Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Радио, телевизүүдийн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа
Радио, телевизүүдийн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа
2024-11-21
Радио, телевизүүдийн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа Радио, телевизүүдийн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио телевизүүдийн дунд зарласан уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан радио, телевизүүдэд шагнал гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд ХХЗХ-ны дарга Г.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөрийн дарга В.Мөнгөнсүх, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал нарын хүрэлцэн ирж шагналыг гардууллаа.  

Харилцаа холбооны зохицуулах хороо өргөн нэвтрүүлгийн хөгжил, үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжих ажлын хүрээнд үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүй, хүүхдийн хоол хүнсний зөв зохистой хэрэглээ, мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаарх танин мэдэхүйн шилдэг нэвтрүүлгийн уралдааныг радио телевизүүдийн дунд зарласан.  

2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны хооронд зарласан энэхүү уралдаанд Улаанбаатар хот болон орон нутгийн 33 телевиз, 12 радио нийт 171 бүтээл нэвтрүүлэг бэлтгэн ирүүлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын 15 телевизээс 44 бүтээл, орон нутгийн 18 телевизээс 23 бүтээл, 12 радиогоос 104 бүтээл, нэвтрүүлэг бэлтгэн ирүүлж өрсөлдсөнөөс Central, NTV, ТВ8, 25-р суваг телевиз, ETV, орон нутгийн телевизүүдээс Увс аймгийн MBC телевиз, Ховд аймгийн Ховд телевиз, Дорнод аймгийн Дорнод ТВ, Архангай аймгийн AB телевиз, Дорнод аймгийн Дорнын ТВ6 телевиз, радиогоос Аялгуу ФМ 89.3, Хүүхэд радио ФМ 107.5-аас бэлтгэж ирүүлсэн бүтээл, нэвтрүүлэг тус тус шилдгээр шалгарлаа.  

Мөн манай энэхүү уралдаанд бүтээл нэвтрүүлгээ ирүүлэн идэвхтэй оролцсон Стар телевиз, ТВ9, Дрийм ТВ, Соён гэгээрүүлэгч, Гандан ТВ, Бидний цөөхөн Монголчууд, Эко, Лайв, NTN телевиз, Орхон аймгийн Эрдэнэт телевиз, Дорноговь аймгийн DTV, Хөвсгөл аймгийн Хөвсгөл телевиз, Өвөрхангай аймгийн Гэгээнтэн телевиз болон Гэр бүлийн радио ФМ 104.5, KISS ФМ 100.1, Арга бичиг ФМ 95.7, Монголчуулын радио 102.1, Эх дэлхий ФМ 107, UB radio 102.5,  Хэнтий аймгийн Цэц радио 89.1 ФМ, Дархан-Уул аймгийн Монгол тандаа зүтгэе ФМ 87.9 радиогийн хамт олонд талархал илэрхийлэв.

Уралдааныг ирүүлсэн бүтээлүүдийг радио, телевизүүдийн хөтөлбөрт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу тавьдаг монгол бүтээлийн хувь хэмжээ, үндэсний түүх, соёл уламжлал, танин мэдэхүйн болон хүүхдийн нэвтрүүлгийн цагийн шаардлагуудыг хангасан байдал, уралдааны төрөл ангилал, сэдэвт тохирсон байдал, дуу, дүрсний мэргэжлийн түвшин зэрэг үзүүлэлтүүдээр мэргэжлийн хөндлөнгийн шүүгчдийн бүрэлдэхүүн үзэж, шалгаруулсан.  

Энэхүү уралдаан нь үндэсний бүтээл үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний түүх, соёл, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, хүнсний хангамж, аюулгүй байдал тэр дундаа хүүхдийн хоол хүнсний талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой юм.