Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 7 дугаар хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болов. Уг хуралдаанаар нийт 5 асуудлыг хэлэлцэн 3 тогтоолыг баталж, хуралдааны 2 тэмдэглэлийг тус тус гарган шийдвэрлэсэн.
Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.2, 9.1.10, 12.1.1, “Радио долгионы тухай хууль-”ийн 7.1, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсгийг тус тус үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 33 тоот тогтоолоор “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэх” үйлчилгээ эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэв. Түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлэг хүргэхээр хамрах хүрээгээ өргөжүүлэх хүсэлтэй үйлчилгээ эрхлэгч нараас хүсэлт, материалыг хүлээн авах ажлыг зохион байгуулах, холбогдох журам, нөхцөл шаардлагын дагуу шийдвэрлэхээр тогтов.
Тус хорооны хуралдаанаар “Радио давтамжийн 3400-4200 МГц, 4500-4800 МГц зурваст сансрын холбооны газрын станц, дараа үеийн хөдөлгөөнт холбооны станц хооронд харилцан нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг бууруулах талаар зөвлөмж”-ийн төслийг хэлэлцэж, Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 9.1.3, тус хорооны Дүрмийн 3 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг тус тус үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаар тогтоолын хавсралтаар гишүүдийн саналыг тусган баталсан болно. Олон Улсын Радиогийн дүрмийн хавсралт-5-ын дагуу радио давтамжийн 3400-4200 МГц, 4500-4800МГц-ийн зурвасын төлөвлөлттэй нийцүүлэн Монгол Улсын радио давтамжийн үндэсний хуваарилалтын хүснэгт, төлөвлөлтийг уялдуулсан байдаг. Энэхүү зөвлөмжийг боловсруулахдаа IMT-дэвшилтэт системүүд болон Геотогтвортой тойрог замын хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээний (FSS) хооронд 3400-4200, 4500-4800 МГц зурвасуудад эдгээр системийн станцуудыг харилцан нөлөөлөлгүй байршуулах, нөлөөллийг бууруулах талаар ОУЦХБ-ын М.2109 тайланг (ITU-R M.2109) үндэс болгожээ.
Хорооны хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар тогтоолын хавсралтаар “Хиймэл дагуулын газрын станцыг радио холбооны суурин станцтай харилцан нөлөөлөлгүй байршуулах зөвлөмж”-ийг баталсан болно. Зөвлөмжийг “Газрын холбооны үйлчилгээний станцууд суурилагдсан бүс нутагт хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны системийн газрын станцуудыг байршуулах аргачилал (2005) онд ОУЦХБ-аас батлагдан гарсан SF.1707 зөвлөмжийн үндэслэн боловсруулжээ. Уг зөвлөмжөөр олон тооны газрын станцуудыг байршуулахад харилцан нөлөөллийн тооцооллыг хэрхэн хийх талаар жишээ, тайлбар ба нэг газрын станцын хүлээж авах, дамжуулах нөлөөллийн байршил дахь зайд харилцан нөлөөлөлгүй байршуулах аргачлалыг багтаасан байна. Түүнчлэн газрын холбооны суурин, хиймэл дагуулын хөдөлгөөнт бус холбооны үйлчилгээний хооронд ижил давтамжуудад харилцан нөлөөллийг хэрхэн бууруулах, хэрхэн харилцан нөлөөллөөс зайлсхийх аргуудын талаар зөвлөмж боловсруулж, жишээг үзүүлэх зорилготой юм.
Эдгээр зөвлөмжүүдийг ХХЗХ-ноос батлан мөрдүүлснээр систем хооронд давтамжийн харилцан нөлөөлөлгүй ажиллах, нөлөөллийг бууруулахад тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ үзүүлэгч нарт мэргэжил, арга зүйн ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улсын шуудангийн зах зээл дээр шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор үйлчлэгчээс үзүүлж буй үндсэн үйлчилгээний чанарын үзүүлэлтийг тодорхойлох, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг хүргэх, үйлчилгээний чанарыг хянах, үүсэх харилцааг зохицуулах зорилгоор боловсруулсан “Шуудангийн илгээмжийн бүртгэл, хяналтын хугацааны чанарыг хянах журам”-ын төслийг хорооны хуралдаанаар хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлаар хорооны гишүүдээс өгсөн удирдамж, саналын дагуу “Шуудангийн зохицуулалтын журам, нөхцөл шаардлагын талаар арга хэмжээний тухай” хорооны хуралдааны тэмдэглэл гаргаж, холбогдох албанд даалгасан болно.
ХХЗХ-ноос байгуулсан ажлын хэсгийн гүйцэтгэсэн “Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийг давамгай болон зүй ёсны монополь байдалтай эсэхийг тодорхойлох судалгаа”-ны тайланг хэлэлцээд, гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг тусгай ажиллахыг хорооны хуралдааны тэмдэглэлээр ажлын хэсэгт үүрэг болгов.
(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).