Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно”, 47.10-д “Нэр дэвшигч болон нам, эвсэл нь энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсаа энэ хуулийн 39.1-т заасан сонгуулийн сурталчилгаа дуусах хугацаанд хаана” гэж заасан.
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь “нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах”, 5 дугаар зүйлийн 5.3.3-т зааснаар “нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд ашигласан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр хүртэл хугацаанд түр хязгаарлах буюу сонгогчдод харагдахгүй болгох технологийн арга хэмжээ авах” үүрэгтэй тул 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 23:59:59 цагаас 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал холбогдох хууль болон журмын заалтуудын хэрэгжилтийг хангаж ажиллана уу.
Мөн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг хуульд заасан дээрх хугацаанд зогсоохдоо өөрийн албан ёсны цахим хуудсанд байршуулсан сонгуулийн сурталчилгаа, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48.10-д заасан нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, ярилцлагыг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл хязгаарлах арга хэмжээ авч ажиллана уу.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО