Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Програм хангамжийн инженерчлэлийн багц үндэсний стандарт батлагдав
Програм хангамжийн инженерчлэлийн багц үндэсний стандарт батлагдав
2015-05-22

Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар иргэний нисэх, механик, үйлдвэрлэлийн техник, байгаль орчин, хөдөө аж ахуй, газар тариалан, эрүүл мэнд, мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр шинээр боловсруулсан, шинэчилсэн 23 үндэсний стандартын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ны захиалга болон санхүүжилтээр Програм хангамжийн инженерчлэл. Бичил нэгжид зориулсан програм хангамж хөгжүүлэлтийн циклийн горим. MNS ISO/IEC 29110, үндсэн 5 хэсэгтэй багц стандартуудын төслийг сонгон шалгарсан мэргэжилтнүүдийн баг олон улсын стандартын байгууллага, олон улсын цахилгаан техникийн хорооны стандартууд (ISO/IEC TR 29110-1:2011, Software engineering. Lifecycle profiles for Very Small Entities /VSEs/, Part 1: Overview; ISO/IEC 29110-2:2011, Software engineering. Lifecycle profiles for Very Small Entities /VSEs/ Part 2: Framework and taxonomy; ISO/IEC TR 29110-3:2011, Software engineering. Lifecycle profiles for Very Small Entities /VSEs/ Part 3: Assessment guide; ISO/IEC 29110-4:2011, Software engineering. Lifecycle profiles for Very Small Entities /VSEs/ Part 4: General profile group; ISO/IEC TR 29110-5-1-2:2011, Software engineering. Lifecycle profiles for Very Small Entities /VSEs/ Part 5-1-2: Management and engineering guide: Generic profile group: Basic profile)-ыг тус тус орчуулж боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд, сонгон хэрэглэх 5 үндэсний стандартаас бүрдсэн багц стандартыг баталсан.

Олон Улсын Стандартчиллын байгууллага болон олон улсын цахилгаан техникийн хорооны ISO/IEC-29110 цуврал 5 стандарт нь жижиг, дунд зэрэглэлийн програм хангамжийн компаниудын үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, өөрийн брэнд бүхий бүтээгдэхүүн гаргахад үйл ажиллагааны явцад хяналт тавих замаар жижиг, дунд програм хангамжийн компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн үндсэн зорилготой юм. Уг багц стандарт нь 1-25 хүний бүрэлдэхүүнтэй жижиг болон дунд зэрэглэлийн програм хангамжийн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эцсийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулахад зориулсан стандарт юм. Олон улсын жишгээс харахад улс орныг хөгжүүлэгч гол хүчин нь жижиг болон дунд зэрэглэлийн компаниуд байдаг бөгөөд эдгээр нь үндэсний нийт компанийн 80-90%-ийг эзэлдэг.

Тус хуралдаанаар үндэсний стандартаар баталсан Програм хангамжийн инженерчлэлийн 5 үндэсний стандарт бүхий багц стандарт нь програм хангамжийн инженерийн ерөнхий концепци болон програм хангамж боловсруулах ерөнхий процессыг тодорхойлсон. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний жижиг, дунд зэрэглэлийн програм хангамжийн компаниудын програм хангамжийн боловсруулалт, удирдлага, хөгжүүлэлтийн зэрэг үйл ажиллагааны процесс, инженерчлэл, дараалал, үнэлгээ,  бүтээгдэхүүний чанарын шалгуур болгон дагаж мөрдөх стандарт юм.

Судалгаанаас үзэхэд, Монгол Улсад нийтдээ 440 гаруй програм хангамжийн компаниуд үйл ажиллагаа явуулж байгаагаас идэвхитэй үйл ажиллагаатай 100 гаруй компани байна. Нийт програм хангамжийн компаниудын 80 гаруй хувь нь 5-30 хүний бүрэлдэхүүнтэй гэсэн судалгаа байдаг.

Монгол Улсын хувьд програм хангамжийн компаниуд нь өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй, төслөөс төслийн хооронд амь зуух маягаар оршин тогтдог, тогтмол орлого байхгүй, санхүүгийн хүндрэлтэй байдлаас гарах, бүтээгдэхүүний чанарт хяналт тавих шалгуур үзүүлэлт бүхий аргачлалтай болох эхлэлийг тавьж байна. Үндэсний програм хангамжийн компаниудад тавих шаардлагыг стандартчилах, тэдгээрийг өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн гаргахад түлхэц болохуйц шалгуур тавих, эцсийн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чухал ач холбогдолтой гэж салбарын мэргэжилтнүүд  үзэж байна.

Эдгээр багц стандартын дагуу үйл ажиллагаа явуулж, програм хангамж боловсруулж байгаа компаниудын үйлдвэрлэлийг дэмжиж, тэдгээрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлснээр  дотоод болон гадаадын зах зээл дэх хэрэглэгчдийн эрэлт, шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх боломжийг дээшлүүлэх болно. Түүнчлэн програм хангамжийн жижиг, дунд компаниудын үйл ажиллагааг ийнхүү олон улсын инженерчлэлийн түвшинд стандартчилснаар тэдгээрийн бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулах, дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний програм хангамжийн боловсруулалт, хөгжүүлэлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Дээрх нэр бүхий 5 үндэсний стандарт бүхий багц стандартыг Монгол Улсын зөвлөх инженер, МТШХХГ-ын хэлтсийн дарга Э.Бямбасүрэн, ахлах мэргэжилтэн Н.Цэвээндарь, мэргэжилтэн Док.С.Онончимэг нар боловсруулжээ.