Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран жил бүр зохион байгуулдаг мэдээлэл, харилцаа холбооны салбарын ICT EXPO 2015 үзэсгэлэн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийлээ.
Жил бүр өргөжин тэлж буй мэдээлэл, харилцаа холбооны салбарын шинэлэг санаа, санаачлага, технологийн дэвшил болон түүнийг даган гарч ирж буй шинэ үйлчилгээ, шинэ төрлүүдийг иргэд, хэрэглэгчдэд танилцуулдаг энэхүү үзэсгэлэн Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Нээлтийн арга хэмжээнд ЗГХЭГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ч.Даваажамц, МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн, Мобиком корпораци ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй нар оролцож үг хэллээ.
Энэ жилийн “ICT EXPO 2015” үзэсгэлэнд салбарын 41 байгууллага өөрийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчиддээ танилцуулж байгаа бөгөөд таван өдрийн турш өдөр бүр өвөрмөц үзүүлбэртэй байх юм.
Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 94 жилийн ой, Олон улсын цахилгаан холбооны байгууллага үүсч хөгжсөний 150 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд “Бидний шийдэл хөгжлийн хурдасгуур” уриан дор зохион байгуулагдаж буй “ICT EXPO 2015” үзэсгэлэнгийн үеэр Харилцаа холбооны зохицуулах хорооноос интернетийн хурдыг шалгах боломжтой мониторингийн үйл ажиллагааг ажиллуулж эхэлж байгааг танилцуулж байна.
Интернет хэрэглэгч та бүхэн өөрийн авч буй интернетийн үйлчилгээний хурд, чанар бодит байдал дээр ямар байгааг мэдэхийг хүсвэл тус хорооноос хэрэгжүүлж буй энэхүү мониторингийн үйл ажиллагаанд өргөнөөр оролцож, http://mongolia.samknows.com/ веб сайт руу орж бүртгүүлэхийг урьж байна. Таны оролцоо Монгол Улсын интернетийн цаашдын хөгжилд хувь нэмэр болох болно. Энэ талаар мэдээллийг http://crc.gov.mn/k/2CC энд дарж авна уу.
“ICT EXPO 2015” үзэсгэлэнгийн хөтөлбөр, дэлгэрэнгүй мэдээллийг http://ictexpo2015.mn/ сайтаас авна уу.