэн”, “Стандарт”, ”Ахисан” түвшний гурван модультай. ICDL модуль бүр шалгалтаар баталгаажсан хамгийн сүүлийн үеийн мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэгийг практиктай хослуулсан агуулгыг хөтөлбөртөө тусгадаг байна. Модулийн түвшин тус бүрт гэрчилгээ олгодог давуу талтай тул “та, чи, би, бид” хэн боловч шалгалтанд оролцох боломжтой. Тиймээс өөрийгөө сорих буюу ажлын байрны шаардлагад тавигдсан компьютерийн ур чадвараа хөгжүүлж, олон улсын түвшинд үнэлүүлж, баталгаажуулах сайхан боломжийг МТҮП монголчуудад нээлттэй болгож өглөө.
ICDL-ийн “Үндсэн” модуль нь компьютерийн хэрэглээнд зайлшгүй шаардлагатай ур чадварыг баталгаажуулдаг бол “Стандарт” модуль “Үндсэн” модульд суурьлагдсан байх ба таны өдөр тутмын комьпютерийн хэрэглээний мэдлэг, ажлын байрны хэрэглээнд шаардлагатай ур чадваруудыг хөгжүүлэх боломжийг агуулдаг аж. Тухайлбал, илтгэл тавих, өгөгдлийн сан ашиглах, веб засварлах, зураг засах, төсөл боловсруулах, мэдээллийн технологийн аюулгүйн байдал хангах, онлайнаар бусадтай хамтран ажиллах гэх мэтчилэн онлайн мэдээллийг ашиглах ур чадварыг олгож, баталгаажуулах юм. Харин “Ахисан” модуль нь хамгийн өргөн хэрэглэгддэг компьютерийн дөрвөн програм дээр мэргэжлийн түвшинд ажиллаж чадах ур чадварыг олгож баталгаажуулдаг байна.
Өөрийнхөө мэдлэг, ур чадварыг зорихыг хүссэн та бүхэнд дуулгахад “Ахисан” модулийн шалгалтыг өгөхөөс өмнө ICDL-ийн “Үндсэн” болон “Стандарт” модулийг дуусгасан байх шаардлагатай. Учир нь “Ахисан” түвшний модулийн шалгалтыг давахад бүр илүү хялбар байх гэдэг үүднээс энэхүү шаардлага ч та бүхэнд тустай байх болно.