Өргөн нэвтрүүлгийн тухай хууль 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийг батлан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Дүрмийн зорилго нь товчхондоо радио, телевизийн хөтөлбөрт хүүхдэд зохисгүй буюу
· хүүхэд залуусын сэтгэхүйд сөргөөр нөлөөлөх агуулга;
· хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан агуулга;
· гэмт хэргийн үйлдлийг нарийвчлан зааварчилсан агуулга;
· хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зориулалттай газ, цавуу, будаг шингэлэгч, бензин, ариутгалын бодисыг зориулалтын бусаар бэлтгэн боловсруулах, хэрэглэхийг харуулсан агуулга;
· хүүхдийн сэтгэхүй болон бие махбодод сөргөөр нөлөөлөх хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдийн нэвтрүүлгийн хугацаанд сурталчилсан
агуулгыг нэвтрүүлэхийг зогсоох, дээрх агуулгаас хүүхдийг хамгаалах, хүүхдийн үзэж буй хөтөлбөрийг хүүхдэд ээлтэй болгох зорилготой юм.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллаж байна. Тус зөвлөл нь хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэнтэй холбоотой иргэдээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх, радио, телевизээр хүүхдэд зохисгүй буюу насанд хүрэгчдэд зориулсан хөтөлбөр нэвтрүүлсэн тухай зөрчилд мониторингийн дүнг үндэслэн дүгнэлт гаргаж, зөвлөмж, шаардлага хүргүүлэх арга хэмжээ авч ажилладаг болно.
Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2023 оны 05 сарын 31-ний өдөр Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журамдаа Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг дундуур бүх төрлийн хийжүүлсэн ундаа, энергийн болон спортын ундаа, бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон сурталчлахгүй байх зохицуулалтыг нэмж тусгасан.
Өргөн нэвтрүүлгийн тухай хууль батлагдан гарснаар радио, телевизээр насанд хүрэгчдэд зориулсан агуулга бүхий насны ангиллын 18+ тэмдэглэгээ бүхий кино, нэвтрүүлгийг хязгаарласан хугацаанд буюу 22:00 цагаас өмнө, өдрийн цагаар, нэвтрүүлсэн зөрчлийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа нь 2018-2023 онд хийсэн хөтөлбөрийн хяналт, мониторингийн тайлан, статистикаас харагдаж байгаа юм.
Тайлбар. Радио, телевиз нь насанд хүрэгчдэд зориулсан агуулга бүхий насны ангиллын 18+ тэмдэглэгээ бүхий кино, нэвтрүүлгийг 06:00- 22:00 цагийн хооронд нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй.
Харилцаа холбооны зохицуулах хороонд 2022 онд телевизийн хөтөлбөрөөр хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэн болон хүүхдэд зориулсан хөтөлбөр хангалтгүй байгаа тухай нийт 14 гомдол ирүүлсэн ба Зөвлөлөөр гомдлыг хэлэлцэн дүгнэлт гаргаж, үйлчилгээ эрхлэгчдэд зөвлөмж хүргүүлэн ажилласан.
Гомдлыг агуулгын хувьд авч үзвэл:
2023 он гарснаас хойш хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэн тухай нийт 3 гомдол ирсэн буюу 2022 оноос буурсан үзүүлэлттэй байна.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хүүхэд, залуусыг зохисгүй агуулгаас хамгаалах зорилго тодорхой хэмжээнд хэрэгжиж байгаа нь харагдаж байна.
Иргэн та телевиз радиогоор хүүхдэд зохисгүй агуулга нэвтрүүлсэн, насны ангиллын 18+ тэмдэглэгээ бүхий кино, нэвтрүүлгийг өдрийн цагаар гаргасантай холбоотой өргөдөл гомдлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны 11 304258 дугаарт хандан шийдвэрлүүлэх боломжтой.